sonin.mn
  • “Тэнгэрт Аллах, газарт Гитлер”–1940 онд Сирид тархсан мусульманчуудын залбиралын үгс, уриа
  • Зөнчтэй адилтгах ганцхан хүн байна. Тэр бол Гитлер

 

Энэчлэн баримт яривал фашист үзэл санааг араб, иран мусульманчууд зөвхөн дэмжээд байсан бус үлгэр жишээ авч, үзэл санааныхаа эцэгтэй адилтгаж (Тэнгэрт Аллах, газарт Гитлер), тэнгэрийн гэсгээл зарлиг гэх шахуу авч үзэж байсан ба одоо ч тийм бололтой. Жишээ нь Саудын Арабт нацизм, ваххабизм хоёр хоёр талаасаа угталцан золгосон баримт олон буй.


Оргож очсон нацистууд ваххабитуудтай холбогдсон, шашны догмыг нь улс төр-цэргийн үзэл санаа болгон шат ахиулж өгсөн түүх буй. “Лалын жинхэнэ хамгаалагчид”-ын цэргийн сургалтын төвүүдийг СС-ийн офицерууд байгуулж өгснөөр “арабын террористууд” түүхнээ анхлан буй болжээ.

 

Сирид Вермахтын жанжин штабын хурандаа Крибль, Гестапогийн офицер Рапп нар Сирийн армийг эмхлэн зохион байгуулах ажлыг гардсан. Тэд израилийн жүүдийн эсрэг үндсэрхэг үзэлтнүүдтэй нийлэн хэд хэдэн удаа төрийн эргэлт хийхэд оролцсон ба Рапп нь  1949 онд Дамаскт цэргийнхний үймээнийг удирдаж байв. Сири дэх генерал Шишеклийн дэглэмийн үед нацистууд Сирийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэжээ. Шишеклийн дэргэд 11 нацистаас бүрдсэн цэргийн зөвлөхүүдийн бүлэг ажиллаж, арабын бүх улсыг нэгтгэх төлөвлөгөө гэдгийг боловсруулж хэрэгжүүлж байв.


Иракт 1958 онд хаант засгийг түлхэн унагасны дараа Бүгд найрамдах улсын шинэ Засгийн газарт “Бранденбург” хэмээх гитлерийн дивизийн нэг герман офицер “Жабр Омар” нэрээр Гэгээрлийн сайдаар томилогдон ажиллав. Нацист Германы тагнуулын албаны агент байсан Саддик Шаншал Үндэсний барилгажилтын сайдаар томилогдов. ХБНГУ-д хожим германы “Баадер-Майнхоф” гэх террорист байгууллага гарч ирснээр палестины террористууд тэдэнтэй хамтран ажиллах болжээ.

 

Нурж унасан Рейхийн дүрвэсэн нацистууд арабчуудыг ийнхүү цэнэглэн байсан бол ялсан СССР-ийн коммунистууд Палестины еврейчүүдийн талд эхний үед баттай зогсож байлаа. Ерөөсөө Израиль Улс байгуулна гэдэг нь анхлан Москвагаас гарсан санаа юм.


Нацистууд арабчуудыг зэвсэглэж сурган жүүдүүдийн эсрэг тулалдуулсан бол дөнгөж байгуулагдсан израилийн армид тусламжийн гараа Москва сунгажээ. Улаан арми дахь өдий төдий еврей дайчид сайн дурын цэрэг болж Израилийг зорихоор бүртгүүлж, израилийн офицерууд Зөвлөлтийн цэргийн академиудад суралцахаар түрүүчээсээ ирж байв. Чехословак, Унгараар дамжуулан зөвлөлтийн зэвсэг Израиль руу цувж, Прагад Готвальдын бригад нэрээр Израилийн батлан хамгаалахын ирээдүйн дарга нар зөвлөлт сургагчдынхаа номын дууг сонсов. Гэвч Израиль Улс социализмын замаар замнахгүй нь тодорхой болмогц нацистуудын үнэнч шавь Насерыг Зөвлөлт өөртөө татаж эхэлсэн түүхтэй. Нацизмаар тархиа угаалгасан Насерт Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол шагнамагц коммунизм руу эргэсэн гэдэг нь юу л бол? Түүний орлогч, залгамжлагч Анвар Садатын түүх шал өмнөөг өгүүлнэ. Дэлхийн II дайны үед Садат германы талд тагнуул хийж яваад баривчлагдан британийн гянданд хоригдсон, 1953 онд египетийн “Аль Мусаввар” сэтгүүлд нас барсан Гитлерт зориулан  Садатаас бичсэн захидал нийтлэгдсэн нь “Миний хайрт Гитлер ээ.


Би сэтгэл зүрхний угаас чамдаа баяр хүргэж байна. Нийтийнхний үзэж байгаагаар чи одоо дайнд ялагдаад байна. Гэвч жинхэнэ ялагч нь чи мөн. Хуучны егзөр Чөрчилль, түүний холбоотон шулмасын зулбадас хоёрын дунд чи шаантаг болон зоогдож байсан билээ” гэжээ. Гэх мэт жишээ олныг жагсааж болно.

 

Орчин үе рүү татаж ярья. Европт яг одоо бугшиж буй XXI зууны лалын экстремизм ба өнгөрсөн ХХ зууны нацизмын хоорондын адил талыг олж харж ажигласан Ришар Праскье гэж франц зүтгэлтний нэг тайлбар байна. Тэрээр Францын жүүдийн байгууллагуудын зөвлөлийн дарга явсан. Радикал исламизм, нацизм хоёр ингэж дуу дуугаа авалцах гэж дээ хэмээн шогширч ирээд л бичсэн байсан. Тэрээр Елисейн ордонд 2012 оны намар очиж, Ерөнхийлөгч Франсуа Олландад энэ үгээ хэлсэн байх ба цаадхи нь тэгтлээ шимтээгүй. Биднийг үхэл рүү хөтлөх үүрэг бүхий маш олон идэвхтэнүүдээс бүрдсэн лалын үүр хороод Франц даяар унтаж байна шүү хэмээн бүр анхааруулж байжээ.


Түүний зовлонт үгс:–Нацистууд жүүдүүдийг жоом, харх, бактер нян, хордуулагч гэж нэрлэж байсан бол өнөөдөр радикал исламистууд жүүд, христианчуудыг хамтруулаад сармагчин, гахай, илжиг, нохой гэх нь юуны ялгаа байна хэмээн Праскье асуужээ. Бусад улс үндэстнийг зоологийн үүднээс тодорхойлж үзэн ядах нь радикал үзэл онол, радикал шашны номлогчдод түгээмэл байх үзэгдэл аж. Дайсан л гэж үзсэн бол нярай балчир, өтгөс өвгөд, эр эм хамаагүй. Нацистуудын үед аж төрж, жүүдүүдийг хэрхэн хомроголож, алж талж байхыг харсан ахмад настан эдүгээ Францад (Европт) олон бий. Радикал исламизм, нацизм хоёрыг харьцуулаад ирэхтэй зэрэг тэд гайхаж зарим нь шооконд орсон. Хүн төрөлхтөний түүхэнд хийсэн ялт үйлдлээрээ нацистуудын дээр гарсан өөр “изм” байхгүй ч, араас нь яваа “изм”-ыг бид одоо харж байна. Харгислалын тоо хэмжээний тухайд бус үзэл суртлыг нь Праскье адилтгасан. Нэгэнт л дайснаа өршөөхгүй, устгаж байж салах л юм бол улс төрийн ислам, нацизм хоёр юугаар ялгаатай байх билээ. Жишээ болгож ХАМАС-ын лалын суннит жихадизмыг аваад үз. Эсвэл Хезболлагийн лалын шиит жихадизм, шүтэн бишрэгчид нь зэвсэглээд арми болчихоод одоо ямар их хөнөөл тарьж байна. Жүүдүүдийг хүйс тэмтрээд Израиль Улсыг газрын хөрснөөс арчина гэсэн тэдний үзэл суртал нацистуудаас юугаараа ялгарах вэ? Орчин үеийн антисемитизм буюу жүүдүүдийг үзэн ядал үзлийн тодорхой жишээ нь ХАМАС-ын Харти:–Цаг нь болоогүй байна. Мусульманчууд жүүдүүдийг хараахан ялаагүй байна.


Жүүдүүдийг алж эхлээгүй байна. Гэвч тэднийг мөшгөсөөр байх болно гэх нь антисемитизм нь өнөөдөр радикал исламизмын гол үзэл суртал, өнгөрсөн үед нацизмын гол үзэл суртал байсны илэрхийлэл бус уу? “2012.03.19” гэж эмгэнэлт өдөр Францын түүхнээ үлджээ.


Праскье анхааруулж байсан нь яг нотлогджээ. Алжир гаралтай франц залуу исламист Мухаммад Мера Тулуз хот дахь жүүдийн коллежийн багш, сурагчдыг буудаж хөнөөсөн өдөр. Иерусалимаас очсон явуулын нэг лам хүртэл суманд нь өртжээ. Мера нь 4 настай жүүд хүүхэд рүү тулгаж байгаад хээв нэг буудчихсныг учир шалтгааны талаас тайлбарлахад хэцүү. Тэгж яривал СС-ийн цэргүүд жүүдүүдийг алахдаа нялх үрс дээр нь тун эвгүй байдалд орж буйг Гиммлер өөрөө хүртэл ажиглаад тэмдэглэж үлдээсэн нь бий. Харин Мера аллагаараа бахархсан. Лалын сайтуудад олзуурхан бичсэн. Нацизм, радикал исламизм хоёрт яадгаа алдсан фанатик алуурчин гэж байна байхгүй тухай биш, тэд үзэл суртлаар тархиа нэвт угаалгаад хийж байгаа үйлдэл нь тэр юм. Нэг нь Аллахын нэрийн өмнөөс, нөгөө нь Фюрерийн нэрийн өмнөөс. Дүгнэж үзэхэд нацизм, радикал исламизм хоёрыг нэгтгэх гурван хүчин зүйл байна. Эхнийх нь хоёулаа жүүдүүдийг тэргүүлэх дайснаа гэж үздэг, хоёр дахь нь өршөөлгүй, хүнлэг бус, гурав дахь нь эвлэрэл байхгүй, хүлцэл тэвчил байхгүй. Энд миний дэвэргэж бичсэн мөр гэж байхгүй. Чадан ядан хөрвүүлсэн нь тэр болно.


Төгсгөлд нь ганцхан баримт оруулъя. Орчин цагийн дайны түүх гэе дээ. Израилийн хэвлэлүүд бичжээ: 2023.10.7-ноос хойш 2024.11.4-ний хооронд Газa, Ливан, Иран, Йеменээс Израиль Улс руу 26360 пуужин ба шахед харважээ. Хорин зургаан мянга!


Д.Баярхүү