sonin.mn

Дэлхийн II дайн төгсгөлдөө ойртсон 1944 оны хаврын сүүлчээр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри А. Уоллес Якутск, Сибирь, Алма-Ата, Ташкент, Шиньжан-Уйгурын төв Өрөмч, Чунцин, БНМАУ-ыг зорьжээ. Түүний энэхүү аялал Ф.Рузвельтийн тусгай үүрэг гүйцэтгэгч элчийн хувиар олон асуудлыг газар дээр нь тодруулах, шийдвэрлэх чухал шаардлагатай урт хугацааны томилолт байжээ.


Хенри А.Уоллесыг Чунцин хотноо ирэхэд Дундад улсын Үндэсний Гүйцэтгэх Юаны дарга, ГЯЯ-ны сайд Сун Цзывэнь угтан авч, дараа нь генералиссимус Чан Кайшитай уулзжээ.


Энэ үеэр Рузвельтын даалгавараар нэгд, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын нэгдсэн фронтыг идэвхжүүлэх, Чан Кайши, Мао Цзедун нарын зөрчлийг намжаах, хоёрт, коммунистуудын хяналтад буй умард хэсэгт Америкийн цэргийн ажиглагчдын оролцоотой Холбоотны агаарын цэргийн бааз байгуулах, гуравт, ЗХУ-тай маргаантай асуудлаа зохицуулж, нягт хамтран ажиллах, тус улсыг Алс Дорнодын дайны ажиллагаанд түргэн оруулахын ач холбогдлыг Холбоотны нийтийн ашиг сонирхлын үүднээс ятган тайлбарлаж, мөн Хятадын хэт хөөрөгдсөн инфляцыг зогсоох талаар зөвлөлдсөн байна. Эцэст нь Уоллес Чан Кайшиг хятадын коммунистууд болон Сталинтай хамтран ажиллах талаарх хатуу байр сууриа зөөлрүүлэхийн чухлыг тэмдэглэсэн байна.


Америкийн Дэд Ерөнхийлөгч Хенри Уоллес Чунцзинаас буцах замдаа долоодугаар сарын 2-4-нд Улаанбаатарт иржээ. БНМАУ-ын бодит байдал, хоёр хөрштэйгээ хэрхэн харилцдаг шинж төлөв, түүнчлэн БНМАУ-ын Ховдын хязгаар, Шиньжаны хилийн будлианы шалтгааныг тодруулах зорилготой байжээ.


Хенри А.Уоллесын хэлмэрчээр ирсэн эрдэмтэн О.Латтиморын Монголын талаар гаргасан саналын материалд “Гадаад Монгол хэрэг дээрээ удтал тусгаар тогтнож ирсэн ба хятадууд дайны төгсгөлд монголчуудыг хүчээр дагуулж чадахгүй гэдэг нь бидний хувьд чухал баримт юм. Гэхдээ бид бодлоготой байх хэрэгтэй. Учир нь дотоод Монголын хүн ам нь монгол хэвээрээ байгаа захын нутгуудад Гадаад Монголтой нийлэх шаардлага гарах нь мэдээж. Хятад юм уу, Оростой бидний найрсаг харилцаа Монголын доторх эсрэг тэсрэг шаардлагад хөндөгдөх нь бидний сонирхлын хэрэг биш. Иймээс бидний хүсэл сонирхол бол хятадууд ба монголчууд чөлөөт ард түмний ёсоор тохиролцоонд хүрэхэд оршино. Монголын тусгаар тогтнолыг Хятад зөвшөөрнө үү, Хятадын холбоонд орохыг Монгол чөлөөтэй зөвшөөрөх үү гэдэг нь төдий л хамаатай бус. Яаж ч шийдлээ гэсэн бид Монголтой харилцаа тогтоож тэнд эдийн засгийн үйл ажиллагаа явуулах ёстой” гэсэн дүгнэлт хийжээ.


Дэд Ерөнхийлөгчийн айлчлалыг бэлтгэх комисст орж ажиллаж байсан ахмад дипломатч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд П.Шагдарсүрэнгийн дурсамжаас үзвэл ЗХУ-ын ГЯЯ-аар дамжуулан Монголын Засгийн газартай тохиролцсон ёсоор АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри А.Уоллес Улаанбаатарт иржээ.  


АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри А.Уоллесын хөлөглөсөн агаарын цэргийн хүчний “Дуглас” хэмээх онгоц Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд газардахад БНМАУ, АНУ-ын төрийн далбааг өргөсөн бөгөөд мөн тэнд ЗХУ-аас Монголд сууж буй Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч И.А.Иванов ч байлцжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн департментын хятадын мэргэжилтэн, Чyнцзинъ дахь АНУ-ын консул Жон Картер Винсет, зөвлөлт судлаач, хуульч ЗХУ-д lend lease-ийн шугамаар тусламж үзүүлэх газрын тэргүүн Жон Ньюболд Хазард, монгол хэлний орчуулагч, Дотоод Ази судлаач, Чан Кайшийн зөвлөх Оуэн Латтимор, Хенри Уоллесын туслах, цэргийн ажиглагч ахмад Кеннет Нолез, нислэгийн дарга, хурандаа Ричард Кайт нар оржээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн мэргэжлийн шинжтэй байсан нь Монголын чиглэлд онцгой ач холбогдол өгч байсныг харуулж байжээ. Хенри А.Уоллес хожим дурсахдаа “Ерөнхийлөгч намайг Оуэн Латтиморыг дагуулж явахыг ятгаад түүнийг Хятад-Оросын харилцааны талаарх дэлхийн хамгийн том мэргэжилтэн гэлээ. Хэдэн зуун жилээр тогтож ирсэн Орос-Хятадын хилийн нөхцөл байдлын талаар үнэхээр гайхаж байгаагаа Рузвельт ярив.


Тэрээр намайг хөдөө аж ахуйн мэргэжилтний хувьд хилийн хоёр талаар ямаршуухан амьдарцгааж байгааг нарийвчлан ажиглаад ирээдүйд Орос-Хятадын хооронд зөрчил мөргөлдөөн гарсан тохиолдолд үүнийг яаж зөөлрүүлэх боломж буйг судлах хэрэгтэй гэж зөвлөсөн” гэжээ.


 Маршал Х.Чойбалсан зочдод ирсэн өдөр нь Нүхтийн аманд барьсан найман ханатай гэрт зоог барьжээ. Зочид айлчлалын үеэр төв театрт “Шарай голын гурван хаан” жүжиг, “Учиртай гурван толгой” дуурь, Богд хааны зуны ордон, Чойжин ламын сүм, Гандан хийд, Сонгино дахь биокомбинат үзэж, МУИС-д зочлон монголын ард түмэн их дайны үед өөрийн их сургуультай болсонд нь баяр хүргээд эрдэм шинжилгээний зориулалттай хоёр микроскоп бэлэглэжээ. Хенри А.Уоллес долоодугаар сарын 3-ны өдөр “Үнэн” сонинд ярилцлага өгчээ. Сурвалжлагч ноён Уоллесыг “Монгол оронд морилон буугаад ямар санагдсанаа айлдаж хайрлана уу” хэмээсэнд тэрээр хэлэхдээ: “Энэ жил хэдийгээр гантай боловч Монгол Улс маш сайн бэлчээртэй нь мэдэгдэж байна. Ийм сайхан бэлчээрт малыг өсгөж болно. Монголын нийслэл Улаанбаатар хот санаснаас олон шинэ байшинтай юм байна. Өчигдөр музей, монгол үндэсний жүжиг үзсэн. Надад сонирхолтой сайхан санагдав. Энэ өдөр Сонгинын биокомбинатыг үзээд, энэ комбинат хамгийн сүүлийн үеийн сайн техник хэрэглэж буйг мэдэв. Энэ зүйлүүд нь Монгол Улсын их мандаж буйг үзүүлж байна” гэжээ. “Үнэн” сонины сурвалжлагч нь эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэн, музейн тайлбарлагч нь Бямбын Ринчен байсан ажээ.


Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсангийн дурсамжаас үзэхэд маршал Х.Чойбалсан Дэд Ерөнхийлөгчтэй хэд, хэдэн удаа уулзаж ярилцжээ. Маршал өөрийн орны түүх, тухайлан 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалын үр дүнд бүрэлдэн тогтсон Монгол Улс бол тусгаар тогтносон улс гэдгийг мэдэгджээ.


Түүнчлэн Монгол Улс Германы Фашизмын эсрэг тэмцэж байгаа ЗХУ тэргүүтэй Холбоотон гүрнүүдийн бодлогыг дэмжиж байгаа болон тус хоёр орны 1936 оны гэрээ ёсоор ЗХУ-д чадал чинээний хэрээр тусалж байгаа тухай ярьсан байна. Басхүү Монгол Улс гадаад улс, түүний дотор АНУ-тай дипломат харилцаа тогтоох эрмэлзлэлтэй байгаагаа тайлбарлажээ. Ноён Уоллесыг буцах долоодугаар сарын 4-ний өдөр Америкийн тусгаар тогтнолыг тунхагласан үндэсний баярын өдөр байсан тул Монголын талаас үдэлтийн томоохон цайллага хийсэн тухай О.Латтимор бичжээ. Тэрээр Читаг чиглэн нисчээ. АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн Монголд хийсэн богинохон айлчлал нь Ялтын гурван гүрний дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд болсон нь дараа дараагийн үйл явдлаас тодорхой болсон юм. Учир нь Холбоотон гурван гүрний удирдагчид Крымд уулзаж дайны төгсгөл, дайны дараах үеийн олон улсын асуудлаар яриа хэлэлцээ болоход ЗХУ-ын санаачилгаар Монголын тусгаар тогтнолын тухай асуудал хөндөгдөж эхлээд байсан үе байв.


Тэрээр долоодугаар сарын 5-нд Сиэттлед газардаж 8-нд аялалынхаа талаар радиогаар америкийн олон нийтэд хандаж хийсэн мэдэгдэлдээ “...Дорнод Азид зочилсон газар бүрт би өөрчлөлттэй таарч байлаа. Тэр ч байтугай дэлхийн хамгийн бөглүү хэсэг болох Монголд хүртэл энэхүү өөрчлөлт сүүлийн хорин жилд үлэмж гарчээ” гэсэн байна.


Ноён Хенри А.Уоллес долоодугаар 10-нд Ерөнхийлөгч Ф.Д.Рузвельтэд гардуулсан тайландаа “Зөв дэвшил, цэргийн бэлэн байдал, үндэсний үзлийн ухаан бодол Гадаад Монголд их байгаагийн баталгаа хангалттай байна. Зөвлөлтийн нөлөө хүчтэй ч улс төр, засаг захиргааны эрх мэдэл чадварлаг монголчуудын гарт байна. Хятадын сувернитет амархан сэргэх тухай бодол бол бүтэшгүй зүйл. Харин ч дайны дараа Өвөр Монголтой нэгдэх тухай яриа ч гарч мэдэх юм” гэжээ. О.Латтиморийн тодруулснаар тухайн үед Улаанбаатарын хүн ам зуун мянга, оросууд мянга таван зуун орчим байсан гэж тэрбээр 1945 онд Бостонд хэвлүүлсэн “Ази дахь шийдэл” бүтээлдээ бичсэн нь буй. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри Уоллес БНМАУ-д богино хугацааны томилолтоор ажилласан нь тус улсын нэр хүндийг өргөж, олон улсын эрхзүйн субьект мөнийг нотлохын хамт Алс Дорнодын олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудыг иж бүрэн шийдвэрлэхэд БНМАУ-ын status quo-г зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай болсныг илтгэн харуулж, улмаар Ялта хотноо зохиогдсон холбоотон гурван гүрний удирдагчдын дээд түвшний уулзалт, Москвад өрнөсөн Зөвлөлт-Дундадын хэлэлцээнд нэн чухал нөлөө үзүүлсэн байна. 1944 оны долоодугаар сард АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри А.Уоллес Монголд айлчлахад дагалдаж ирсэн, хожим америкийн нэрт монголч эрдэмтэн болсон Оуэн Латтимор 1949 онд туурвисан “Ази дахь шийдэл” бүтээлдээ “Монголыг гуравдагч орны статустай болгох нь Америкийн ашиг сонирхол болохсон билээ. Гэтэл энэ улс тусгаар тогтносон уу гэсэн эргэлзээ гарган Монголыг НҮБ-ын гишүүн болгохын эсрэг санал өгч алдаа хийж байна... одоо Монгол коммунистуудын захиргаатай Орос, коммунистуудын хяналттай Хятадын дунд оршиж байна. Ийм нөхцөлд Хятад, Оросын хилийн бүсэд 600 мянган хүн ам, газар нутагт нь оршиж буй энэ орны хувьд ач холбогдол өгөх нь Америкийн бодлогын хувьд давуу тал болохсон...” гэж тодорхой бичиж байжээ.


ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин