sonin.mn

“Баяндунгийн 16 басган”, “Дайнд мордсон бүсгүйчүүд” гэх зэргээр Халхын голын байлдааны түүхэнд үлдсэн бодит хүмүүс, болсон үйл явдлыг хүүрнэн өгүүлэх цорын ганц гэрч нь өдгөө 100 насыг зооглон буй ахмад дайчин Цэрэнгийн Чимэдцэрэн гуай билээ. Тэрбээр Халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон 14-18 насны 16 охины нэг. Халхын голын байлдаан болон Чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажилласан төдийгүй цэргийн даргын гэргий, цэгц журамт ар гэр болж эх орныхоо төлөө зүтгэсэн ахмад дайчин юм. 


Дарийн утаа, дайны сүүдэр алсарч, энх цаг айлчлахад ч Монгол Улсынхаа эрүүл мэнд хийгээд нийтийн хоолны салбарт ажиллаж, томилогдсон албан газар, байгууллага бүртээ гишгэсэн мөр, хийсэн үйлсээрээ тодхон орон зайг үлдээж явсан хөдөлмөрч, ажил хэрэгч нэгэн явжээ. Цаг цөвүүн үед нутгийн нэг эрдэм чадалтай лам тэднийхийг зорин ирж, шалавхан буугаад мордохдоо үр хүүхэд тогтдоггүй айлын ес дэх үр болон заяасан түүний өлгийг задалж харчихаад "Энэ хүүхэд сүхээр цохисон ч үхэхгүй. Айх хэрэггүй, дулаан сайхан өлгийдөөд хоол ундыг нь тааруулж өгөөрэй" гэсэн гэдэг. Сайн хүний билэгтэй үгийн ерөөл ч юм уу, дайн дажин, үзэл суртал, ажил амьдралын элдэв өнгийг туулж, хат суусан хүмүүний мөн чанар ч юм уу, ямартаа ч нэгэн зууны амьдралын түүхийг хүүрнэн суугаа энэ буурай бол он цагийн хэлхээс, орчин цагийн домог, омогшил бахархлын дууль билээ.


Арваадхан настай охиноос “дайнд явъя, дайчдадаа туслая" гэсэн санаачилга гарна гэдэг санаанд багтахгүй их зориг, зүрх гэж одоо бодогдож байна шүү. Наян жилийн тэртээх тэр нэг өдрийг эргэн дурсах уу, та...


-1939 онд Халх голын дайн болоход би 15 настай хүүхэд Баяндунгийн охидын түр сургуульд сурч байлаа. Нэг өдөр манай сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга Н.Аюуш хичээл түр завсарлуулаад, яриа таниулга хийлээ. Баянцагаан, Халхын гол, Адаг дулаан, Хайлааст манхан зэрэг газруудаар Япончууд гэнэтийн дайралт хийж, маш хүчтэй довтоллоо. Цаг үеийн байдал маш аюултай боллоо. Худаг ус хордуулж байна. Энд тэнд юу нь үл мэдэгдэх лааз, савтай зүйл, янз бүрийн хортой бодис байж магадгүй. Хүүхдүүд та нар болгоомжлоорой гэх зэргээр ярив. Надад "Дайн болж байгаа газар бид яаж туслах вэ. Мөнгө цаас байх биш дээ" гэсэн бодол төрөөд "Надад нэг санал байна. Ярьж болох уу" гэхэд дарга "Бололгүй яах вэ, болно" гэлээ.


Тэгэхээр нь би "Дайн болж байгаа газарт өөрийн биеэр очиж тусалъя аа. Юу хий гэснийг нь хийнэ ээ, чадна. Манай сумын залуу эрэгтэй хүмүүс бүгд дайнд мордсон. Голдуу л настай өвгөд хөгшид, хүүхдүүд үлдсэн шүү дээ.


Ийм үед бид энд сургуульд сурч байх хэрэггүй юм биш үү. Бүгдээрээ явъя” гэж ангийнхнаа уриаллаа. Манайхнаас увж цувж гар өргөсөөр 22 охин саналаа өглөө. Н.Аюуш дарга "Ямар сайхан санал вэ. Гэхдээ би үүнийг ганцаар шийдэхгүй. Аймгийн Цэргийн хэлтэс, сумын бүх дарга нартаа мэдэгдье. Удахгүй хариу хэлье" гэсэн. Гурав хоногийн дараа “Жамц дарга дуудаж байна" гэхээр нь ортол "Чиний саналаар 16 охин явахаар боллоо. Та нарыг хоёр, гурван хоногийн дараа морин өртөөгөөр аймгийн төв рүү явуулна" гэлээ.


Уг нь танай ангийн 22 охин гар өргөж, явахаар санал өгсөн байх аа? 


-Тийм ээ, сүүлд сонсохнээ хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдийг хассан юм билээ. Бас ганц хоёр даргын хүүхдийг үлдээсэн байх. Тухайн үед хэлмэгдсэн хүний хүүхэд сургуульд сурахад ч хэцүү байсан шүү дээ. Би ч нарийн учрыг нь сайн мэдээгүй л дээ. Биднийг сумын дарга, Цэргийн хэлтсийн дарга нар Баяндунгаас урагш Яргайн даваа хүртэл үдэж гаргалаа. Намын дарга маань "Баяндун баян шүү дээ. Та нар 16 эмээлт морьдтой явна. Цаашаа говь руу тэмээ, эсвэл үхэр тэргээр л явах байх даа. Говьд хэцүү, тогтоол ус нь өмхийрсөн байдаг. Болгоомжтой ууж идээрэй. Болж өгвөл нэг хоёр хлем (буриад талх) аваад яваарайгты (яваарай)" гэж аминчлан захиж билээ. Үнэхээр цаашаа үхэр тэргээр долоо хоног явж байж аймгийн төвд очсон. Аймгийн төвд ч биднийг бөөн туг, далбаа барьсан хүмүүс угтан авч, Цэргийн эмнэлэгт хүргэхэд энгэрээрээ дүүрэн одонтой оросын сургагч биднийг хүлээж аваад "Та нарыг гурав хоног амраая даа. Дараа нь ажилд хуваарилна" гээд найман ханатай хоёр эсгий гэрт хуваан байрлуулсан. Ингээд сумын даргын охин Ж.Цэмпилмаа бид хоёрыг Цэргийн эмнэлэгт сувилагчаар, бусдыг маань цагаан хэрэглэл угаагч, индүүчин, тогооч гэх мэтийн ажилд хуваарилсан.


Та нарыг очиход бодит байдал ямар байв даа? 


-Нөхцөл байдал нэлээн хүнд байсан. Хүнд шархтай, цустайгаа холилдсон хүмүүс ирэх бүрт ямар хэцүү байсан гэж санана. Эмнэлэгт Таня Петровна гэдэг орос эмчийн заавраар тав, зургаан сувилагч ажиллаж байв. Цэргүүд шархны халуундаа босож гүйнэ, шархыг нь цэвэрлэх гэсэн биднийг зодож цохино. Өөрсдийн ухаангүй хүмүүсийг яалтай. Өвчтнүүддээ эм тариа дөхүүлнэ, идээлсэн шарх, сорвийг нь угааж, цэвэрлэнэ.


Цус алдсан цэргүүдэд цусаа өгнө. Шархтануудын ам хатна, нойтон марьлаар амыг нь чийглэнэ, шингэн юм уулгана. Хоол ч идэх завгүй гүйлддэг байлаа, бид. Ийм байдлаар Япон бууж өгтөл гурван сар орчим хугацаанд ажилласан. Хамгийн аймаар нь тэсрэх бөмбөгний шархтай хүмүүс хоёр гурав хоног хань ижил, аав ээжийгээ дуудсаар "явчихдаг" байсан.


Манай эмнэлэг Баянтүмэн сумын нутагт, дайны талбараас нэлээд зайтай. Тэр үед машин тэрэг ховор учир бид эмчтэйгээ Халх гол руу үүр шөнөөр явж, нуувчнаас шархадсан цэргүүдээ олж ирнэ. Япон цэргүүдэд харагдвал буудчихна, олзлогдож ч магадгүй, хэцүү ажил л даа. Сүүлдээ 10 гэр хүртэл нэмж бариад цэргийн төмөр орыг зайгүй байрлуулсан ч өвчтөнүүдээ хүчрэхээ байсан. Шархадсан монгол цэргүүд Дорнодын тавдугаар дивизэд байрлах манай эмнэлэгт, орос цэргүүд Хэнтий аймагт байгуулсан 55 дугаар госпитальдаа очиж эмчлүүлдэг байсан. Хэдийгээр хүнд шархдаж, олон хоног тарчилсан ч манай цэргүүд халагдъя, гэртээ харъя гэж ер хэлдэггүй, харин ч бушуухан эдгээд, буцаж очоод байлдъя гэдэг байсан нь гайхмаар, бас бахархмаар санагддаг байсан. 


Эх орондоо тангараг өргөсөн эр цэргүүд ч аргагүй ээ. Харин арав гаруйхан настай аав ээжийн танхил охидын хувьд цус нөж, шарх сорви, дэлбэрэлт бөмбөгдөлт гэдэг ямар байсныг төсөөлшгүй. Та нараас буцсан, шантарсан хүн байв уу?


-Үгүй ээ, бид Баянтүмэнд 7-11 дүгээр сар хүртэл бүгд үүргээ гүйцэтгээд, эсэн мэнд дайныг дуусгасан. Тэгээд найз охид маань буцацгааж, би эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажилласан. Бид 1939 оны дайны үеэр суман дундуур гүйж байлаа шүү дээ. Японы 12 онгоц Баянтүмэн, Хэрлэнгийн гүүр, Бунхантолгой гээд гурван ч газар бөмбөг хаясан. Мал эмнэлгийн хашаанд хаясан бөмбөгөнд нэг малын эмч, хоёр нохой өртөж нас барсан. Бунхантолгойд бензиний цистерн шатсан. Хажуугаар нь бас пулемётаар зай завгүй галлаж байсан.


Таны хань нөхөр мөн цэргийн хүн байжээ. Дайны талбарт танилцав уу? 


-Үгүй ээ, Баянтүмэнд би хэсэг ажиллаад, аавын минь бие муудахад Баяндун сумандаа очиж, эмнэлэгт ажиллаж байхдаа Тамсагбулагийн 27 дугаар отрядын нягтлан бодогч, хошууч Базарын Барс гэдэг залуутай ээлжийн амралтаараа нутагтаа ирээд байхад нь танилцаад, удалгүй сэтгэл нийлж, явуулахгүй гэсэн дарга нараасаа нууцаар шуудангийн машинд суугаад хамтдаа "оргож" Тамсагбулагт очиж билээ. Хань минь сайн хүн, сайхан ч залуу байсан даа. Надаас гадна миний хань Б.Барс, мөн миний төрсөн ах, Л.Дандар баатрын цэрэг, ахмад дайчин Б.Цэдэндамба гээд манай гэр бүлээс гурван ахмад дайчин төрсөн юм шүү дээ. 


Тэгвэл та тэндээсээ Чөлөөлөх дайнд оролцсон байх нээ?


-Тийм ээ, Тамсагбулагт очсоноос зургаан жилийн дараа буюу 1945 онд дайн эхэлсэн. Нэг өдөр отрядын дарга маань дуудаад ахиад сувилагчаараа ажиллах үе ирлээ гээд арын албанд ажиллах үүрэг өгөөд, хэрэв Япон дайрвал бүгд бэлэн байх ёстой гэж онцлон хэлсэн. Цэргийн дарга нар, цэргүүд бүгд хил рүү явчихсан, тэдний гэр бүл 20 гаруй бүсгүй заставт үлдсэн учир Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга сэтэртэй би тэднийгээ чиглүүлж, бид нуувч ухаж, таван ханатай гэрүүдээ нуугаад, дээгүүр нь сүрлээр далдалж, нууцаллаа. Шөнийн цагаар ямар ч гэрэл гэгээ гаргахгүй. Ил газар юу ч үлдээлгүй бүгдийг нүх рүү зөөсөн. Харин дайн эхлээд удаагүй байхад Г.К.Жуков жанжны командалсан Оросын цэргийн ихээхэн хүч ирсэн. Бид ч маш их баярласан. Хэрэв 1939 онд тийм хүч ирсэн бол олон зуун аавын хүүгийн цус урсаж, алтан амиа алдахгүй байсан даа. 


Цэргийн сувилагч маань сүүлд тогооч болсон гэж сонссон...


 -Би дайнд явахаасаа өмнө 12 настайдаа сумын төвийн сүүний фермийн эрхлэгчээр ажиллаж, ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн юм шүү дээ. Би тэр үед бичиг үсэг гадарладаг, тэмдэглэл хийдэг болчихсон байсан болохоор л намайг ажиллуулсан хэрэг. Тэгээд дайны дараа 1951 онд хотод шилжиж ирээд Улаанбаатартаа л ганцад тооцогдох "Алтай" зочид буудлын зохион байгуулагчаар ажиллаж байгаад Худалдааны техникумд нэг жилийн хугацаатай нийтийн хоолны тогоочийн курс хичээллэхэд нь хамрагдаж, анхны монгол тогооч нарын нэг болж төгссөнөөс хойш 25 жил тогоочоор ажилласан даа.


Тогооч болоод Улаанбаатар хотын анхны "Туул" рестораны ахлах тогоочоор томилогдсон. Монголчууд тэр үед ногоо идэж сураагүй, мах л иддэг байсан. Бид нар тухайн үед ногоотой шөл, гуляш, котлет хийсэн нь их л шинэлэг явдал болж байв. Түүнчлэн "босоо хоолны" 14 дүгээр гуанз, МУИС, Худалдааны техникум, Холбооны техникумын ахлах тогоочоор ажиллаж байлаа.


Дараа нь Их тэнгэрийн амны нэгдүгээр хэлтэст зочны хоол хийдэг байсан. Тэнд ажиллахдаа манай оронд айлчилж ирсэн АНУ-ын Ерөнхийлөгчөөс эхлээд гадаадын олон улс төрийн зүтгэлтэн, сэхээтэн, зочдод хоолоор үйлчилдэг байлаа. Маш хариуцлагатай ажил байсан даа. Ингэж ресторан, хоолны газруудын хоол сайжруулах үүрэг авч, олон газар ажиллаад хамгийн сүүлд Дугуй ресторан буюу Сталины номын сангийн хойно байдаг "Бамбарууш кафе" болсон рестораны ахлах тогоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.


Монголд болсон хоёрын хоёр дайнд оролцсон төдийгүй улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан азай буурал та минь үнэхээр амьд домог юм даа. Та минь урт насалж, удаан жаргаарай. 


-Дайн дажингүй энх тайван цаг үед амьдарна гэдэг хамгийн том аз завшаан юм шүү. Тусгаар тогтнол гэдэг тийм амархан үнээр олддоггүй. Маш их үнэ цэнээр энэ ялалтыг олж авсан. Тиймээс хүүхдүүд минь улс эх орноо л хайрлаж яваарай даа.



Халхын голын байлдааны түүхт ялалтын 85 жилийн ойн хүрээнд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хэмжээнд ах дүүгийн найрамдал, цэрэг батлан хамгаалал, соёл урлаг. ёслол хүндэтгэлийн олон үйл ажиллагаа, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсээр байна. Эдгээр хүндэтгэлийн зочин хойморт ахмад дайчин Ц.Чимэдцэрэн гуай зүй ёсоор заларч байна. Ташрамд дурдахад цэргийн сувилагч бүсгүй болон түүний найз охид, фронтын хамтран зүтгэгчдийн талаар өгүүлсэн баримтат кино бүтээгдсэн байдаг бол тун удахгүй Буриад Улсын драмын театрт зууны түүхтэй буурайгийн туулж өнгөрүүлсэн амьдралын замналыг харуулсан нэгэн шинэ уран бүтээл төрөх ажээ


Д.ГҮНЖИЛМАА


Эх сурвалж: "Соёмбо" сонин