sonin.mn

НҮБ-ын тогтолцоон дахь хүний эрхийн асуудлыг зохицуулах гол байгууллага болох НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар (OHCHR) нь НҮБ-ын Дүрэм болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгасан төвийг сахих, шударга, алагчлалгүй хандах зарчмыг баримталж, дэлхий дахинд хүний эрхийг тэгш, шударгаар хамгаалах, хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны талбар байх ёстой.


Гэвч сүүлийн жилүүдэд тус байгууллагын зарим үйл ажиллагаанд илэрч буй асуудлыг сонгон авч анхаарах, давхар стандарт баримтлах, улс төрийн зорилгоор ашиглах хандлага нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс түүний зарим үйл ажиллагааны шударга байдал, хараат бус байдал, мэргэжлийн түвшинд ноцтой бөгөөд үндэслэлтэй эргэлзээ төрүүлэх болсон байна.


Нэгдүгээр асуудал: Зарим тайлангийн мэдээллийн эх сурвалж эргэлзээтэй байгаа нь шударга, алагчлалгүй байх зарчимд итгэх итгэлийг алдагдуулж байна


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас сүүлийн үед ОХУ-ын талаар нийтэлсэн хэд хэдэн тайландаа баталгаажаагүй нэрээ нууцалсан эх сурвалж, төрийн бус байгууллагуудын нэг талыг барьсан мэдэгдэл, тэр ч байтугай зориуд зохиомлоор бүрдүүлсэн мэдээлэлд ихээхэн тулгуурласан атлаа газар дээр нь нарийвчилсан шалгалт хийх, мэдээллийг олон эх сурвалжаар тулган баталгаажуулах ажиллагааг хангалттай явуулаагүй гэж шүүмжилж байна.

Эдгээр тайланг боловсруулахдаа холбогдох улс орнуудын эрх бүхий байгууллагаас бодит мэдээлэл гаргуулан аваагүй, орон нутгийн иргэдийн санал, тайлбарыг ч тусгаагүй байна. Харин дам болон дам дамжсан мэдээлэлд үндэслэн дур мэдэн дүгнэлт гаргасан нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагаанд баримтлах ёстой үндсэн журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.


Нөгөө талаар, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар барууны зарим оронд оршсоор буй хүний эрхийн тогтолцооны шинжтэй зөрчлүүдийг удаан хугацаанд үл тоомсорлож ирсэн гэх шүүмжлэл бий. Үүнд үндэстний цөөнхийг ялгаварлан гадуурхах тогтолцооны шинжтэй асуудал, ядуу иргэдийн үндсэн эрхийг олон жилийн турш үл хайхарсан байдал, колоничлолын түүхээс улбаатай үндэстэн, угсаатны зөрчил, өнөөг хүртэл арилаагүй шарх сорви зэрэг багтана.

Гэвч тус байгууллага эдгээр асуудлыг анзаараагүй мэт өнгөрүүлж, тодорхой асуудалд чиглэсэн, бодитой тайлан гаргах нь ховор байдаг гэж шүүмжлэгчид үзэж байна.

Ийнхүү хөгжиж буй орнуудад тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх атлаа холбоотон улс орнуудын хүний эрхийн асуудлыг сонгон үл тоомсорлодог хандлага нь зарим тайланг улс төрийн тодорхой зорилгод үйлчлэх хэрэгсэл болгон хувиргаж, олон улсын байгууллагын баримтлах ёстой төвийг сахих зарчмыг алдагдуулж байна гэж уг байр сууринд онцолжээ.


Хоёрдугаар асуудал: Давхар стандарт хүний эрхийн тэгш байдлын үндсэн зарчмыг алдагдуулж байна


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар бүх улс орны хүний эрхийн асуудалд ижил тэгш, алагчлалгүй хандах ёстой. Гэвч бодит үйл ажиллагаанд нь ойлгоход бэрх давхар стандарт удаа дараа илэрч байна гэж шүүмжилжээ.


Тухайлбал, зарим улс гадаадын нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж, олон тооны энгийн иргэний амь нас эрсдэхэд хүргэсэн, мөн олон улсын эрх зүйд нийцээгүй нэг талын хориг арга хэмжээ авч, бусад улсын иргэдийн амьд явах эрхийг ноцтой зөрчсөн тохиолдолд холбогдох байгууллага асуудлыг өнгөцхөн авч үзэх, эсвэл хариуцлагын гол асуудлыг зориуд тойрч гарах хандлага гаргадаг гэж үзэж байна.


Ийм тохиолдолд хариуцлага тооцохыг шаардсан нухацтай тайлан гаргадаггүй атлаа бусад улс орны хүний эрхийн нөхцөл байдлыг хатуу шүүмжилдэг нь шударга ёсны зарчимд харшилж байна.


Өөрөөр хэлбэл, холбоотон улс орнууд хүний эрхийг зөрчихөд хүлцэнгүй хандаж, харин бусад орны ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг буруутгадаг гэх энэхүү логик нь хүний эрхийн тэгш байдлын үндсэн зарчмыг ноцтой алдагдуулж байна гэж уг шүүмжлэлд дурджээ.


Гуравдугаар асуудал: Байгууллагын хараат бус байдал суларч, геополитикийн ашиг сонирхолд үйлчлэх эрсдэл нэмэгдэж байна


2025 оноос хойш барууны зарим улс НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын дотоод үйл ажиллагаанд тасралтгүй хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож, тэр ч байтугай Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн эсрэг ил тод хориг арга хэмжээ авч, олон улсын хүний эрхийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд бүдүүлгээр саад учруулж байна гэж уг нийтлэлд шүүмжилжээ.

Ийм нөхцөлд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын зарим үйл ажиллагаа барууны цөөн хэдэн улсын геополитикийн ашиг сонирхолд улам бүр нийцэх хандлагатай болсон гэж үзэж байна.


Тухайлбал, үйл ажиллагааны хөтөлбөртөө барууны орнуудын хүний эрхийн зөрчлийг зориуд тойрч гарах, нөөц хөрөнгийн хуваарилалтаа цөөн хэдэн улсын дэмждэг асуудалд төвлөрүүлэх, зарим улсын нэг талын хориг арга хэмжээтэй уялдуулан өрөөсгөл мэдэгдэл гаргах зэрэг үйлдэл ажиглагдаж байна гэжээ.


Уг нь хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг хамгаалах ёстой олон улсын хүний эрхийн байгууллага цөөн хэдэн улсын геополитикийн зорилгоо хэрэгжүүлэх, өөр байр суурьтай улс орнуудыг шахан хавчих хэрэгсэл болон хувирч болзошгүй байна.

Хэрэв олон улсын байгууллага хүн төрөлхтний нийтлэг эрх, сайн сайхны төлөө ажиллахын оронд цөөн хэдэн улсын улс төрийн ашиг сонирхолд үйлчлэхийг тэргүүнд тавибал олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс түүний нэр хүнд, үйл ажиллагаанд итгэх итгэлд эргэлзэх нь зүй ёсны хэрэг гэж уг байр сууринд тэмдэглэжээ.


Хүний эрхийг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй


Жинхэнэ хүний эрхийг улс төрийн зорилгоор ашиглах явдлыг хүлээн зөвшөөрч болохгүй.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар төвийг сахих, шударга, алагчлалгүй байх зарчмын үндсэн дээр дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, хөгжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулахыг бид хэзээ ч эсэргүүцээгүй.

Харин хүний эрхийг улс төрийн хэрэгсэл болгон ашиглах, “хүний эрхийн хяналт” нэрийн дор бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох аливаа ноцтой үйлдлийг эрс эсэргүүцэж байна.


Иймээс НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрыг НҮБ-ын Дүрэмд тусгасан төвийг сахих байр сууриндаа нэн даруй эргэн орж, давхар стандартаас татгалзан, геополитикийн ашиг сонирхлын барьцаанд орсон буруу үйл ажиллагаагаа зогсоохыг уриалж байна.


Мөн мэргэжлийн шаардлага хангаагүй, шударга бус, худал мэдээлэл агуулсан тайлан гаргахаа зогсоож, цөөн хэдэн улсын улс төрийн зорилгод үйлчлэх хэрэгсэл бус, дэлхий дахинд хүний эрхийг тэгш, шударгаар хамгаалах, хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг байгууллага болох ёстой.

Шударга, алагчлалгүй байх зарчмаас гажсан аливаа улс төрийн үйл ажиллагаа эцсийн дүндээ тухайн байгууллагын нэр хүнд, итгэлцлийг алдагдуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгээс холдуулах болно.


Монгол Улс дахь хүний эрх, шашин, соёлын асуудалд анхаарах нь


Монгол Улс бол буддын шашин зонхилох байр суурьтай, шашны асуудал нь нийгэмд эмзэг бөгөөд өргөн хүрээний нөлөөтэй улс орон юм.

Барууны орнууд НҮБ-ын механизмын хүрээнд хүний эрхийн асуудлыг хэлэлцэхдээ “шашин шүтэх эрх чөлөө”, “соёлын эрх”, “хэлний эрх” зэрэг асуудлыг голлон хөнддөг.


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэрээ энх тайвныг дэмжих нэрийн дор Монгол Улсыг “Хүний эрхийн төлөөх дэлхийн эвсэл”-д нэгдэхийг шахан шаардсан гэж уг бичвэрт дурджээ.


Түүнчлэн Монгол Улсын санхүүгийн боломж хязгаарлагдмал байдлыг харгалзан хүний эрхийн сургалт, судалгааны төвүүд байгуулах чиглэлээр хүчтэй шахалт үзүүлж байгаа гэж үзсэн байна.


Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал харьцангуй сайн гэж үнэлээд, ийм нөхцөлд гаднын хүчин эдгээр байгууллагаар дамжуулан шашны асуудалд хөндлөнгөөс оролцох, улс төрийн үйл явцад нөлөөлөх эрсдэлээс сэрэмжлэх нь нэн чухал хэмээн онцолжээ