sonin.mn

ЛОЗАНН, 2024 оны долоодугаар сарын 4 /sport24/. Францын нийслэл Парис хотноо болох зуны Олимпын наадмыг цуцалж магадгүй гэх мэдээлэл тарсантай холбогдуулан Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ мэдэгдэл гаргалаа. 


Тодруулбал, долоодугаар сарын 4-нд хэвлэгдэх “Le Point” сонины нийтлэлээс болж наадмыг хойшлуулах эсвэл цуцалж магадгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан байна.


Уг нийтлэлд "Олимпын наадмыг эхлэхээс 3 долоо хоногийн өмнө цуцлахаар төлөвлөж байгаа бөгөөд цуцлах болсны шалтгаан нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон парламентын ээлжит сонгуулийн дараа тус улсад иргэний дайн дэгдэх эрсдэлтэй гэж мэдэгдсэнтэй холбоотой" гэж бичсэн байсан аж.


Тус улсад парламентын ээлжит бус сонгуулийн эхний шат өнгөрсөн ням гарагт болж, хэт барууны үзэл баримтлалтай "Үндэсний нэгдэл" нам болон түүний эвслийн хүчнүүд ялсан билээ. Сонгуулийн дараа зүүний намуудын эвсэл болох "Ардын шинэ фронт"-ыг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийсэн юм.


“Энэ бол Франц болон тус улсын Ерөнхийлөгчийн эсрэг мөн ОУОХ, Олимпын наадмын эсрэг явуулж буй хуурамч мэдээллийн кампанит ажлын нэг хэсэг гэдэг нь тодорхой. Энэ мэдээлэл ямар нэгэн бодит мэдээлэлд үндэслээгүй бөгөөд ОУОХ-ны ерөнхийлөгч болон нийт Олимпын хөдөлгөөнийхөн Парис хотноо болох гайхамшигт Олимпын наадмыг тэсэн ядан хүлээж байна" гэж ОУОХ-ны албан ёсны мэдэгдэлд дурджээ. Парист болох Олимпын наадам долоодугаар сарын 26-нд эхэлж, наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг