sonin.mn

Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлан хамгаалах салбарын шагнал олгох журам” энэ сарын 1-нд шинэчлэн батлагдлаа. Тус журмыг шинэчлэн батлах болсон шалтгаан нь батлан хамгаалах салбарын шагналын нэр хүндийг дээшлүүлэх бөгөөд хэд хэдэн онцлог өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Засгийн газрын 2019 оны тогтоолоор төрийн албан хаагчид шагнал олгох журамд нийцүүлэн ЗХЖШ болон Төрлийн цэргийн командлал, удирдах газар ямар шагналыг хэрхэн олгох, мөн шаардагдах зардлыг яамны жил бүрийн төсөвт оруулдаг байхаар тусгасан.


Жишээ нь "Эх орны төлөө" хүндэт тэмдгийг I, II, III гэх дарааллаар гурван шагнал олгодог байсныг нэг болгож багасгасан. Түүнчлэн дурсгалын бичиг бүхий хүйтэн зэвсэг олгож болно гэх заалтыг оруулсан нь манай салбарын онцлогт тааруулсан.


Дараагаар шагнал олгох болзол, шалгуурыг өндөрсгөсөн. Жишээ нь, өмнөх журамд "Батлан хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийг цэргийн албанд 20-оос дээш жил ажилласан хүнд олгоно гэж заасан байдаг. Тэгвэл шинэ журамд батлан хамгаалах салбарт 20-оос дээш жил ажилласнаас гадна цэргийн мэргэжлийн боловсролын байгууллагад шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэхэд 15-аас дээш жил ажилласан эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, багшид олгоно гээд заачихсан. Мөн БХЯ-ны "Жуух бичиг"-ийг өмнө нь 15-аас дээш жил ажиллаж буй ажилтанд олгохын сацуу мөнгөн урамшуулал дагалдуулдаг журамтай ч төсөвт суудаггүй асуудал байсан. Тиймээс үүнийг өөрчлөөд мөнгөн урамшуулалгүй болгож, цаашлаад ямар тохиолдолд яаж олгох вэ гэдгийг маш дэлгэрэнгүй, тодорхой байдлаар тусгасан.  Мөн албан тушаалтанд шагнал гардуулах үйл ажиллагаанд ар гэрийн төлөөллийг нь оролцуулж болно гэдгийг анх удаа тусгажээ. Ингэснээр тухайн цэргийн алба хаагчдад үзүүлж буй хүндэтгэлийн арга хэмжээг гэр бүлд нь нээлттэй болгож байгаа аж. 


Дээрээс нь тус журамд Батлан хамгаалах салбарын шагналыг нөхөн болон сольж олгох талаар анх удаа тусгасан. Үүнээс гадна Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газрын шагналд Батлан хамгаалах яамнаас нэр дэвшүүлээд эрх бүхий байгууллагаас тодорхой шалтгаанаар шийдвэрлэгдээгүй тохиолдолд тухайн алба хаагчийг 2 жилийн дотор уг шагналд дахин тодорхойлохгүй гэж заасан. 


Өөр нэг онцлог заалтыг тусгасан нь БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, удирдах газар, харьяа нэгтгэл, анги, байгууллага нь байгууллагын ой болон бусад тэмдэглэлт баярыг тохиолдуулан бие даан дурсгалын медаль, хүндэт тэмдэг зэргийг бий болгож, бие бүрэлдэхүүнийг шагнахыг хориглосон. Зөвхөн онцгой тохиолдолд Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр дурсгалын медаль, хүндэт тэмдэг зэргийг бий болгоно гэж заажээ. Тус журам шинэчлэн батлагдсанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрийн цэргийн байгууллага, яамны харьяа байгууллагын офицер, ахлагч, ажилтан албан хаагчид болон ахмадууд, аймаг, нийслэлээс Монгол Улсын цол, одон, медаль, Засгийн газрын шагналд албан хаагчдыг тодорхойлох үйл явц илүү тодорхой болж шагнаж урамшуулах харилцаа нарийвчлан зохицуулагдаж, алба хаагчдын ажиллах идэвхийг нэмэгдүүлэх, үйл хэргийг сурталчлан таниулах, дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Энэхүү шинэ журмыг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.