sonin.mn

МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 10 /TASS/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн ОХУ-д хийсэн хоёр өдрийн айлчлал мягмар гарагт буюу өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй албан ёсны хэлэлцээ хийснээр өндөрлөжээ.


В.Путин, Н.Моди нар Кремлийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд хоёр орны удирдагчид "Евразийн аюулгүй байдлыг бэхжүүлэхээр тохиролцож", "Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлыг дипломат арга замаар, мөргөлдөөнд оролцогч хоёр талын оролцоотойгоор тайван замаар зохицуулах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна". 


Мөн 2030 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэх шинэ зорилт тавьжээ. 2023 онд энэ үзүүлэлт 66 хувиар нэмэгдэж, 65 тэрбум ам.доллар болсон бол 2024 оны эхний улиралд 17.5 тэрбум ам.долларт хүрсэн нь В.Путиний хэлснээр өмнөх оны мөн үеийнхээс 20 хувиар өссөн байна. Түүнчлэн цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Энэтхэгийн цэргийн техникт зориулан үйлдвэрлэх нөөц эд анги, агрегатын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. 


Айлчлалын хоёр дахь өдөр В.Путин, Н.Моди нар “Ардын аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэн”-гийн “Атом” танхимд зочилжээ. Уг танхимд "Орос орон" үзэсгэлэнгийн хүрээнд тус улсын цөмийн физик, атомын зэвсгийн түүхийн тухай, мөн цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах технологийн тухай үзмэрүүдийг дэлгэсэн байна.


Айлчлалын албан ёсны хэсгийн төгсгөлд В.Путин, Энэтхэгийн Ерөнхий сайдад Оросын төрийн дээд шагнал болох Гэгээн Андрейн одонг гардуулжээ. Н.Модигийн айлчлалын үеэр Орос, Энэтхэг улсууд нийт 15 баримт бичигт гарын үсэг зурсан байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг