sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 2.9 дэх сар дээрээ үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ-ийн мэдээлэл зарим дүгнэлт, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ярилцлага, хэлсэн үг, кремлийн пропагандист Сергей Мардан (Ключенков) нарын хэвлэлд өгсөн ярилцлага зэргээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

 

ОХУ “СВО” нэртэй дайнаа үргэлжлүүлэхээс буцахгүй. Дайн нь сульдаах залхаах цөхрөөх хэлбэрээр үргэлжлэх ба дайн явуулж байгаа арга барил, тактикийг нь шинжээд энэ улс албан ёсоор олон улсын террорист улс болж хувирлаа гэх дүгнэлт олон улсын хэмжээнд түгээмэлжиж байгаа бололтой.


Иймд ОХУ-ыг задлахаас нааш эргэж ардчилсан, эрх чөлөөт улсын статус руу буцах арга байхгүй. Тийм задралд улс орнууд далдуур бэлтгээд эхэлсэн ба Дорнод, Умард Европын, Балтийн орнууд хилээ сайтар бэхжүүлж, цэрэг армиа ч эртнээс далдуур бэлтгэж буй сурагтай. Дэлхийн III дайн гибрид хэлбэрээр эхэлчихсэн, халуун дайных нь хамгийн ноцтой голомт нь Украин гэж үзэж байна. Украин нь ганцаараа Оросыг сөрж зогсож 2.9 жил ийнхүү тогтоон бариагүй бол Европ-Атлантын орнууд дайнд ямар ч бэлтгэлгүй, Оросын нөлөө хамааралд орчихсон, хууртсан, сум, зэвсэглэлийн үйлдвэрлэлээ зогсоогоод, хүлээзнэсэн байдалтай байв.


Одоо дор дороо л ухаан орж байнга анхааруулж, сэрэмжлүүлж, Барууны эв нэгдэл хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэдэг болжээ.

 

Фронтын байдал. Орос байнга давшиж, давших тусам нь Украин няцааж, Орост маш их хохирол учруулан байлдсаар. Өдөр бүр аль хот суурин руу Оросын зүгээс довтлон ирэх, хэдий хэмжээний пуужин, бөмбөг, дроноор довтлох, түүний хор хөнөөл, Донбасс дахь хүчний тэнцвэргүй тулалдаан, буудаад сөнөөгөөд байхад үхэж дуусдаггүй орос цэрэг, техник, өдөр бүр хэдэн арваараа Орос руугаа буцдаг “Алдар суугаа бадруулан эх орноо хамгаалсан” гэх “баатар эрс”-ийн хар ууттай шарил гээд энэ хүнд нөхцөл байдлын дунд аль алин нь 2.9 жилийг үдэх гэж байна.


Украин нь энэ хугацаанд ирээдүйн Европт маш хүчирхэг, байлдаж сурсан армитай болох гэж байна. Ерөөсөө Европын батлан хамгаалахын зүг чигийг тэд заах хэмжээнд очих болов уу. Герман-украины хамтарсан дроны бүхэл бүтэн батальон байлдааны талбарт тун удахгүй очно. Дэлхийн цэрэг арми, ердийн зэвсэгийн хэтийн төлөв ч өөрчлөгдөнө. Өөрчлөлтийг Украин хэрэгжүүлнэ. Фронтын энэ их хохирол, бүтэлгүйтэл Орос оронд бүр ч хөнөөлтэй. Пригожин цэргээ аваад Москва руу хөдлөсөн ноднингийн бослогыг зам дагуух хотын ард иргэд дэмжин, арми нь ч эсэргүүцэлгүйгээр Москва орох замаа нээчихсэн байсан нь Дээд ерөнхий командлагч Путиныг маш ихээр айлгасан бол одоо Украины дайнаас эргэж ирэх цэргүүд төр эргүүлэхийг битүүхэн хүсэн хүлээсэн уур амьсгал Орост далдуур бугшиж байна. Тиймээс Путины хувьд дайныг сунжруулан, арми, цэргийнхнээ Украины фронтоос эргэж ирэх зав өгөлгүйгээр хугацаа хожих, Трамп Цагаан ордонд морилоод Украиныг дэмжихгүй гэж зарлах тэр мөчийг л хүлээх тактик хэрэглэж байх шиг байна.


Дайн хэрэв яг одоо зогсвол дайнаас ирсэн цэргүүд Путины эсрэг босох, алагдсан цэргүүдээс өнчирч үлдсэн сая сая хүн ард нэг л өдөр тэсрэх магадлал бүрдэж байна.


Саяхын Октябрийн хувьсгалын ой тэмдэглэсэнтэй холбогдуулан хилийн чанад дахь оросын сөрөг хүчнийхэн Путиныг удахгүй алуулах байх, дайныг зогсоохоос тэр маш их айдаг, яагаад гэвэл дайнаас буцаж ирэх цэргүүд 1917 оны Октябрийн хувьсгал шиг Оросын төрийг эргүүлж мэднэ гэж хэд хэдэн сошиал сайтад ярьж бичжээ. Дайнаас зугтагсад гэх үү, эсвэл ирээдүйн их хямрал задралыг урьдчилан тооцогсод гэх үү, яагаад ч юм Хятадад битүү оросууд байна гэх мэдээлэл дэлхийн мэдээллийн давалгаанд жин дарлаа.


Нэг сайтад бүр шоглож бичжээ: Газраас чулуу аваад дурын зүгт нүүлгэвэл аль нэгэн орос хүн оногдохоор байна. Оросууд асар хурдан уусаад ихэнхи нь хятадаар ус цас ярьдаг болчихжээ. Гаднаас нь харахад орос төрх нь байгаа ч, дотор хүн, оюун санаа нь нэгэнт хятад болж дуусчээ гэжээ.


“Цэргийн тусгай ажиллагаа бол хүйтэн дайнд ялагдсаныхаа өс хонзонг авч байгаа явдал юм. Энэ бол зохион байгуулалттай нээлттэй хэлбэрээр өшөө хорслоо гаргах концепц гэсэн үг. Тийм ээ, бид хүйтэн дайнд ялагдсан. Одоо өөрийгөө хуурч, өөрийгөө зөвтгөх шалтаг хайхаа болих хэрэгтэй. Бид ялагдсан. Одоо алдагдсан бүхнээ биш юм аа гэхэд бидний хувьд үнэ цэнэтэй бүхнээ эргүүлэн авах хэрэгтэй” хэмээн кремлийн улайрсан пропагандист Сергей Мардан хүлээн зөвшөөрөөд “Донбассын оршин суугчдад л туслахын тулд Путин дайныг эхлүүлсэн гэж Орост одоо болтол итгэсээр байна” хэмээн Z-пропагандист маань жүжигчин Манучаровт ярьж байгаа бичлэг сайтуудад түгжээ. Оросын энэ суртал ухуулагч дайн эхлэхэд болон дараа нь юу юу гэж ярьж байсан, Украиныг нацистуудаас чөлөөлнө.


Украинчуудыг устгаж сөнөөх хэрэгтэй, бүү хайрла гэж уриалдаг нөхөр цаашдаа Кремлийн талд дуугарвал ирээдүй хойч үеэ алж дуусах юм байна гэдгээ ойлгочих шиг болжээ. Марданы араас олон суртал нэвтрүүлэгчид явна даа. Тэд ч бас цөхрөнө.

 

Владимир Зеленский өмнөд солонгосын KBS телевизэд ярилцлага өгчээ. Тэрээр “Путин барууны болон НАТО-гийн орнуудын хариу үйлдлийг сорьж шалгаж байгаа бөгөөд үүний дараа хойд солонгосын цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэх эсэхээ шийднэ. Арван жилийн өмнө Крым дээр тийм зүйл тохиолдсон. Сэтгэл зүйн хувьд хойд солонгосын 3000, бүр 10000 цэрэг байлаа ч бидэнд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Украинд сэтгэл зүйн дарамт үзүүлнэ гэвэл тэр нь хангалтгүй. Бид хатуужсан. Ким Чен Ун бол яг Путин шигээ эрдэнэт хүний амь насыг үл тоогч. Гэхдээ энэ үйл явдал одоохондоо Путинд ашигтай. БНАСАУ-ын дайчидтай хамт Украины эсрэг тулалдах болно гэдгээ барууны орнуудад ОХУ тагнуулын шугамаар албан ёсоор нотлосон. Ойрын үед Украин нь Өмнөд Солонгост хандан их хэмжээний зэвсгийн хүсэлт тавина. Хэрэв Трамп ялалт байгуулчихаад Оростой тохиролцохын тулд Украиныг газар нутгаа өгөхийг албадна гэвэл тэр хүслийг нь бид хангах боломжгүй” гэжээ.


Будапешт хотноо хуралдсан Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад Зеленский оролцож үг хэлжээ:

 

  1. Бидэнд хангалттай тооны зэвсэг хэрэгтэй болохоос хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэх хэрэггүй.
  2. Сул дорой байдлыг илтгэх Европынхны зарим байр суурь, аль нэг улсын статусыг арилжаалж шударга ертөнцийг худалдан авч болно гэдэг хуурамч ойлголт байж болохгүй.
  3. Манай эх орны төлөө дэлхий шударга хандахыг бид хүсч, аливаа бүтээлч санал санаачилгад нээлттэй байх болно. Гэхдээ энэ дайныг зогсоохын тулд хэлэлцэх асуудлын жагсаалтад юу байх ёстой, юу байх ёсгүйг зөвхөн Украин л шийднэ.
  4. Орос нь дэлхий дэх эрх мэдлийн төлөө эхлээд Украиныг хяналтандаа байлгах, дараа нь Европын бүх улсыг хяналтандаа байлгахыг хүсч энэ дайныг өдөөсөн.
  5. Энэ дайны тооцоог Украинд биш оросуудад өгөх ёстой. Ингэснээр Балтийн орнуудаас эхлээд Балканы хойг хүртэл эргэн тойрныхоо бүх хүн ардад Орос худал мэдэгдлээ түгээж тулгаж чадахгүй.
  6. “Махчин амьтан” олз хайдаг, олсноо улам нэмж, нэхэж, цаашилж байдгийг олон улсын хууль дээдлэдэг, энэ ширээний ард сууж байгаа аливаа улс орон, ямар ч удирдагчид ойлгож ухаарах ёстой.
  7. Бид Трампыг ямар тодорхой үйлдлүүд хийж шийдвэрлэхийг хараахан хэлж чадахгүй. Гэхдээ бид Америк хүчирхэг болно гэдэг итгэж байна.
  8. Хойд Солонгос одоо үндсэндээ Европт дайн хийж байна.
  9. Энд байгаа хүмүүсийн зарим нь Украиныг Путины өмнө “буулгалт” хийлгэхийг шургуу дэмжсэн. Энэ бол Украины хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй байр суурь. Харин ч Нийт Европоороо амиа хорлохтой адил явдал болно.
  10. Путинтэй тэврэлдээд тус болохгүй. Та нарын зарим нь Путинтэй 20 жил тэврэлдсэн. Гэвч байдал улам дордсон гэжээ.


 

Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь