sonin.mn

Энэ хорвоогийн хамгийн хүчтэй хүн бол ээж. Ээж л дэргэд байхад бүх зүйл байдаг билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин анх 2022 онд “Ээжүүд зүгээр суудаггүй” булангаа эхлүүлж байв. Энэхүү булангаараа дамжуулан бага насны хүүхдээ харангаа гэрээрээ гар урлал хийж, өөрийгөө хөгжүүлэхээс гадна өрхийн орлого олдог, хөдөлмөрч, хичээнгүй ээжүүдийг алдаршуулдаг билээ. Энэ онд ч ялгаагүй давсан цэцэг урладаг ээжээс эхлээд нэхмэл ороолт, эсгий ном бүтээдэг зэрэг олон гайхалтай ээж нарыг урьж, ээж байхын сайхнаас эхлээд хийж буй ажил, хүсэл мөрөөдлийнх нь тухай ярилцсан юм. 2023 онд “Зууны мэдээ” сонины “Ээжүүд зүгээр суудаггүй” буланд оролцсон хүчирхэг ээжүүдийн хэлсэн эшлэлийг хүргэе.


 Сэтгэлд соёолсон бэр цэцэгс


Давсан цэцэг урладаг Л.Должмаа:


-Би өнгө, өнгийн цэцэг, шар шувуу гээд давсаар хийж болох бүхнийг урладаг. Гэртээ хөөрхөн мамагаа хардаг ээж нартаа хэлэхэд өөрийнхөө сонирхлыг нээж, цаг завтай үедээ түүнийгээ бага багаар хийж, өөрийгөө хөгжүүлээрэй. Миний хувьд их захиалгатай үедээ хүүхдүүдээ хоёр талын аав ээжээрээ харуулдаг. Тиймдээ ч захиалга өгсөн хүмүүсийнхээ сэтгэлд бүтээл маань 100 хувь хүрч байгаа . Манайхаас цэцэг авсан хүн заавал дахин захиалдаг. Анх ийм гоё бүтээлүүдийг хийх боломж олгож сургалтад суулгах эрх бэлэглэсэн ээждээ баярлалаа. 


"Зууны мэдээ" сонины 2023 оны хоёрдугаар сарын 10-ны дугаарт нийтлэгдсэн. https://www.zms.mn/a/92885


Хүүхэд насанд хүргэж өгдөг ээж


Полимер шавраар хүүхэлдэй урладаг Л.Уранцэцэг:


-Би полимер шавраар хүүхэлдэй урладаг. Гэхдээ зүгээр ч нэг хүүхэлдэй хийхгүй. Таны зүс царайг хүүхэд төрхтэй болгох юм. Тиймээс гэнэн томоогүй хүүхэд төрхөө мөнхөлж үлдээх хүсэлтэй хүмүүс надад ханддаг. Эмэгтэй хүн сэтгэлийн асар их хүчтэй. Тэр их өвдөлтийг давж, бяцхан ертөнцийг төрүүлнэ. Түүнийгээ насан туршдаа хувирашгүй хайраар хайрладаг. Эх хүнээс ийм их сэтгэлийн хүч гарч байгаа учир өчүүхэн бэрхшээл бидэнд юу ч биш шүү дээ. Тиймээс хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүд минь боломж олдвол өөрийгөө хөгжүүлж, дуртай зүйлээ хийж, түүнээсээ аз жаргалыг мэдрээрэй.


"Зууны мэдээ" сонины 2023 оны гуравдугаар сарын 31-ний дугаарт нийтлэгдсэн https://www.zms.mn/a/93480


 Нэхмэл хүүхэлдэй, нэрийн туулайтай ээж


Нэхмэлийн аргаар туулай урладаг Ц.Ану:


-Миний энэхүү урлалыг хийх болсон хамгийн гол шалтгаан нь стрессээс өөрийгөө хамгаалах байсан. Учир нь эмэгтэй хүн гэртээ суухаар сэтгэлээр унах үе байдаг. Тиймээс энэ хугацаагаа ашиглаад өөрийгөө завгүй байлгаж, хөгжүүлье гэж бодсон. Би ч ялгаагүй бусад ээжийн адил бага хүүхдээ харах, томыгоо сургуульд нь зөөхөөс эхлээд өдрийн ихэнх цагийг гэрийн ажилдаа зарцуулдаг. Тиймээс ихэвчлэн өглөө эрт эсвэл хүүхдүүдээ унтуулаад оройн цагаар бүтээлдээ төвлөрч суудаг. Нэгэнт л энэ урлалд сэтгэл зүрх, цаг хугацаагаа бүрэн зориулж байгаа учир ирээдүйд өөрийн урлангаа нээх зорилго тавьсан. Бяцхан урландаа жижгхэн хүүхэлдэйнүүдээ сэтгэл амар хийхээс гадна өөртэй нь адилхан хүүхдээ хараад гэртээ сууж буй ээжүүдэд сургалт хийж, өөрийн чаддаг бүхнээ заах чин хүсэлтэй.


"Зууны мэдээ" сонины 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны дугаарт нийтлэгдсэн. https://www.zms.mn/a/93791


 Эко лааг цэцэгс болгодог ээж


Гоёмсог лаагаар цэцэг хийдэг Э.Баттуяа:


-Анх ямар бүтээл хийх тухайгаа хүүхдүүдээ унтсан хойно буюу оройн цагаар боддог байлаа. Анх цагаа зөв зохицуулж чаддагүй байсан. Ихэвчлэн шөнө төвлөрч, суусаар ядаргаанд орсон тохиолдол ч бий. Харин одоо ажлынхаа ачааллыг зохицуулж сурсан. Учир нь би хоёр болон дөрвөн настай хоёр хүүхдийн ээж. Балчир үрсээ харангаа өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж, бүтээл хийнэ гэдэг амаргүй даваа. Гэхдээ эмэгтэй хүний сэтгэлд асар их хүч байдаг юм билээ. Үнэхээр хийе гэж зорьсол бол юунаас ч эмээлгүй, хойш тавилгүй яг өнөөдрөөс эхлээрэй. Манай ээж нар нэг л мэдэхэд ард нь гарчихсан байх болно.


"Зуугны мэдээ" сонины 2023 оны зургаадугаар сарын 16-ны дугаарт нийтлэгдсэн. https://www.zms.mn/a/94335


Дурсамж мөнхөлж, хайр түгээдэг ээж


Хүссэнээ хэвлэдэг Э.Энхмандах:


-Би анх том хүүгээ төрүүлээд гэртээ суух хугацаандаа өөрийнхөө мэргэжлийн дагуу хэвлэсэн зурагтай, жижигхэн гацуур модны тоглоом хийдэг байсан. Эхлээд гэртээ, ойр дотныхон болоод ангийнхандаа хийж өгдөг байлаа. Эмэгтэйчүүдийн хувьд гэртээ хүүхдээ хараад суух амьдралынх нь алтан үе. Миний хувьд өөрийгөө өөр өнцгөөс нээх боломж гэж харж байна. Бүсгүйчүүд маань хүүхдээ харах хугацаандаа ямарваа нэг зүйл хийхээр төлөвлөсөн бол цаг алдалгүй эхлүүлдэг байгаарай. Учир нь эхлэл гэдэг чинь бүтээмжийн 95 хувь байдаг. Тиймээс хүмүүс намайг юу гэж бодох бол, муугаар ярих болов уу гэж эргэлзэх хэрэггүй. Харин нэг л эхлүүлсэн бол ард нь гардаг хүчтэй байгаарай.


"Зууны мэдээ" сонины 2023 оны долдугаар сарын 28-ны дугаарт нийтлэгдсэн. https://www.zms.mn/a/94803


 Үлгэрийн ертөнцөөр аялуулдаг ээж


Эсгийгээр ном хийдэг Л.Өлзийдүүрэн


-Би англи хэлний багш мэргэжилтэй, бага насны хоёр хүүхэдтэй ээж. Хүүгээ төрүүлээд гэртээ суух чанга байсан. Мэдээж ажил хийж байсан, олны дунд байсан хүн чинь сэтгэл гутралд ордог юм билээ. Тиймээс өөрийгөө завгүй байлгах гэж анх эсгий урлал хийж эхэлсэн. Хэрэв та дөнгөж төрсөн, бага насны хүүхдээ хараад гэртээ байгаа бол юунд ч битгий бууж өгөөрэй. Би ч ялгаагүй таны нэг байсан. Гэхдээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө хүчтэй байгаарай гэж хэлмээр байна. Нэг л өдөр зорилгоо тодорхойлоод, зоригтой эхлээрэй. Хүүхэд үргэлж жаахан хэвээрээ байдаггүй шүү.


"Зууны мэдээ" сонины 2023 оны аравдугаар сарын 6-ны дугаарт нийтлэгдсэн. https://www.zms.mn/a/95622


 Татсан нэхээс бүртээ хайраа шингээдэг ээж


Гоёмсог утсаар хувцас нэхдэг Г.Болормаа:


-Би таван хүүхдийн ээж. 2019 оноос нэхмэл сонирхож эхэлсэн. Одоогоор малгай ороолт, бээлий, цамц, малгай гээд олон төрлийн бүтээгдэхүүн нэхэж байна. Нэхмэл хувцасны давуу тал нь хүний биед ямар нэгэн харшил өгөхгүйгээс гадна чанарын хувьд эдэлгээ удаан. Сүүлийн үед “Алтны хажуу дахь гууль шарлана” гэгчээр манай долдугаар ангийн охин юм нэхэж эхэлсэн шүү. Амьдралд амархан зүйл гэж байхгүй. Эхлэл бүхэн хаширмаар, шантармаар байдаг. Гэхдээ тууштай хүнийг амьдрал шагнадаг юм билээ. Ялангуяа манай ээжүүд их хүчирхэг. Тиймээс аливааг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Боломж олдвол өөрийгөө хөгжүүлж, олон зүйлд өөрийгөө сориорой.


"Зууны мэдээ" сонины 2023 оны аравдугаар сарын 27-ны дугаарт нийтлэгдсэн. https://www.zms.mn/a/95948


 Өхөөрдөм хүүхэлдэйг амилуулдаг ээж


Тоглоом урладаг Я.Дэлгэрсүрэн:


-Би Шинэ анагаах ухааны их сургуульд их эмчийн мэргэжлээр суралцдаг, энэ жил төгсөнө. Бага насны нэг хүүхэдтэй. Нэхмэл тоглоом нь хүүхдийн хүрэлцэхүйн мэдрэмжийг сайжруулж, тайвшруулдаг. Мөн байгальд ээлтэй, эко шүү дээ. Би дунд сургуулийн сурагч байхаасаа л технологийн хичээлдээ сонирхолтой байсан. Ингээд цар тахлын хөл хорионы үед багын хүсэл мөрөөдлөө биелүүлж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор олон зүйл туршиж үзсэний нэг нь нэхмэл тоглоомны онлайн сургалт байсан юм. Эмэгтэй хүний хувьд ээж болох нь үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байсан. Хүүхдээ хараад би илүү хичээж, хариуцлагатай ээж байх ёстой гэдгээ ойлгосон.


"Зууны мэдээ" сонины 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний дугаарт нийтлэгдсэн. https://www.zms.mn/a/96376


 


Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин