sonin.mn

Монголчууд бид жилийн дөрвөн улирал ямар нэгэн асуудалтай тулгарч шийдэл олж чаддаггүй. Тиймээс бид гадны улсад эдгээр асуудлыг хэрхэн шийдсэнийг хүргэх зорилгоор “Бид, Тэд” буланг санаачлан цуврал нийтлэлүүдээ хүргэсэн билээ. Тус нийтлэлүүдийг тоймлон хүргэж байна.


Монгол Утааны эсрэг зуух тараав, Хятад орон сууцжуулав


Улаанбаатарчууд бид жил бүрийн өвөл утаа, автозамын түгжрэл, халтиргаа гулгаатай нүүр тулдаг. Тэгвэл бид өнгөрсөн 15 жилд 816.3 тэрбум төгрөг, буцалтгүй тусламжийн 153.3 сая ам.долларыг утааны эсрэг зарцуулжээ. Гэвч утаанаасаа салж чадаагүй байна. Харин БНХАУ орон сууцжуулж утаанаас салжээ. Франц автомашиныг дугаарын хязгаарлалттай явуулснаар утаагаа бууруулсан бол Грек цахилгаан халаагуураар агаарын бохирдлыг шийджээ.


Цасыг Монголд хүрзээр, ОХУ-д машинаар цэвэрлэдэг


Бид өвөл бүр цас, халтиргааны тухай ярьдаг. Үүнтэй холбоотойгоор цасыг Монголд хүрзээр, ОХУ-д машинаар хусдаг нийтлэлээ бэлтгэн хүргэсэн. Тодруулбал, цас орсон өдрүүдэд давс, бодис цацлаа гэж мэдээллэдэг ч энэ нь төдийлэн үр дүнд хүрдэггүй. Мөн халтиргаа гулгаанаас үүдэж зам тээврийн осол гарах, түгжрэл үүсэх, бэртэж гэмтэх нь ихэсдэг. Гэвч манай улсад цас цэвэрлэх зориулалтын машин байхгүй учир ТҮК-ийн ажилчид хүрзээр цэвэрлэсээр байна. Харин ОХУ-д хүнд машин механизм ашиглан цасаа цэвэрлэдэг. Ингэхдээ замын цасыг түрж, овоолсон цасаа ачааны машин руу зөөж, цас хайлуулах цэг рүү аваачдаг. Цасаа хайлуулсны дараа тусгай хоолойгоор гол руу урсгана. Финлянд 24 цагаар зориулалтын машин ашиглан цасаа цэвэрлэдэг ажээ. Бөөгнүүлсэн цасаа усны институтэд аваачиж шинжлүүлээд хүрээлэн буй орчинд аюулгүй гэж үзвэл гол руу хаядаг байна.


Монголд цэцэрлэгийн нэг ангид 40, Солонгост 20 хүүхэд сурдаг


Улсын цэцэрлэгийн ачаалал хэт их байгаа нь багш хүүхэд бүрт хүрч чадахгүй байх шалтгаан болдог. Гэвч эцэг эхчүүд үүнийг ойлгохгүй багшийг буруутгах нь элбэг. Тодруулбал, улсын цэцэрлэг хоёр багштай. 40 хүүхэдтэй. Хүүхдийн тооноос үүдэн амьсгалын замын халдварт өвчинд өртөх нь элбэг байдаг. Гэтэл Солонгост хувийн цэцэрлэгийн багш хүүхдийн харьцаа нь 0 насны ангид нэг багшид гурван хүүхэд, нэг насны анги нь нэг багшид таван хүүхэд, хоёр насны анги нэг багшид долоон хүүхэд, гурван насны анги нэг багшид 15 хүүхэд, 4-5 насны анги нэг багшид 20 хүүхэд оногддог байна. Хятдад хоёр багш 30 хүүхэд л хүмүүжүүлж байгаа юм.


Үерийн хохирлыг Монголд төр, Солонгост даатгал барагдуулдаг


Өнгөрсөн долдугаар сараас хойш нийслэлд хэд хэдэн удаа үер боллоо. Үерээс үүдэлтэй орон сууц, байшин, барилга, авто машин тэр ч бүү хэл 10 сартай нярай, хоёр залуу амиа алдсан. Тэгвэл ослын улмаас амь эрсдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн юм. Түүнчлэн үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр монгол гэр иж бүрэн тавилгатай олгохоор шийдвэрлэжээ. Харин Солонгост өнгөрсөн долдугаар сарын 17-нд олон хоног бороо орсны улмаас гамшиг нүүрлэсэн. Тус үерийн улмаас 22 хүн амиа алдсан нь тогтоогджээ. Солонгост байгалийн гамшигт үзэгдлээс болж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд хохирлыг даатгалаас барагдуулдаг байна.


Монголчууд цалингийнхаа 90 хувийг, Солонгосчууд 10 хувийг байрны түрээсэнд зарцуулдаг

 

Монгол Улсын нийслэл хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг. Нийслэлийн оршин суугчдын багагүй хувь нь түрээсийн сууцанд амьдардаг бөгөөд түрээслэгчдийн дийлэнхийг 40-өөс доош насны залуус эзэлдэг. Залуу гэр бүлийн хувьд орон сууц шууд худалдан авах боломж хомс учраас тэд амьдралын тав тухыг бүрдүүлэхийн тулд түрээсийн байр сонгодог. Тэгвэл тэд түрээсэнд 1.2-1.6 сая төгрөг зарцуулдаг байна. Гэвч манай улсын цалингийн дундаж хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 1.7 сая төгрөг байгаа юм. Харин Солонгосчуудын цалингийн доод хэмжээ 2.2 сая вон. Сард 5.9 сая төгрөгийн цалинтай. Орон сууцны түрээсэнд дунджаар 800 мянган төгрөг зарцуулдаг байна. Энэ нь цалингийнх нь 10 хүрэхгүй хувьтай тэнцэнэ.


Хятадын дээд сургууль хотоос зайдуу, Монголд хотынхоо төвд байдаг


Сүүлийн 10 гаруй жил их сургуулиудыг хотын төвөөс нүүлгэх тухай ярих болсон. Энэ жил гэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар их дээд сургуулиудыг дэд төв рүү нүүлгэх судалгааг танилцуулсан юм. Манай улсын их сургуулиуд хотын төвдөө байрлалтай. Тодруулбал, Сүхбаатарын талбайг тойрсон 30 гаруй их сургууль бий. Үүнээс МУБИС-д 20 мянга, ШУТИС-д 15 орчим мянга, МУИС-д 18 орчим мянган оюутан суралцаж байгаа юм. Дотуур байрууд ихэнх нь элэгдэж хуучирсан, модон шалтай, нийтийн жорлонтой. Төмөр хоёр давхар ор, жижиг шүүгээнээс өөр зүйлгүй. Мөн заавал нэг өрөөнд дөрвөн хүүхэд амьдрах ёстой байдаг. Энэ мэт их сургуулиудын стандарт, өнгө үзэмжийн талаар дурдвал олон зүйл бий. Тэгвэл хичээл сургууль эхэлдэг намрын улиралд нийслэл хотын түгжрэл дээд цэгтээ тулж, заримдаа тэг зогсолт хийдэг. Энэ нь их сургууль нь хотын төвд байрладагтай холбоотой гэхэд хилсдэхгүй.


Харин БНХАУ-ын их дээд сургуулиуд нь хотоосоо зайдуу тусдаа хотхон /cump/ маягаар хөгжсөн байдаг. Тодруулбал, Шанхайн сургуульд элссэн ч Шанхайгаас 15-30 kм-ын зайтай сургуулийн хотхонд суралцана гэсэн үг. Тухайн сургуулийн хотхонд суралцахад хэрэгтэй бүх зүйл байдаг ажээ. Мөн оюутны дотуур байр нь дөрвөн одтой зочид буудлын стандарттай. Мастер болон бакалаврын оюутнууд өрөөндөө хоёулаа амьдардаг бол докторын оюутнууд ганцаараа амьдардаг. Мөн оюутны өрөөнд нь зурагт байдаггүй ба суралцахад зурагт үзэх шаардлагагүй гэж үздэг байна. Харин нийтийн зурагтын өрөө гэж тусдаа бий. Гэхдээ зөвхөн гадаад оюутнууд үзэх эрхтэй. Мөн галын аюулгүй байдлын үүднээс өрөөнд хоол хийхийг хориглодог ба нийтийн гал тогооны өрөөтэй. Тэнд хоол хийх багаж хэрэгсэл бүгд байдаг аж.




Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин