sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр дахь жилээ үдэх (664 өдөр шөнө) гэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, оросын ТВ-ийн “Первый канал” суваг, британийн REUTERS-ийн мэдээ, украины цэргийн эксперт Александр Коваленко, Денис Попович нарын ярьснаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.


Ганцхан цэнхэр бөмбөрцгөө алхаар хага цохих гэж буй улаан цэрэг. Нэгэн зууны өмнө большевик орос тэгж авирлаж байсан бол 100 жилийн дараа путинч орос бас тэгж авирлана. 1920-иод оны италийн улс төрийн постер. Жиргээнээс татав. Орос-Украины дайны тухай эрүүлээр ойлгох болов уу гээд татаад аваад ирлээ, өршөөгөөрэй уншигчид аа.  


Оросын өнөөгийн дотоод байдлыг “Хөргөгч нь зурагтаа яллаа”, “Зурагт нь хөргөгчиндөө ялагдлаа”– гадаадын хэвлэлүүдэд ингэж дүгнэжээ. Үүнийг нь хилийн чанад дахь оросын сөрөг хүчнийхэн өлгөн авч эрх баригчдаа шүүмжилнэ. Орост эдийн засаг доройтож, юмны үнэ өсч, хүнс тэжээл, бараа таваар хомсдож, жишээ нь автомашины зах зээлийн 80 хувь хятадын хямд чанаргүй, сэлбэг ховор машинаар дүүрсэн тухай ам уралдан ярина. Саяхны Оросын “Хроники” нийгмийн судалгааны тандалтад санал өгөгсдийн 44% нь амьдрал доройтлоо гэж хариулжээ. Хоёр жилийн дайных нь дотоод үр дүн энэ ажээ.


Өнгөрөгч 7 хоногийн гол үйл явдал бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путины “Шууд шугам” гэх хэвлэлийн их хурал байв. Мэдээж хэрэг, В.Путины ээлжит шоу тул тавигдах асуултууд урьдчилан хянагдсан. Гэтэл тэр арын том цэнхэр дисплейн дээр “Яагаад Таны яриа манай өнөөгийн байдлаас зөрөөд байна вэ?” гэсэн асуулт гараад ирэв. Хурлыг үймүүлэгчид, мэдэн будилагчид, эсэргүүцэгчид “Первый канал” дотор байдаг юм байна гэж гадаадынхан шуугина.


В.Путин харин ч “Первый канал”-ын хэвлэлийн их хурлаар нууж хаалгүй ярив. Украин дахь байлдааны ажиллагааны бүсэд ОХУ-ын 617 мянган цэрэг байгаа гэв. Цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) явуулж байгаа бүсэд манай хүүхдүүд сайн байлдаж байгаа, ОХУ-ын 14 баатар төрсөн. Дайчилгаагаар очсон 244 мянган цэрэг байна, Украин руу сайн дураараа явж байлдая гэсэн сайн дурынхны тоо буурахгүй байна, 486 мянган сайн дурын цэрэг тэнд байна. Өдөр бүр 1500 хүн сайн дураараа цэрэгт очиж байна. Ийм учраас хоёр дахь дайчилгааны давалгааг зарлахгүй, Украиныг сөрөн зогсох хүч хангалттай байна гэв. Харин Путины нэрлэсэн “600 мянга” гэдгийг Украины цэргийн тагнуулын газраас няцааж оросын эзлэн түрэмгийлэгч армийн нийт цэрэг үсрээд 450 мянга гэжээ. 


“Первый канал”-ын ярилцлагаар ОХУ-ын цэрэг зэвсгийн хохирлын тухай ганц ч үг дурдсангүй. 2023 он Оросын хувьд зэвсэгт хүчнээ сульдаах үйл явцыг түргэтгэсэн он болсныг Александр Коваленко баримт дэлгэн тайлбарлажээ. Оросын армийг 15 жилээр гэдрэг ухраав. Чеченийн хоёр дайнд алдсанаас 26 дахин их цэргээ алдав. Афганистанд алдсанаас 23 дахин их цэргээ алдав. Мөн танк, хуягт техник, байлдааны автомашины хохирол нөхөгдөшгүйгээр өсчээ. Зөрүүлж үйлдвэрлэж хүчрэхгүй, ихэнхи нь эвдэрсэн гэмтсэнээ засч сэлбэн буцаан илгээх, эсвэл аль Зөвлөлтийн үед зэвсэглэлээс хасаад агуулгахад хадгалчихсан зэвсэг техникүүд нөхөөсөнд очиж байна. Украинтай залгаа Оросын муж хотуудын эмнэлгүүд шархтанаар битүү дүүрсэн, араас нь ч шархтанууд очиж байна. Америкийн тагнуулын мэдээгээр дайн эхлэхийн өмнөх Оросын арми ойролцоогоор 90%-иа (яг 87% гэж өөр нэг эх сурвалжид бичжээ) фронт дээр алджээ. REUTERS-ийн мэдээгээр Оросын цэргийн шинэчлэл 18 жилээр гэдрэг ухарсан гэсэн нь Коваленкогийн нэрлэсэн 15 жилээс даруй гурван жилээр илүү байна.


Гэтэл Оросын арми хэрхэн тэсээд даваад байна вэ гэдэгт Путин өөрөө хариулт өгчихлөө. Нийт 600 мянган цэрэг Украин руу татаж аваачаад фронтын шугам дагуу байрлуулсан, хүний олноор түрэн тогтож байгаа ба харин америкийн тагнуулын тооцоолж гаргасан бие бүрэлдэхүүний 90 орчим % гэдэг нь алагдсан шархадсан цэрэг 315 мянга гэсэн үг ажээ. 2022 оны хоёрдугаар сард Украин руу 360 мянган цэрэг оруулсан, хил дээр нь бөөгнүүлсэн гэж үзвэл 315 мянга нь бодитой тоо юм. Москвагийн суртал нэвтрүүлэгчид барууны гаргасан ийм тооцоог ямагт хэтрүүлэг гэж няцаавч Чеченийн хоёр дайнд алдсанаас 26 дахин, Афганистанд алдсанаас 23 дахин их цэргээ алдав гэдэг нь оросын өөрийнх нь цэргийн шинжээчдийн дунд ид яригдаж буй, судалгааны эргэлтэд орж буй бодит баримт гэж Коваленко үзэж байна.


“Первый канал”-ын хэвлэлийн их хурлын өмнө ч, одоо ч Оросын диктатораас шаардаж буй байнгын хатуу даалгавар хэвээрээ байна. Украины ямар нэгэн нутаг дэвсгэрийг нэмж эзлэн авах хатуу үүрэг даалгавар, байлдааны тушаал. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Украины хоёр хотыг заавал эзлэсэн бай гэдэг хатуу тушаал. Тэр нь Купянск ба Авдеевк гэсэн хоёр хот. Денис Попович FreeДом ТВ-ээр ярьж харагдав. Маш олон үүрэг даалгавар очдог, тэмдэглэлт дурсгалт өдрүүдээр заавал аль нэг хэсэгхэн газрыг ч атугай эзлэ гэж үүрэгддэг, өмнө нь ч, одоо ч  Донецк мужаас газар нутаг хумслан авах махан овооны цуст давшилтаа огт сулруулахгүй байна. Ямар өртгөөр тэгж давшдаг вэ гэдэгт хариулахдаа Авдеевкийг эзлэн авах гэж маш их хохирол амссан, тийм хэмжээний өртгөөр 2022 онд Купянскийг эзлэн авсан боловч украины цэрэг эргүүлж бутцохиод хөөж гаргасан. Одоо эргээд үр дүнгүй давшсаар байна гэж ярив. 


Орос галзууртлаа давшсаар, пуужин дроноор украинчуудын зоригийг мохоочих гээд, гэвч өргөн утгаараа Орос орон ёроол руугаа уруудсаар. Путиныг “сказочник-фантаст” гэж оросууд элэглэн нэрлэх ба “Russian Field” хэмээх нийгмийн санал асуулгын сүлжээгээр бол орос залуусын гуравны нэг нь “СВО”-г ил эсэргүүцжээ. Орос иргэдийн 48% нь Украинтай шууд хэлэлцээ хийгээч хэмээн уриалжээ. Энэ бол Оросын ард түмний эх орны дайн биш, Путины нэр хүнд амбицыг гүйцэлдүүлэх дайн тул Путиныг дэмжигчид 2022 оны эхэн үеийнхээсээ 2 дахин унасан гэдгийг “Хроники” нийгмийн судалгааны тандалт харуулжээ. “Бидний нөхрүүд, ах нар, хөвгүүдийг фронтоос эргүүлж татаж, бидэнд амьдаар нь буцааж өгөөч! Бид олуулаа, дахиад олуулаа болно!” гэсэн эхчүүд, хүүхнүүдийн тэмцэл Орост бугших нь үүнийг илтгэнэ. 


“Эвлэлдэн нэгдсэн БАРУУН”–АНУ, НАТО, Европын Холбоо, Япон, БНСУ... Украиныг аль хүртэл дэмжих нь вэ, хэзээ залхах нь вэ, хэзээ сульдаад унах нь вэ гэдгийг Москвад үзчих санаатай хоёр жилийг туулаад оросууд үр дүнгээ үзсэнгүй.


Путины геополитикийн амбиц дотор НАТО-г дорно зүг тэлүүлэхгүй, Евроинтеграцыг хуучин Зөвлөлтийн хил дотор оруулахгүй гэсэн нь ч баларлаа. Финланд НАТО-д баяр ёслолын байдалтай элсэж, араас нь Швед ээлжээ (процедур) хүлээж байна. Украин, Молдова хоёр Европын Холбоонд элсэх хэлэлцээг яаралтай эхлүүлэх шийдвэр Брюссельд албажив. Оросын “трояны морь” Виктор Орбаныг (Унгар) шившиглэн байж санал хураав, нөгөө Словак нь шууд “За” гэв! 


Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь