sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /AP/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлаад буй Бүгд найрамдах намын гишүүн Дональд Трампад дэлхийн улс орнуудын удирдагчид, улстөрчид баяр хүргэлээ. 

Түүнд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа, Латвийн Ерөнхийлөгч Эдгарс Ринкевич, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Австрийн Канцлер Карл Нехаммер, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Рутте, Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле, Италийн Шадар сайд Маттео Сальвини нар олон нийтийн сүлжээгээр дамжуулан баяр хүргэсэн байна. 




Францын Ерөнхийлөгч Э.Макрон “энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө” Бүгд найрамдах намтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. "Трамп сонгуульд ялсан нь дэлхий дахинд маш чухал үйл явдал боллоо” хэмээн Унгарын Ерөнхий сайд В.Орбан мэдэгдсэн байна. Харин Б.Нетаньяху "Трамп Цагаан ордонд эргэн ирсэн нь түүхэн үйл явдал” гэж онцолсон бол В.Зеленский “сэтгэл хөдөлгөм үйл явдал” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Трампын шийдэмгий удирдлага дор хүчирхэг АНУ-ын эрин үе эхлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж онцлон тэмдэглээд, Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.




Австрийн Канцлер АНУ-ыг стратегийн чухал түнш хэмээн мэдэгдээд “дэлхийн нийтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа амжилттай шийдвэрлэхийн тулд Атлантын далай дамнасан харилцаагаа цаашид бэхжүүлнэ" хэмээн найдаж байгаагаа онцоллоо. 


Латвийн Ерөнхийлөгч мөн ийм итгэл найдвар тээж байгаагаа илэрхийлэв. Ноён Вучич “Серби улс тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, энх тайвны төлөө АНУ-тай үргэлжлүүлэн хамтрахад бэлэн байгааг” мэдэгдэв. Италийн шадар сайд Маттео Сальвини мэдэгдэхдээ, хууль бус цагаачлалтай тэмцэх, татварыг бууруулах, мөн "Христийн шашны үнэт зүйлс, энх тайван, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сэтгэн бодох эрх чөлөөг дахин авчрах" Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийллээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг