sonin.mn

Цэргийн дүрэмт хувцсаар гоёсон цэмцгэр бүсгүй цээл сайхан хоолойгоор “Цагаан дэлт халиун” хэмээх хурдан хүлгийн тухай хийморьлог дууг уянгалуулан дуулж, ажлынхаа зүг жолоо мушгиж яваа бичлэг сошиал орчинд тавигдсан нь олон мянган хүний хандалтыг авч, эерэг сэтгэгдэл, урмын үгээр “булуулсан” байв. Тэрхүү бичлэгийн эзэн, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Мотобуудлагын батальоны II ротын соёл хүмүүжлийн зааварлагч дэслэгч М.Цэрэнпагамыг урьж ярилцсанаа уншигч танд хүргэе.


Сүүлийн үед сошиалд “Од” болоод байгаа авьяаслаг эрхэм дэслэгчийг уншигчдадаа эхлээд танилцуулъя... 

   

-Баярлалаа, би Өвөрхангай аймгийн Бүрд сум буюу Монгол орны төв цэгийн хүүхэд. Эх орныхоо төв цэгт мэндэлснээрээ бахархаж, омогшиж явдаг юм. Тэнд л тулах цэгээ, тэндээс л туулах чигээ олж өсөж өндийсөн юм болохоор онгирохоос ч арга байхгүй. Миний аав ээж эгэл жирийн малчид, би тэднийхээ отгон охин нь. Айлын бага гэдэг утгаараа нэлээд эрх танхил өссөн ч хурга ишиг хариулах, хурдны морь унах зэргээр хувьдаа оногдсон ажлыг түүртэлгүй хийчихдэг ажилсаг, хэрсүү охин байсан. Хаашаа л харна цэлийсэн уудам тал, тэр сайхан талыг эмжин урссан гол горхи, тэр сайхан талыг дүүртэл багширсан мал сүрэг, уяан дээр дүүхэлзэх хурдан хүлгүүд, зэлэн дээр мөөрөлдөх үхэр тугал, хамар цоргим саалийн үнэр гээд л монгол ахуй, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн орчинд өсөж өндийнө гэдэг гайхалтай сайхан хувь зохиол юм даа. 


Үнэхээр л нүүдэлчин монгол ахуйг нүдэнд харагдтал дүрслэн ярьж байна. Энэ чинь л бидний бусдаас ондооших гол онцлог юм шүү дээ... 


-Тэгэлгүй яах вэ. Монгол үндэстэн гэж хэн юм бэ, тэд юугаараа бусдаас ялгаатай вэ гэвэл яах аргагүй нүүдэлчин ахуй, соёл минь юм шүү дээ. Хэт их хотжих тусам л үндэсний өв соёл, зан заншил, ёс уламжлал минь аажмаар алдагдах юм шиг санагдаж, дотроо эмзэглэдэг. Тэгээд үндэсний гэсэн бүхнээ тээж үлдэхийн тулд, үрийн үрд өвлүүлж үлдээхийн тухайд би яг юу хийж чадах вэ гэж бас бодогддог шүү. 

  

Нэгэнт эх орон, үндэсний гэсэн бүхний үнэ цэний тухайд та бид хоёрын яриа хандсаных энэ сэдвээр илүү дэлгэрүүлж ярилцъя...   


-Энэ бол монгол хүн бүрийн зүрх, сэтгэлд цаг мөнхөд хадаатай байх ёстой амин сэдэв. Ялангуяа дэлхий нийтээрээ уусан нягтарших шахуу болсон өнөө цагт бид хил хязгаараа, хэл соёлоо хэрхэн хамгаалах вэ, өв уламжлал, ёс заншлаа яаж тээж үлдэх вэ, үр хойчдоо түүнийгээ хэрхэн өвлүүлэх вэ, туурга тусгаар Монгол Улсаа, газар шороогоо яаж бүрэн бүтэн, онгон дагшнаар нь авч явах вэ, үүнд би ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдэгт ухаанаа нэрж, эд эсээ шатааж амьдрах учиртай гэж би боддог. Гэхдээ хүн болгон энэ тухай зүгээр л ярьдаг, эх орноо бид алдаад, асгаад байна гэхчлэн зөвхөн ярихаас хэтрэхгүй бол тэр үнэхээр эх оронч сэтгэл мөн үү, биш үү. Энэ сэдвийн хүрээнд олон олон асуултыг хүн бүхэн өөрөөсөө асуугаад, өөртэйгөө ярилцаад үзээсэй. Наад захын жишээ та татсан тамхиныхаа ишийг газар хаячхаж байгаа бол энэ эх орноо хайрлаж байгаа хэрэг биш ээ, та хэлд ороогүй шахуу хүүхдэдээ харь хэл зааж байгаа бол эх хэл, соёлоо хамгаалж байгаа юм биш ээ, та уртын дууг сонсоод уйддаг бол өв соёлоо тээж, үргэлжлэлдээ өвлүүлж чадахгүй ээ, бүр монгол ахуйгаа гэсэн сэтгэл танд алга аа л гэсэн үг. Энэ мэтчилэнгээр хүн бүхэн дор бүрнээ эх орон, үндэсний гэсэн бүхнийхээ төлөө юу хийж байгаагаа бодоод үзээсэй гэж хэлмээр байна.  


Ер нь та энэ талаар нэлээд шүүмжлэлтэй ханддаг бололтой... 


-Би өчигдөрхөн нэг бичлэг үзлээ л дээ. “Хөдөө гарч амьдар гэнэ ээ, малнууд чинь. Та нар өөрсдөө хөдөө рүүгээ явж тэр малтайгаа амьдрахгүй юу” гэж байгаа байхгүй юу. Энэ чинь юу гэсэн хэл вэ. Үнэхээр зэвүүцэж, жигших сэтгэл төрсөн шүү. Мах иддэггүй, малаас гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүн юм болов уу даа л гэж бодсон. Мал маллаж, хөдөө амьдрахыг ер нь юу гэж ойлгоод байдаг юм бол доо. Нэг талаасаа тэр хүмүүс амьдрах гэж зүтгэж байгаа ч нөгөөтэйгөөр нүүдэлчин монгол ахуйгаа, үндэсний өв соёлоо авч үлдэх гэж хичээн жилийн дөрвөн улиралд тэнгэр царайчлан аж төрж яваа улс юм шүү дээ. Ер нь бидэнд өртөөлж ирсэн түүх, өвлөж яваа соёл уламжлал руугаа нулимж, шүлсээ үсчүүлэх эрх байхгүй. Харин ч судлан мэдэж, хайрлан хамгаалж, хүндэтгэн дээдэлж, тээж өвлүүлэх үүрэгтэй.  


Яах аргагүй үнэн. Уртын дуучны хувьд энэ үзэл бүр ч нэвт шингэж үү гэж бас бодогдож сууна...  


-Уртын дуугаа шуранхайлаад л дуулахад яах аргагүй төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ижий ааваас минь эхлээд монгол ахуй бүхэлдээ нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгддэг юм. Бас тэгээд монгол хүн гэдгээрээ омогшиж, бардамнах сэтгэл дүрэлздэг. Уртын дуунаасаа ийм торгон мэдрэмж, гүн гүнзгий ухаарлыг олдог учраас эх оронч үзэл илүү төлөвшдөг байх. 


Одоо хоёулаа яриагаа арай өөр зүгт хандуулъя. Таны бага насны дурсамж, төгссөн сургуулийн тухайд тодруулбал...  


-Би нэлээд эрх танхил өссөн ч гэлээ нэгдүгээр ангийн сурагч болоод л биеэ дааж эхэлсэн. Хөдөөгийн малчдын хүүхдүүдийн жишгээр айлд сууж, хичээл номдоо шамдана, хэрдээ таарсан ажлыг нугална, амралтын өдрүүдээр гэртээ харина. Ингэж л дунд сургуулиа дүүргэсэн. Анх 2000 онд сумынхаа дунд сургуульд элсэн орж, эрдэм ном сурах гараагаа эхэлж байлаа. Дараа жил нь Өвөрхангай аймгийн “Соёмбо” цогцолбор сургуульд шилжин суралцаж 9 дүгээр анги, үргэлжлүүлэн Төв аймгийн Баянчандмань сум дахь Монгол, Солонгосын хамтарсан Техникийн коллежийг авто засварчин мэргэжлээр төгссөн. Тэгээд их хотод хөл тавьж хэсэг хугацаанд ажиллаад 2012-2017 онд Хөгжим бүжгийн коллежийг МУАЖ Ш.Чимэдцэеэ багшийнхаа удирдлагад уртын дуучин мэргэжлээр дүүргэж урлагийн гэгээн замналаар алхаж, халуун тогоонд нь чанагдаж явна аа. Мөн 2019-2021 онд Монгол Улсын Консерваторид суралцаж магистрын зэрэг хамгаалсан. Хөгжим бүжгийн коллежид суралцаж байх хугацаандаа ханьтайгаа учирч, хүний сайн хань, гурван сайхан хүүхдийн ээж болсон. Миний ижий аав хүүхдүүдийг минь өсгөсөн болохоор хичээл завсардах, чөлөө авах ямар ч шаардлага байгаагүй. Одоо ч тэд хүүхдүүдийг минь харж асар их тус болж байгаа, азтай хүн дээ, би.  


Дуучин, тэр тусмаа уртын дуучин болох сонголтыг яаж хийсэн юм бэ? 


-Миний хувьд багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Гэхдээ Өвөрхангай аймагт суралцаж байх үед яагаад ч юм бэ дуулах боломж тэр бүр гардаггүй байв. Тэгээд Төв аймгийн Баянчандманьд иртэл сургуулийн маань 40 жилийн ой тохиож, дуу хөгжмийн багш Болдбаатар ойн концертыг найруулж таарсан. Тэгээд багш надад анх уртын дуу дуулах саналыг тавьж, “Хулст нуур” хэмээх дууг зааж өгсөн нь уртын дуунд тэгтлээ их дурлаж, урлагийн замналаар эргэлзэлгүй замнах үүд хаалгыг нээж, үндэс суурийг минь тавьж өгсөн дөө.



Ер нь Баянчандманьд суралцсан цаг хугацаа надад хөгтэй хөөртэй асар олон дурсамжийг үлдээсэн байдаг юм. Манайх авто засварын анги тул 24 хөвгүүнтэй, харин ганцхан эмэгтэй сурагч байсан нь би. Хөвгүүдээсээ дутахгүй эршүүд, нөгөө хэдтэйгээ ана мана үзнэ, их ч шартай, хэлье гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг, шударга охин байлаа. Хөгжим бүжгийн коллежид уртын дуучин мэргэжлээр элсэх боломжийг олгосон буянтан бол “Боролдой” студийн захирал С.Мягмар ах, Одончимэг эгч хоёр минь юм.



Би Монгол, Солонгосын хамтарсан Техникийн коллежийг төгсөөд дараагийн шатны сургуульд үргэлжлүүлэн суралцах уу, ажил хийх үү гэдэг хоёр сонголттой тулж, нэлээд тунгаасны эцэст ажиллах сонголтыг хийж “Мөнхийн үсэг” компанийн шинэ салбар “Эко пак” компанид ажилд орлоо. Жил орчим ажиллаад байж байтал “Боловсрол суваг” телевизийнхэн “Кино код” пороб шоу зохион байгуулах гэж байгаа тухай мэдээ сонсоод ерөөсөө л энэ шоунд ороод өөрийгөө сориод үзье гэж шийдэв. Ингээд л ажил төрлөө хаяад шуударсан. Урлаг, уран сайхан гэхээр яахаас ч буцахгүй тэмүүлдэг тийм үе байсан л даа. Тэгээд чамгүй амжилт үзүүлж шилдэг 25-д үлдчихээд л дараагийн шалгаруулалтад орох гээд бөөн хөл хөөр болсон хүн бэлтгэлээ базааж байтал нөгөө төсөл маань дампуурчихсан. За ингээд л би гэдэг хүн ажил ч үгүй, урлаг уран сайхан ч үгүй хоцорлоо. Тэгсэн харин нэг өдөр “Боролдой” студийн захирал С.Мягмар ах дуудаад “Чамд үнэхээр урлагийн замналаар явах сонирхол байна уу, тийм бол ах нь яваандаа хүссэн сургуульд нь оруулж өгье, харин чи тэр болтол манайд ажиллаж болно шүү” гэсэн санал тавьж би ч эргэлзэх юмгүй тус студид үйлчлэгчээр ажилд орлоо. Хэсэг хугацааны дараа ах, эгч хоёр маань “За миний охин ямар мэргэжилтэй болмоор байна, юу гэж бодож байна” гээд л надтай чин сэтгэлээсээ ярилцсан. Яг л аав ээж шиг минь. Тэгэхэд нь би уртын дуучин болох туйлын хүсэлтэй байгаагаа хэлсэн. Миний охин дуурийн дуучин болбол яасан юм, чамайг Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн шавь болгоё, миний сайн танил юм шүү дээ гээд л зөвлөж байлаа. Яагаад ч юм дуурийн дуучин болно гэхээр надад үнэндээ бууж өгөхгүй байсан учраас уртын дуучин болох хүсэл мөрөөдөлдөө үнэнч үлдэж, энэ сайхан ах эгчээрээ хөтлүүлэн Хөгжим бүжгийн коллежид элсэж, Ш.Чимэдцэеэ багшийнхаа шавь болсон доо. Арав хоног өдөр, шөнөгүй бэлдээд л шалгалт өгч хамгийн доод үнэлгээгээр арай ядан тэнцсэн сэн. 


Ямар ч байсан тэнцэж, Ардын жүжигчний гарын шавь болно гэдэг бахархам бөгөөд хүссэн бүхний давах даваа биш шүү дээ... 


-Тэгэлгүй яах вэ, үнэхээр мундаг багшийн шавь болж, уртын дуу дуулах тэр их арга ухаанаас нь өөрийнхөө чадлаар шанагадаж авна гэдэг их хувь зохиол. Миний багш бол шавийнхаа төлөө чин сэтгэлээ зориулдаг, алтан цагаа харамгүй хайрладаг хүн. Ялихгүй зүйл гэж хойш тавихгүй яс үзнэ дээ, харин ч нэг. Тийм ч учраас би багшийгаа өвөрмонгол шавь нараас нь харамлах сэтгэл төрөөд байдаг юм. Хэдийгээр тэд маань бидний яс махны хэлтэрхий ч гэлээ үндэсний өв уламжлал, урлаг соёл, ухаант багшийгаа харамлах сэтгэл цаанаасаа л ундардаг. 


Уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлсэн бэ? 


-Сургуулиа төгсөөд “Чанадын чанадаас” хамтлаг байгуулж уран бүтээлийн чамгүй олз омогтой ажилласны зэрэгцээ гадаад дотоодын цөөнгүй уралдаанд оролцож амжилт үзүүлсэн. Ер нь чөлөөт уран бүтээлч байхаас илүүтэйгээр мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллахыг хүсэж олон газар шалгалт өгсөн ч орон тоо байхгүй шалтгаанаар хүлээлтийн байдалтай байлаа. Яг энэ цаг мөчид надад маш гоё санал ирсэн нь мэдээж Зэвсэгт хүчний ариун эгнээнд элсэх боломж байлаа. Нэгтгэлээс минь 100 жилийн ой тохиож байгаа юм, тиймээс дуучин хэрэгтэй байна аа, чи ирж ажиллах уу гээд л санал ирсэн. Цэрэг армийн талаар ямар ч төсөөлөлгүй надад итгэж нэг эд эсээ болгож ажилд урьсан удирдлагууддаа маш их баярлаж талархаж байгаагаа энэ ташрамд хэлье. Энэ хэрээр надад асар их үүрэг хариуцлага оногдож байгаа учраас удирдлага, хамт олныхоо итгэлийг алдахгүй хичээж ажиллах болно. Маш сайхан хамт олны дунд орж, алтан соёмбоо зулайдаа залж, төрийн алба хашна гэдэг үнэхээр бахархалтай. 


Цэргийн алба хаагч байна гэдэг амаргүй. Танд хүнд хэцүү санагдах үе байсан уу? 


-Асар их хариуцлагыг л мэдэрч байгаа. Би яг юу хийх ёстой билээ, миний үүрэг юу билээ гэдгээ сайтар ухамсарлаж, алдаа мадаггүй ажиллахыг л өөртөө байнга сануулж байна. Нэг их халирч шантарсан зүйл одоогоор байхгүй дээ. Гэхдээ мэдэхгүй чадахгүйтэй нүүр тулаад амжсан. Өөрийнхөө өмнөөс өрөөлийг бас зэмлүүлээд ч авсан. Мэдээж дахиж ийм алдаа гаргахгүйг хичээнэ. Би Зэвсэгт хүчинд бүл нэмээд нэг их удалгүй нэгтгэлийнхээ 100 жилийн ойн хүрээнд Төв аймгийн найман сум, Зэвсэгт хүчний 10 гаруй ангид хамт олныхоо хамтаар тоглолтоо толилуулж явсан юм. Ингэж явахдаа л би цэргийн хүн болсондоо, тэр тусмаа нэгэн зууны түүхтэй нэгтгэлийн эд эс болсондоо талархаж, Зэвсэгт хүчнээрээ омогшиж явсан. Ер нь би талархаж амьдрах дуртай. Миний амьдралын зарчим гэх үү дээ. 


Талархаж амьдарна гэдэг хамгийн агуу зүйл гэдэг шүү дээ... 


-Намайг эрүүл саруул төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн аав ээж, 10 жилийн сурагч болохоос эхлээд л гэртээ суулгасан айлууд, надад зааж сургасан үе үеийн багш нар, намайг алхам тутамд минь дэмжиж, түшиж тулж өдий хэмжээнд хүргэсэн хүн бүхэн, надад заяасан сайн хань, сайхан үрс гээд л алхам тутамдаа учирсан бүхэндээ талархаж амьдрах дуртай, дандаа л талархах сэтгэл оргилж явдаг юм. Ер нь хүн аливаа юмсын сайн талыг олж хардаг нүдтэй байх ёстой. Бид чинь тодорхой биш цаг хугацаа, орон зайд нэг л удаа амьдарна шүү дээ.  


Ингэхэд “Цагаан дэлт халиун” хэмээх дууг дуулж, сошиалд тавих санаа хэрхэн төрсөн бэ?

 

-Энэ дууг анхлан МУГЖ Н.Отгон гуай дуулсан юм билээ. Миний хувьд радиогийн алтан фондод хадгалагдаж буй хоёр хувилбараар нь сонсож, сураад студид бичүүлсэн байсан. Тэгээд нэг өдөр ажилдаа явах замдаа дуулж цахим орчинд байршуултал маш олон хүний хандалт авсан, маш олон хүн эерэг мессежийг өгсөн нь надад бас давхар маш их хариуцлагыг үүрүүлж байна. Мэдээж дахиад ямар уран бүтээл хийх бол гээд л хүлээлт үүсгэж байгаа шүү дээ. Тиймээс үндсэн ажлынхаа хажуугаар ард түмэндээ илүү сайхан уран бүтээлүүдээр бэлэг барих юм сан гээд л асаж явна даа.  


Аливаа авьяас төрсөн нутаг ус, ижий ааваас өгөгдөлтэй байдаг гэдэг дээ. Таны гэр бүлд урлагийн хүн бий юу? 


-Би аавынхаа ааваас сайхан дуулдаг чанарыг нь, ээжийнхээ ааваас дундаршгүй их эрч хүчийг өвлөж авсан гэж боддог. Манай аав ээж ч ялгаагүй сайхан дуулна. Ах эгч нар минь надаас илүү дуулдаг даа. 


Цаг гарган ярилцсанд баярлалаа. 


-Зуун жилийн буурал түүхтэй сонинд уригдаж ярилцлага өрнүүлсэндээ маш их баяртай байна. Танай хамт олонд болон сонины үнэнч уншигчдад 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Мөн Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Шинэ оны мэндийг дэвшүүлж, ажлын амжилтыг хүсье ээ. 




Хошууч Д.МЭНДБАЯР

Эх сурвалж: "Соёмбо" сонин