sonin.mn

ТОКИО, 2024 оны долоодугаар сарын 4 /NHK/. Япон улсад 20 жилийн дараа 10.000, 5.000 болон 1.000 иений шинэ дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргалаа. Шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргах ёслол лхагва гаргийн өглөө Токиогийн Нихонбаши дүүрэг дэх Японы Төв банкны төв салбарт болжээ. Тус банк энэ өдөр 1.6 их наяд иен буюу 9.9 тэрбум ам.долларын дүн бүхий шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд оруулсан байна. 


10.000 иенийн шинэ дэвсгэртийн нүүрэн талд эдийн засгийн олон шинэчлэлийг санаачлагч, "Японы капитализмын эцэг" гэгддэг Эйичи Шибүсавагийн (1840-1931) хөргийг залсан байна. Тэрбээр 500 орчим компанийг үүсгэн байгуулах, хөгжүүлэхэд гар бие оролцжээ. Хуучин дэвсгэрт дээр Японы философич, сурган хүмүүжүүлэгч Фүкүзава Юкичигийн хөрөг байдаг байна. 


5.000 иенийн шинэ дэвсгэрт нь гадаадад боловсрол эзэмшсэн анхны япон эмэгтэйчүүдийн нэг, Цүда их сургуулийг үүсгэн байгуулагч Юмеко Цүдагийн (1864-1929) хөрөг зурагтай болсон бол 1.000 иенийн дэвсгэртийн хөргийг татран өвчнийг эмчлэх аргыг боловсруулсан “Японы орчин үеийн анагаах ухааны эцэг” гэгддэг микробиологич Шибасабүро Китасатогийн (1853-1931) хөргөөр сольжээ. Эдгээр мөнгөн дэвсгэртийн загварыг 2004 оноос хойш анх удаа шинэчлэн гаргаж байна. Шинэ мөнгөн дэвсгэртүүдийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх үүднээс хамгийн сүүлийн үеийн голограмм технологийг ашиглажээ. Японы Засгийн газар болон Төв банк 2025 оны гуравдугаар сар гэхэд 7.5 тэрбум орчим шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэхээр төлөвлөсөн байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг