sonin.mn

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа, Хөдөө аж ахуйн газар нь манай орны газар ашиглалтын уламжлалтай холбоотойгоор газрын нэгдмэл сангийн дийлэнх хэсгийг эзлэх боловч сүүлийн жилүүдэд гарч буй газар ашиглалтын хэлбэр, зориулалт нэмэгдэж байгаатай уялдан түүний хэмжээ ялангуяа бэлчээрийн талбайн хэмжээ байнга буурсаар байна. Манай орны хөдөө аж ахуйн газрын хэмжээ сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ойролцоогоор 15.0 орчим сая.га-аар буурсан байна. Хөдөө аж ахуйн газар нь байгалийн унаган төрх байдал, нөөц чадавхаараа харилцан адилгүй тул хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гүйцэтгэх үүргээр нь бэлчээрийн, тариалангийн болон хадлангийн газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар гэж хуваагддаг гээд 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0,07 га-гаас илүүгүй, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, “Багийн иргэдийн нийтийн хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж тус тус заасан байдаг.


Дээрх хуулийн заалтаас үзэхэд иргэнд төмс, хүнсний ногоо, таримал ургамлын зориулалтаар олгогдох газрын хэмжээ 0,1 га-гаас илүүгүй байх бөгөөд зөвхөн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэн 0,1 га-гаас илүү хэмжээгээр үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллагаагүй бол 0,1 га-гаас илүү хэмжээгээр газар үнэ төлбөргүй эзэмших эрхгүй юм. Мөн Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дах хэсэгт заасны дагуу атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон тул сум, орон нутгийн иргэдэд төмс, хүнсний ногоо, таримал ургамал тарих зориулалтаар эзэмшүүлэх эрх зүйн зохицуулалт нь учир дутагдалтай. Хөдөө аж ахуйн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, бэлчээрийн доройтол, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын түвшинг сайжруулахын тулд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээлээ.


Төслийн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд хууль санаачлагч болон Ажлын хэсгээс асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэх талаарх заалтуудыг тодотгох, бэлчээрийг хашихгүй байх, иргэнд 1,5 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгоно гэснийг өрх гэж хуулийг хэлэлцэх явцад өөрчилж болох эсэх, тэрхүү га газарт тарих таримал ургамлуудыг заавал нэрлэх шаардлага байгааг тодруулахыг хүслээ.


УИХ-ын гишүүн Ц.Туваан, газрын асуудал олон хуульд заалт болон орж ирж байна. Нэгдмэл байдлаар зохицуулах санал хэлээд малчдын өвөлжөө, хаваржааны газарт 1,5 га-г эзэмшүүлэх хэмжээ бага байна. Эзэмшлийн газар гэдгийг тодотгож өгөхийг хүслээ. УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Бат-Эрдэнэ, малчдад 1,5 га газар гэж хуульчлан, өөрийн эзэмшил гэдгийг л зааж өгч байгаа юм. Заавал энэ хэмжээндээ л баригдаад байх боломжгүй шүү дээ. Харин хадлангийн газраа хашаалахыг хориглоно. Газрын тухай хуульд 0,1 га газарт иргэнд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарихыг заахаар хуульчилсан байдаг. Энэ хуулиа баримтлаад явж болно. Малын тэжээл хомстож эхэлсэн учраас малаа тэжээх таримал ургамлаа тариалах, цаашдаа суурин мал аж ахуйд шилжихэд энэ хуулийн шинэчлэл дэмжлэг үзүүлж байгаа гэх зэргээр хариуллаа. Мөн малчид өөрийн хэрэгцээнд зориулсан газрыг хуулийн дагуу эзэмших эрхийг нээж өгч байгаа тухай хууль санаачлагчдын нэг Н.Ганибал гишүүн тодрууллаа. УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас холбогдох байнгын хороонд шилжүүллээ.