sonin.mn

Монголчууд социализмын үед 1956 онд Унгарт, 1968 онд Чехословакт, 1980 онд Польшид чухам юу болсныг огт мэдээгүй өнгөрсөн юм. Оросууд 1956 онд Унгарт танк оруулж ард түмний бослогыг цус урсган дарсан гэнэ лээ гэснээс өөр мэдээлэл Монголд огт байхгүй байлаа. Тэгвэл одоо 68 жилийн өмнө тэр үед Унгарт чухам юу болсныг үнэнээр нь өгүүлье. Зөвлөлтийн цэрэг Унгарыг 1945 онд бүрэн эзэлсний дараа 1947 онд Унгарын Коммунист намын удирдагч Матьяаш Ракоши төрөл бүрийн арга хэрэглэж сонгогчдын 8.5 хувийн сонгох эрхийг хасч сонгуульд орж Унгарын Коммунист нам 22.0 хувийн санал авч эхний байрт оров.


Унгарын Коммунист Нам Унгарын Социал Демократ намтай нэгдэж Унгарын Хөдөлмөрчдийн нам нэртэй болов. Ракоши сөрөг хүчний хүмүүсийг баривчилж хорих, тэдний нэр хүндийг унагах зэрэг арга хэрэглэж 1948 онд парламентад олонхи болж бараг төрийн эргэлт хийж улс даяар нэг намын дэглэм тогтоолоо.


Ракоши Сталины хүчирхийллийн аргыг хэрэглэж коммунист төр засгийг шүүмжлэх явдлыг хориглож, өөрөөр сэтгэхийг зогсоов. Удалгүй тэрУнгарын аюулаас хамгаалах яамыг байгуулж 28 000 ажилтныг тус яаманд элсүүлж 40 000 мэдээлэгчтэй болжээ. Унгарын 1 сая хүнийг хянаж 650 000 хүнийг шоронд хорьж, чөлөөтэй амьдрах эрхийг нь хассан аж. Югословын Титог дэмжсэн хэмээн Дотоодыг Хамгаалах яамны сайд Янош Кадарыг баривчлав. 1949 онд сөрөг хүчинтэй холбоотой хэмээн Хүнсний сайд Имре Надийг албан тушаалаас нь огцруулж Төв Хорооны гишүүнээс чөлөөлжээ. 1950 оны сүүлчээр Имре Надиг буцааж ХАА-н сайдаар томилсон.Удалгүй Гадаад явдлын сайд Ласло Райка болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтныг АНУ, Югославын талд тагнуул хийсэн гэсэн хуурамч ял тулгаж цаазаар авчээ. Ракоши тэргүүтэй Унгарын коммунистуудын харгис дэглэм Унгарт байрлаж байсан зөвлөлтийн 5 дивизийн 32 000 зөвлөлтийн цэргийн албан хаагчдын хүчинд тулгуурлаж байв. Мөн Унгарын бүх яам газруудад зөвлөлтийн зөвлөхүүд ажиллаж Унгар улсын хөдөө нутгийг хүчээр хамтралжуулж, үйлдвэрийн салбарыг нь нурааж байв.


Унгар улс дайны дараа Зөвлөлт улс, Чехословак, Югославт жил бүр улсын төсвийн 25.0 хувийг төлбөр болгон өгч байсан байдаг. Ийнхүү Унгарын иргэдийн амьдралын түвшин 1953 оныг 1949 онтой харьцуулвал 30.0 хувиар доош унажээ.  


Сталиныг нас барсны дараа буюу 1953 онд Унгарт Сталины бодлогыг үргэлжлүүлэх гэсэн Ракши, Лаврентия Бериягийн тавьсан хүн болох Имре Надь хоёрын хооронд намын доторхи тэмцэл нилээд хурцдав. Ракоши Унгарын Хөдөлмөрийн намын дарга хэвээр үлдсэн юм. Унгарт коммунистуудын харгислал арай зөөлөрч улс төрийн хоригдлуудыг суллаж сэхээтнүүдийг хотоос хөөх явдал буурлаа. Тариачдыг дарамтлах нь багаслаа. Ерөнхий сайд Имре Надь хүнд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлаа зогсоож хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарав.1955 онд Зөвлөлтөд Г.Маленков албан тушаалаасаа огцров. Унгарт түүний хүн гэгддэг Имре Надь бас огцров. 956 онд Зөвлөлтийн удирдагчид Унгарын Хөдөлмөрийн намын даргаар Эрне Герег томилов. Гэвч Унгарт байдал улам дордсон юм. 1956 оны 11-р сарын 6 ны өдөр Будапешт хотод Ласло Райкийг оршуулах ёслолын үеэр 100 000 иргэн жагсаж Имре Нади тэргүүтэй шинэ Засгийн газар байгуулах, зөвлөлтийн цэргийг Унгараас гаргах, чөлөөт сонгууль хийх, хөдөө аж ахуйд хувийн секторыг дэмжих зэрэг шаардлага тавив. 11-р сарын 23 ны өглөө Унгар дахь Зөвлөлтийн Элчин сайд Юрий Андропов Москва руу хандаж “Унгарын эсэргүүцлийн жагсаал цуглаан гудамжинд гарлаа. Унгарын нөхдүүд яаж ч чадахгүй байна. Иймд тэдэнд тусламж хэрэгтэй байна”гэсэн цахилгаан явуулжээ.


11-р сарын 6 ны өдрийн 15 цагт 200 000 жагсагчид Будапешт хотод байсан Сталины хөшөөг нурааж, Радио хороог эзлэхийг оролдов. Аюулаас хамгаалахын ажилтнууд жагсагчдын хооронд буудалцаан болов. Тэр шөнө Унгарын хөдөлмөрийн нам Имре Надиг намдаа дахин сэргээн элсүүлэн авч Ерөнхий сайдаар томилох шийдвэр гаргасан юм.


Шөнө дундад Унгарт байрлаж байсан зөвлөлтийн армийн тусгай корпус Зөвлөлтийн Армийн Жанжин штабын дарга В. Соколовскийн тушаалаар Будапешт хотод орох болов. Өглөөний 06 цагт босогчид зэвсгийн агуулах, сумны завод, баруун вокзалийг эзэлж цаашид Засгийн газрын байрыг эзлэхээр зэхэж байлаа. Босогчид өглөөний 9 цагт радио хороог эзлэв. Улс орны байдал хүнд болсон тул үдийн 14 цагт шинэ Ерөнхий сайд Имре Надь ард түмэндээ хандаж “Цаашид цус урсгахгүйн тулд 14 цагт тэмцлээ зогсоож зэвсгээ хураалгана уу. Зэвсгээ хураалгасан хүмүүсийг Онцгой байдлын Шүүхэд өгөхгүй. Одоо бидний гол зорилт бол байдлыг тогтвортой болгож дараа нь бүх асуудлаа та нартай хамт шийдэх болно. Унгарын засгийн газар болон ард түмэн нэг л зүйлийг хүсэж байгаа.” гэсэн мэдэгдэл хийлээ.


Имре Нади гэр бүлийн хамт. 1938 он


Яг тэр үед зөвлөлтийн Коммунист Намын Төв Хорооны төлөөлөгч А.Микоян, М.Суслов , зөвлөлтийн КГБ-ын дарга И. Серов нар Будапешт хотод хүрэлцэн ирэв. Тэд Унгарын ард түмнийг Унгарын шинэ Засгийн газар номхотгож чадна хэмээн бодож байлаа. Удалгүй Австри-Унгарын хил дээрхи хилийн хяналтын цэг ажиллахаа болив. Тэр цэгээр Унгарын дүрвэгсэд далай мэт давалгаалан хил давцгаалаа. 11-р сарын 25- ны өдөр Будапешт хотын төрйн ордоны дэргэд зөвлөлтийн танк болон энгийн иргэдийн хооронд буудалцаан болов. 100 гаруй иргэд үхэж шархаджээ.11-р сарын 26 ны өдөр босогчид болон зөвлөлтийн цэрэг, аюулаас хамгаах албаны ажилтнуудын хооронд буудалцаан болсоор байв. 11-р сарын 27 ны өдөр Герегийн оронд Ракошийн үед баривчлагдаж эсэргүү гэгдэж шоронд насаараа хоригдох ял авсан Янош Кадарыг суллаж намын даргаар томиллоо. Имре Надь тэр үеийн Унгарын бусад намуудтай хамтарч Эвслийн Засгийн газар байгуулав. Тэр үед Зөвлөлтийн цэрэг Унгарын нийслэлийг шууд эзэлж чадаагүй байлаа. 11-р сарын 28 -ны өдөр Зөвлөлт -Унгарын хамтарсан цэрэг нийслэл хотын төвийг дайрах төлөвлөгөөтэй байсан боловч Унгарын цэрэг Имре Надигийн тушаалаар энэ дайралтад ороогүй ажээ. Ерөнхий сайд Имре Нади Унгарын ард түмний энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг хувьсгалын эсэргүү хөдөлгөөн гэсэнгүй, харин хувьсгал хэмээн хэлжээ. Унгарын шинэ Засгийн Газар Унгарын газар нутгаас зөвлөлтийн цэргийг гаргах тухай ярьж эхлэв. 


1956 оны 11-р сарын 29 ны өдөр Имре Нади Унгарын аюулгүй байдлыг хамгаалах байгууллагыг татан буулгав. Засгийн газрын барилгуудыг хамгаалж байсан намын идэвхтэнүүдийг зэвсгээ хураалгахыг даалгалаа. Будапешт хотод болж байсан буудалцаан тулаан зогсов. Зөвлөлтийн цэргийг нийслэл хотоос гаргалаа.


Зөвлөлтийн цэрэгт энгийн иргэд рүү дахин гал нээхийг хориглов. 11-р сарын 30- ны өдөр зөвлөлтийн цэрэг байрлаж байсан хуаран руугаа буцлаа. Гэвч Зөвлөлтийн цэрэг Унгарын дотоод хэрэгт дахин оролцохгүй гэж мэдэгдсэн нь хууран мэхлэлт байв. Харин Зөвлөлтийн армийнхан Унгарт “Вихрь” нэртэй нууц ажиллагаа явуулахаар бэлтгэж байжээ. 1956 оны 12-р сарын 3- ны өдөр шинээр томилогдсон босогчдын төлөөлөгч, Унгарын армийн удирдагч, генерал Пал Малетер болон Унгарын цэрийн жанжин штабын дарга зэрэг 5 ажилтнаа дагуулан Зөвлөлтийн КГБ-ын дарга Иван Серовтай хэлэлцээр хийхээр очтол харин зөвлөлтийн генералууд түүнийг ажилтнуудынх нь хамт баривчилж хорьчихов. Унгарын арми ямар ч удирдлагагүй болов. Энэ байдлыг ашиглаж зөвлөлтийн 16 дивизийн 60 000 цэрэг, 3000 танк 12-р сарын 4 ний өглөө Унгарын хилийг давж нийслэл Будапештийн зүг довтлов. Энэ өдөр Засгийн газрын тэргүүн Имре Нади ард түмэндээ хандаж “Өнөөдөр өглөө Зөвлөлтийн арми манай Унгар улсын хилийг давж манай Унгар улсын ардчилсан төр засгийг устгахаар орж ирлээ. Манай цэрэг Зөвлөлтийн цэргүүдтэй тулалдаж байна” хэмээн мэдэгджээ. Удалгүй шүдээ хүртэл зэвсэглэсэн Зөвлөлтийн арми нийслэл Будапешт хотыг эзэлж, Унгарын армийн 35 000 цэргийн зэвсгийг хураав. Харин Унгарын 3 хороо, зенитний 10 батарейн цэргүүд эцсээ хүртэл зөвлөлтийн армийн эсрэг тулалдав. Бупапештад зөвлөлтийн арми дайран орсны дараа Имре Надийн Засгийн газрын гишүүд Югославийн Элчин сайдын яаманд очиж нуугдав.


Зөвлөлтийн армийн маршал К.Жуков Унгарын нийслэлд эсэргүүцсэн иргэдийг устгах ажиллагааг удирдаж байлаа. Зөвлөлтийн цэргүүд Унгар- Австрийн хил дээр очиж нээгдсэн хилийг хааж хяналтаа дахин тогтоов.


Ийнхүү 1956 оны сүүлчээр коммунистуудын эсрэг боссон Унгарын ард түмний бослого зөвлөлтийн армид дарагдаж нийтдээ 3000 унгарын иргэн алагдаж, 19 000 унгар хүн шархджээ.Харин зөвлөлтийн армийн 700 гаруй цэрэг үхсэн аж. Зөвлөлтийн арми Будапешт хотыг эзэлсний дараа Янош Кадар нийслэлд хүрэлцэн ирж “Ажилчин тариачны шинэ Засгийн газар” гэгчийг байгуулснаа зарлав. Зөвлөлтийн КГБ 1957 онд 13 000 унгар иргэнийг баривчилж, 25 000 унгар иргэнд ял тулган шоронд хорьж, 350 унгар иргэнийг цаазлан хороожээ. Энэ бүх залхаан цээрлүүлэх ажиллагааг Унгарт зөвлөлтийн КГБ-ын дарга Иван Серов, Элчин сайд Юрий Андропов, маршал К.Жуков нар зохион байгуулжээ. Югославын Элчин сайдын яамны байранд нуугдаж байсан Унгарын өмнөх Засгийн газрын тэргүүн Имре Нади, Батлан хамгаалахын сайд генерал Пал Малетер нарыг коммунистууд баривчилж “Капитализмыг сэргээх гэсэн, Хувьсгалын эсэргүү ажиллагааг удирдаж явуулсан” гэсэн ял тулгаж, Янош Кадарын тушаалаар 1958 оны 6-р сарын 6-ны өдөр дүүжлэн цаазаар хороосон юм.


Унгарын ард түмэн дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн 11 сая хүн амтай болсон бол дайны балгаар 3 сая хүн үрэгдэж, 1946 онд 8 сая хүн амтай болсон байлаа. Унгарын хүн ам дайнаас хойш одоо болтол бараг 70 жилийн турш яг 9 сая хэвээрээ үлдэж, огт өсөөгүй байдаг. 


Ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцээд адаг сүүлдээ алтан амиа алдсан Имре Нади, Пал Малетерыг өрнөдийн ертөнц өмгөөлж, харамслаа илэрхийлж байлаа.

Коммунизмын хар сүүдэр Унгар орныг ийнхүү дахин бүрхсэн билээ. Коммунистууд Унгар орныг дахин дарангуйлж боолчилж, 9.0 сая Унгарын ард түмэн дахин 33 жилийн турш коммунизмын харгис дарангуйлал дор амьдарна гэдгээ яахин мэдэх билээ.             



Доржийн СҮХБААТАР