sonin.mn

Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Сүхбаатар дүүрэгт өөрсдийгөө "Н.Учралын баг" гэж нэрлэсэн дөрвөн хүн МАН-аас нэр дэвшсэн.


Гэвч "сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ" гэгчээр л ийн пиардаж буй болохоос үнэндээ нэр дэвшигч М.Говьсайханаас бусад нь УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Н.Учралтай улс төрийн замналын хувьд бараг л хамаагүй шахуу нөхдүүд гэнэ.


Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт нэр дэвшсэн дөрвөн хүний нэгийг нь Н.Учрал, хоёрыг нь Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, нэгийг нь Нийслэлийн Засаг Дарга асан Д.Сумьяабазар зүтгүүлсэн аж. "Отгон тэнгэр" дээд сургуулийн төгсөгч, өдгөө МАН-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын нийслэлийн салбар зөвлөлийн даргаар ажилладаг Б.Ану-Үжин Нийслэлийн Засаг Дарга асан Д.Сумьяабазарын фракцийг төлөөлж нэр дэвшсэн бөгөөд тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллахдаа ихээхэн хэл ам дагуулж, хэрэг төвөгт холбогдож байсан Д.Баярсайханы бэр аж. Ажлынхаа гарааг ч хадам аавынхаа даргалж байсан уг хорооноос эхэлж байсан байдаг.


Харин Х.Алтай, Б.Дөлгөөн нарыг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхээр амласан байсан ч чадаагүй тул өрөө төлж буй юм байна.


Х.Алтайгийн хувьд өөлөх зүйл тун багатай. МАН-д С.Баярын үеэс зүтгэсэн төдийгүй төрийн албанд олон жил тууштай ажиллаж, Хөрөнгийн Биржийн Захирал хүртэл дэвшсэн, өдгөө МАН-ын Нарийн Бичгийн Даргын хариуцлагатай үүргийг гүйцэтгэж буй нэгэн. Харин АН-ын идэвхтэй гишүүн гэж явж байгаад намаа ялагдангуут МАН-д элссэн Б.Дөлгөөнийг Сүхбаатар дүүргийн МАН-ын гишүүдийн нилээдгүй хэсэг нь хүлээж авахгүйгээр үл барам дэмжихгүй гэдгээ ил цагаан илэрхийлж буй гэнэ. Улс төрч хүн намаа сольж бололгүй яахав, дэлхий даяар ч тийм түүх олон. Гэвч уг шийдвэр намынхаа тодорхой удирдлагуудыг юм уу эсвэл зарим буруу шийдвэрийг шүүмжлэн, тэмцэж, намын гишүүнчлэлээ сольсон байдаг. Түүнээс бус манай нам ялагдаад байна гэх маягийн хандлагаар өөр намд элсэх нь хатуухан хэлэхэд урвалт билээ. Иймээс "АН-ын урвагч" Б.Дөлгөөнийг АН-ын гишүүд гэхээсээ илүү МАН-ын гишүүд дэмжихгүй байх магадлал өндөр болжээ.


С.Сарнай