sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 2.7 дахь жилдээ (942 хоног) үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Freeдом ТВ, Defence express-ийн мэдээлэл, Украины цэргийн тагнуулын дарга Буданов, украины цэргийн зүтгэлтэн дэслэгч генерал Романенко нарын хэвлэлд өгсөн ярилцлага зэргээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.



Украинд Путины өдүүлсэн дайны цаад утга логик нэн тодорхой болсон. Хятадын ч, Бразилын ч санаачилга нэмэр болохгүй. Украиныг ялагдуулах, Орост ялалт хангахгүй байлаа гэхэд ОХУ-ыг дайны гэмт хэргийн ялаас мултлах санаачилга явуургүй.


Энх тайван тогтоолоо ч Путины өнгөн дээр хэврэг, амсхийж цэргээ босгож аваад өс хонзонгоо дахин тооцох тийм л энх тайванд Хятад, Бразил хоёр уриалаад байх шиг. Хятад бүр бүтэн хоёр жил хагасын турш Путинд хир халдаахгүй энх тайвныг уриалж байна.


Улс түмний энх тайванч хөгжил, аюулгүй байдлынхаа төлөө сонголтыг Орос шигээ хүлээн зөвшөөрөх дургүй, олон талын эрх ашгийг харгалзана гээд олон тал гэдэгтээ Орос, Хятадаа оруулчихна, НАТО, АНУ-аар буулт хийлгэх, тэр ч байтугай Путины яргаллыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зорилготой тойруу үлгэр Бээжингээс ярина. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, Путины өдүүлсэн дайны цаад нэг логик нь сульдаах тактик юм. Тийм учраас Украиныг, холбоотнуудыг нь залхтал, сульдтал, “Одоо больё” гэтэл нь байлдсаар байх нь чухал. Украин нь ч дүүрч гэе. Оросын өрөөсөн дугуй гээд оросууд өөрсдөө итгэчихсэн. Гэтэл НАТО-гийн гишүүн Польш, Румыны агаарын хилд тогтмол халддаг болж байна. Балтийн гурван улсыг мөрт нь орхих хүсэлгүй, өдөөн хатгалга, хорлон сүйтгэл, гүтгэлэг, заналхийлэл гээд гибрид дайны бүх хувилбарыг хослуулан довтлоно. Тэгэхээс тэгэх гэж. Цаадуул нь нэг өдөр залхаад “Одоо больё, оросуудаа Та нартай хэлэлцээ хийе”, “Бид буцая, ухрая, Украиныг Европт авахгүй” гэтэл нь өдөөн хатгана. Орос өөрийн дагуул гэж үзсэн Унгар, Словакийн агаарын хил рүү дрон илгээхгүй мөртлөө Оросын дрон тэнэж төөрөөд Румын орчихдог нь сонин шүү.

 

Яг ийм логикоор дайтаж байна. Тиймдээ ч сөнөж барагдахгүй их танк, хуягт, их буу, онгоц нөөцөлсөн, илгээгээд сөнөөлгөөд байхад араас нь ундарч гарч ирээд байхаар олныг. “Тооны хэт олон чухал” гэсэн цэргийн номлолтой. Явган цэрэг нь яг тийм логикоор зохион байгуулагдана. “Эх орны төлөө үхэл бол гоё, сайхан үйлс”–энэ бол хуучин Сталины үеэс өвлөгдөн өнөөгийн Путиныг хүргэсэн номлол нь. Ингээд эцэс төгсгөлгүй махан шуурганд явдаг зам жирийнэ. Орос цэргийг алж барахгүй гэсэн итгэл үнэмшилтэй. Барагдахгүй их цэрэг зэвсэгтэй юм бол зөрүүлээд украинчууд “цэгэн цохилт”-ын тактик сонгосон нь илт байна. Цохилт өгөх байршлуудын карт бэлэн. Хурдтай, маш оновчтой, бага хүчээр оросын цэргийн томхон обьектуудыг нь төлөвлөгөөтэйгээр устгасаар байгаад ялагдалд хүргэх тактик!


Кирилл Будановын ярьснаар, оросуудын хувьд бүх асуудал 2025 оны зунаас эхэлнэ. Одоо тэдэнд эдийн засгийн уналт нь хэдийнээ өвдөж мэдрэгдэж эхэлсэн. 2025 оны зунаас оросууд санхүү, эдийн засгийн асуудалтай жинхэнээсээ тулгарна, армид нь хүний нөөцийн хомсдол бий болно гэж ярьжээ. Нэг жил орчмын хугацаанд орос хүн тэсдэг, зовлон даадгаараа гүрийх бололтой юм. Буданов цааш ярьжээ. Oросын гэрээт цэргийн төлбөр 2 сая рубль болж өссөн, дагалдаад их хэмжээний луйврын схем бий болсон. Алслагдсан бөглүүд бүс нутгаас жишээ нь Тайга, Тундраас Москвад ирж гэрээ хийж байна. Владивостокоосоо илүү мөнгө Москвад амладаг болсон гэсэн үг юм. Москвадаа энэ нь их мөнгө биш боловч бөглүүд нутгийн ядууст хэзээ ч гар дээрээ тавьж байгаагүй их мөнгө ажээ. Зөвхөн мөнгө л олох гэж Украинд тэд ирцгээж байна.


Буданов оросын холбоотнуудын тухай ингэж дүгнэжээ. Оросын холбоотнууд дунд хамгийн том аюул бол Иран биш, харин Хойд Солонгос. Тэд Орос руу зэвсэг, сум нийлүүлэх үйлсийг тэргүүлж байна. Чанарын хувьд сайн биш ч, фронт дахь байлдааны ажиллагааны эрчимд солонгосын их буу сум шууд, хурдан нөлөөлдөг гэжээ. Кремлийн хамгийн нөлөө бүхий холбоотон нь Хойд Солонгос болжээ. Сум галт хэрэгсэл бүхий ачаа ирсэний дараа хэд хоногийн турш оросын байлдааны ажиллагааны хурд эрс нэмэгддэг болохыг Украины зэвсэгт хүчин мэдэрдэг. 2024 оны 6 дугаар сарын байдлаар Хойд Солонгос нь Орост 4.8 сая артиллерын сум нийлүүлжээ. Хойд Солонгосоос их бууны сум авсны дараа Орос нь их бууны галаар давамгайлж, давших операцаа дэмждэг, тэгснээрээ украины цэргүүдэд санаачилга авах боломж олгохгүйг хичээдэг.


ОХУ нь БНАСАУ-тай хамтын ажиллагаагаа огцом идэвхжүүлсэн, 6 дугаар сард Путин Пхеньянд айлчилж, Ким Чен Унтай Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан бол 9 дүгээр сарын 13-нд Оросын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу айлчилсан тухай Будановын ярилцлагыг дагалдуулан Freeдом ТВ-ээр ярьж байв.

 

Будановын өөр нэг ярилцлага байна. Тэрээр 4 асуудлаар мэдээлэл өгчээ. 1. Бидний хувьд маш том асуудал оросын удирдлагатай бөмбөг. Үйлдвэрлэл нь нэмэгдсэн. Би та нарыг айлгаж байгаа юм биш ч давтан хэлэхэд энэ нь фронтын шугамд асар их аюул учруулж байна. 2. Тагнуулынхан зэвсэг нийлүүлэх замыг бүрэн хянах боломжтой. 3. Харин зөвлөлтийн үеийн зэвсгийн нөөц нь ОХУ-д дуусч байгаа бөгөөд байлдааны шинэ техник хэрэгсэл нь байлдааны талбар дахь нөхцөл байдлыг өөрчлөхгүй. 4. Мөн Искандер пуужингийн үйлдвэрлэл нэмэгдсэн. Тийм учраас бидэнд гол аюул болж байгаа зүйл бол Искандер пуужин, удирдлагатай тэсэрдэг бөмбөг гэжээ.

 

Владимир Зеленский CNN-д ярилцлага өгөхдөө энэ тухай бас өгүүлсэн. Тухайлбал ОХУ нь Украины эрчим хүчний дэд бүтцийн 80%-ийг КАБ бөмбөгөөр устгасан. Зөвхөн Дорнод Украинд гэхэд л нэг сарын дотор 4000 орчим ийм бөмбөг хаясан гэжээ.


Оросоор “Корректируемая авиационная бомба” гэдэг энэ зэвсэг нь өндөр нарийвчлалтай лазер тохируулгатай учраас хөнөөл ихтэй бөгөөд Украин мөн ийм бөмбөг бүтээж дуусаад мөд дайнд оруулах гэж байгаа. Украин 155 мм-ийн их бууны сум үйлдвэрлэж эхэлсэн гэж Стратеги, аж үйлдвэрийн сайд асан Камышин жиргээнд бичжээ. Украины арми Курскт АНУ ын GBU-39 бөмбөг ашиглаж оросын цэргийн ангиудыг бөмбөгдсөн. Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров хэлж байна: Украин нь жилдээ хэдэн сая дрон үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо.


Оросын Тверь мужийн Торопец хотын дэлбэрэлтийн дуулиан намжаагүй, ОХУ-ын БХЯ-ны баахан дарга баривчлагдах (20-30-аар нь барьж хорьж бyй) сурагтай. Defence express-т бичсэнээр Торопец дэх устгагдсан “Арсенал №107” (БХЯ-ны Пуужинт цэрэгт–их бууны ерөнхий газрын зэвсгийн нэг гол бааз) нь Оросын Европын хэсэгт байрладаг 7 том баазын нэг, үлдсэн 6 нь энэ гээд газрын зурагтайгаа ил болжээ. Хэдхэн хоногийн өмнө украины дрон, нисэгчгүй онгоцууд тийшээ халдсанаар 30 мянган тонн зэвсэг (750 000 сумтай тэнцэх хөнөөл бүхий) дэлбэрэв. Барууны тагнуулын мэдээ байна.


“Град” тийрэлтэт сум, баллистик “Искандер”, тактикийн “Точка-У” пуужингийн комплекс, КАБ, ФАБ бөмбөг, артиллерын асар их сум, цаашлаад С-300, С-400 пуужин, мөн Хойд Солонгосоос нийлүүлсэн пуужин, сум хадгалагдаж байсан ба дэлбэрэлтийн чичирхийлэл нь 3-4 баллын газар хөдөлж байгаа мэт мэдрэгдсэн.


Торопецэд баримжаагаар 78 агуулах (55.7%) бүрэн устгагдсан, 11 агуулах (7.9%) гэмтээгүй үлдсэн гэжээ. Торопец шатаж дэлбэрч байх хойгуур Краснодарск хязгаарын Тихорецк дэх зэвсэг сумны агуулах, Тверь мужийн Октябрьскийн ойролцоох “Арсенал №23” халдлагад өртөв. Тихорецкэд нэг цуваандаа 2000-аас доошгүй сум галт хэрэгсэл, түүний дотор хойд солонгосоос авсан сум хадгалдаг. Воронеж муж дахь Солдатскийн агуулахад хойд солонгосын KN-23 пуужин хадгалж байсныг бас дэлбэлэв. Ингээд хоёр 7 хоногийн дотор Оросын армийн 4 том агуулах дэлбэ үсэрчээ. Ер нь ийм мэдээ салахгүй бололтой. Үнэн худлыг үл ялгах хачин мэдээ сошиалд таржээ. Юу гэвэл Орос даяар армийн зэвсгийн, ар тал хангалтын агуулахуудаа хариуцдаг хулгайч генерлууд нь хулгайлснаа нуухын тулд өөрсдөө дэлбэлж, олон арван украин дрон шөнө ирээд дэлбэлчихлээ гэж матрын нулимс унагаж, хулгайн хэргээсээ мултардаг мэргэн арга бодож олцгоожээ гээд шуугиад эхлэв. Оросын армийн байлдаж байгаа, одоо байж байгаа царайгаар бол тийм хувилбар үнэн ч байж мэднэ. Төгсгөлд нь тэмдэглэхэд, жагсаж яваа энэ их цэрэг зөвхөн мөнгө олох гэж Украинд ирцгээж байна, үхэцгээж байна. 2022 оны энэ зураг дээрээс одоо амьд байгаа хүн бий болов уу? Өр өвдмөөр юм.

 


Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь