sonin.mn

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /NHK/. Японы Засгийн газар хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч зэрэг шинэ үеийн технологиудыг хөгжүүлэх зорилгоор 10 их наяд иен буюу 65 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий сан байгуулахаар болжээ.  

Ерөнхий сайд Шигэрү Ишиба энэхүү хөрөнгө оруулалтын талаар даваа гарагт олон нийтэд зарласан байна. Түүний хэлснээр, Засгийн газар 2030 он хүртэлх хугацаанд хөрөнгө босгохын тулд бонд гаргаж магадгүй ажээ.




Өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд Засгийн газрын зүгээс өгч буй энэхүү амлалт нь хувийн хэвшлийнхний нэмэлт хөрөнгө оруулалтыг мөн татах төлөвтэй байна.




Ш.Ишиба хэлэхдээ, энэхүү хөтөлбөр нь ойрын 10 жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад 50 их наяд гаруй иен буюу 325 тэрбум ам.долларыг татна гэж найдаж байна гэлээ.

Засгийн газар Японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэгээ улам нэмэгдүүлсээр байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд дараагийн үеийн чип бүтээхэд зориулж 26 тэрбум орчим ам.доллар зарцуулжээ.

Гэхдээ энэ салбарт санхүүжилтийн хэрэгцээ асар их байна. Тухайлбал, 2022 онд дэвшилтэт хагас дамжуулагч үйлдвэрлэхээр байгуулагдсан Японы “Rapidus” компанид гэхэд 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ажээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг