
Оросын Армийн Ерөнхий штабын генералууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан, Украины фронтын шугам дагуух хамгаалалт ойрын 2–3 сарын дотор нуран унах болно гэж амласан талаар Reuters агентлаг Кремлийн ойрын эх сурвалжуудыг эш татан мэдээллээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Путин өөрийн арми байлдааны талбарт ялалт байгуулж байгаа гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Дональд Трампын зүгээс ирүүлсэн — шинэ хориг арга хэмжээ авах тухай анхааруулсан 8 хоногийн ультиматумыг хүлээн зөвшөөрөх бодолгүй байгаа гэнэ.
Reuters-ийн мэдээлснээр, Путин Украйны дөрвөн муж — Донецк, Луганск, Херсон, Запорожье-г бүрэн эзлэх төлөвлөгөөгөө хадгалсаар байгаа бөгөөд өнгөрсөн намраас хойш гарсан хамгийн том ахиц амжилтыг тооцон, зуны довтолгоогоо зогсоох нь ямар ч утгагүй гэж үзэж байгаа ажээ.
Украины DeepState төслийн мэдээлснээр, 2025 оны долдугаар сард Оросын арми Украины 564 км² газар нутгийг эзлэн түрэмгийлсэн бөгөөд энэ нь зургаадугаар сартай бараг ижил хэмжээтэй. Энэхүү урагшлалт нь 2024 оны 11-р сараас хойших хамгийн эрчимтэй ахиц байв.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Батлан хамгаалах яам Донецкийн Часов Яр хотыг эзэлсэн гэж мэдэгдсэн. Гэвч Украины зэвсэгт хүчнүүд энэ мэдэгдлийг няцааж, тулаан үргэлжилж буйг онцолсон байна. Гэсэн ч DeepState-ийн мэдээлснээр, Оросын цэргүүд хотын зүүн ба хойд хэсгийг ихэвчлэн эзэлсэн, харин баруун ба баруун өмнөд захуудыг Украины хүчнүүд хамгаалж байгаа ажээ.
Мөн Оросын арми 2022 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа Сумын бүсэд орж ирсэн, Днепропетровскт довтолгоо эхлүүлсэн, Херсон руу бөмбөгдөлт сэргээлээ, түүнчлэн Донецкийн Покровск орчимд 110 мянган цэрэг төвлөрүүлсэн байна. Покровск бол Украины армийн чухал логистикийн төв бөгөөд Оросын генералууд 2024 оноос хойш эзлэхийг оролдсоор байгаа.
Гэхдээ энэхүү довтолгоо ОХУ-д өндөр хохиролтой гарч байгаа гэж Британи улсын тагнуулын байгууллага мэдээлэв. 2025 оны долдугаар сард Оросын арми өдөрт дунджаар 1072 цэргээ алдаж байсан гэж тооцоолжээ. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад бага боловч 2023 оны долдугаар сараас 1.8 дахин, 2022 оны долдугаар сараас 6 дахин өндөр үзүүлэлт аж.
Гэсэн ч эдгээр хохирлыг ОХУ өндөр урамшуулалтай гэрээт цэргийн элсэлтээр нөхөж байна. Бүс нутгуудаар дунджаар 1.8 сая рубль (~22,000 ам.доллар)-ын урамшуулал санал болгож байгаа бөгөөд 2025 оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд 200,000 гаруй хүн элсүүлсэн гэж Германы олон улсын аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн судлаач Янис Клюге тооцжээ.
Эдгээр тоог НАТО-гийн тагнуул ч баталж байгаа бөгөөд АНУ-ын үнэлгээгээр ОХУ сар бүр 30 мянган цэрэг элсүүлж байгаа, Европын мэдээллээр бүр 40 мянгад хүрч магадгүй гэж The Wall Street Journal-д ярьжээ.
АНУ-ын Дайны судлалын хүрээлэнгийн Орос судлалын ахлах шинжээч Жорж Барросын үзэж буйгаар, одоогийн хохирлын түвшнээр Путин дайнтай үргэлжлүүлэн 12–16 сар тэсч магадгүй гэнэ. Үүнээс цааш төсвийн санхүүжилт болон цэргийн нөөц шавхагдах магадлалтай гэж тэр дүгнэжээ.
М.Чой
Эх сурвалж: www.moscowtimes.ru
Сэтгэгдэл3
Хайран сайхан ах нар минь ингэж цуст түрэмгий лэгчид, дайны хэнээтэн, ах дүүгээ алуурчин тон уулчин болчих гэждээ,... ?!
Хайран сайхан ах нар минь ингэж цуст түрэмгий лэгчид, дайны хэнээтэн, ах дүүгээ алуурчин тон уулчин болчих гэждээ,... ?!
Путлер удаан амьдрах тутам оросын фашист арми төдийчинээ суларч доройтох болно