sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /Newsweek/. Америкийн сансар судлалын НАСА агентлагийн гараг хоорондын “Juno” станц Нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадийн гайхалтай тод зургуудыг дэлхий рүү илгээжээ. 


Эдгээр зургийг “Juno” аппарат 10 дугаар сарын сүүлчээр уг гаргийг 66 дахь удаагаа тойрон нисэх үеэрээ хоёр мегапикселийн “JumoCam” камераараа авчээ. Уг станц мөн Бархасбадийн тав дахь том дагуул болох Амальтеяд ойртож чадсан байна.


НАСА агентлаг Бархасбадийг судлах хөтөлбөрөө 2017 онд дуусгахаар төлөвлөж байсан боловч 2025 оны есдүгээр сар хүртэл сунгажээ. Эл хөтөлбөр нь “Juno” станцыг Бархасбадь гаргийн туйлын тойрог замд оруулах, уг гаргийн соронзон орныг судлах, мөн энэ гараг нь хатуу цөмтэй гэсэн таамаглалыг шалгаж баталгаажуулах зорилготой юм.  “Juno” аппаратыг 2011 онд Бархасбадь руу хөөргөсөн бөгөөд 1.7 тэрбум бээр замыг туулсныхаа дараа таван жилийн дараа 2016 онд Бархасбадь гарагт хүрсэн юм. 3.6 тонн гаруй жинтэй уг төхөөрөмж Бархасбадь гаргийг бүрхсэн зузаан үүлэн давхаргыг "нэвтлэн харж", Нарны аймгийн аварга том энэхүү хийн гаргийн үүслийн талаар илүү сайн ойлголттой болоход туслах мэдээллүүдийг Дэлхий рүү дамжуулсаар байгаа юм. Уг төхөөрөмж Бархасбадь гаргийн анхны зургийг 2016 онд дамжуулжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг