ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 17 /АР/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, засаг захиргаагаа бүрдүүлж буй Дональд Трамп Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалд 27 настай Кэролайн Ливиттийг томилох шийдвэр гаргажээ.
Нью-Хэмпшир муж улсын уугуул К.Ливитт Д.Трампын сонгуулийн кампанит ажлын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүний өмнөх засаг захиргаанд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байжээ.
Д.Трампын хэлснээр, сонгуулийн кампанит ажлын үеэр К.Ливитт “гайхамшигтай ажиллажээ”. “Кэролайн бол ухаалаг, хатуужилтай эмэгтэй бөгөөд өндөр ур чадвартай гэдгээ батлан харуулсан. Тэрбээр индэр дээрээс өөрийгөө маш сайн таниулж, Америкийн ард түмэнд бидний мессежийг хүргэхэд тусална гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Д.Трамп хэлсэн байна.
Өдгөө 27 настай К.Ливитт АНУ-ын түүхэн дэх Цагаан ордны хамгийн залуу хэвлэлийн нарийн бичгийн дарга болно. Өмнө нь, Ерөнхийлөгч Ричард Никсоны үед Рон Зиглер 29 настайдаа энэ албанд томилогдож байсан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0