sonin.mn

Нийслэлийн захын болоод хотын төвийн бүсэд хамаарах хороодод улсын нэг ч сургууль байдаггүй. Сурагчид сурахын төлөө хол зам туулах, хараа хяналтгүй зорчих нь аав ээж, асран хамгаалагчдын санааг зовоох, тэсгим хүйтэнд автобус хүлээх зэрэг бэрхшээлтэй өдөр бүр тулгарч байна. Үүнийг дагаад эцэг, эхчүүдийн ажил эрхлэлтийн асуудал ч хөндөгдөж байгаа юм. Эдгээр асуудлуудыг хөндөж “Зууны мэдээ” сонин цувралаар сурвалжилж хүргэлээ. Энэхүү цувралд “Эмээлтийн хүүхдүүд сургуульгүй, эцэг эхчүүд нь ажилгүй байна”, “Сургуульгүй хороо буюу дүүрэг дамжсан 3000 сурагч” гэсэн нийтлэлүүд бэлтгэн хүргэсэн юм. Бичвэрүүдийг тоймлон хүргэе. 


СУРГУУЛИЙН БАРИЛГА ХЭЗЭЭ АШИГЛАЛТАД ОРОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

 

Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдийн нэг бол Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт юм. Нийслэлийн төвөөс 40 гаруй км зайд худалдаа, үйлчилгээний цогцолбор байдлаар бие даан хөгжиж, суурин болтлоо оршин тогтнож буй энэ өртөөнд сургуулийн насны 700 гаруй хүүхэд бий. Гэвч эдгээр хүүхдүүдэд харьяаллын сургууль байхгүй. Тиймээс өдөр бүр 20 гаруй километр зам туулан сургуульдаа явдаг.



Эмээлтийг сургуультай болгох асуудал таван жилийн өмнөөс яригдаж байгаа ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна. Хүүхдүүд "Удахгүй л эндээ, гэрийнхээ ойр сургуультай болно. Өвөл болохоос өмнө амжих болов уу хэмээн цовоо дуугаар хариулцгаах нь өхөөрдөм. Гэвч өвөл аль хэдий ирсэн, сургууль ашиглалтад ороогүй байгаа юм. Нийтийн автобус өдөрт цөөхөн явдаг учраас удаан хүлээх нь хэцүү гэдгийг ч хэлж байв. Тэд зөвхөн гэртээ ойр, амар тайван, аюулгүй орчинд суралцах хүсэлтэй.



Эмээлт өртөөний сурагчид хэзээ гэрийнхээ ойр сургуультай болох талаар хорооны Засаг дарга С.Уянгаас тодруулахад “Сургуулийн асуудлаар холбогдох бүхий л газарт албан бичиг хүргүүлж, иргэдийн санал хүсэлтийг байнга тавьдаг. Сургуулийн ажлыг гүйцэтгэж байгаа “Фүжи- Алтай” констракшн ХХК компани, БСШУЯ-наас мэргэжилтнүүд ирж барилгын ажилтай хоёр удаа танилцсан.


БСШУ- ны сайд Л.Энх-Амгалан барилгын ажил ямар явцтай байгааг ирж харсан. 2022 онд улсын төсвөөс 300 сая төгрөгийг сургуулийн барилгын ажилд тусгаж өгсөн ч буцаагдсан. Учир нь анх гэрээнд заасны дагуу компани ажлын биелэлтийг гүйцээн, хүлээлгэн өгсөн тохиолдолд гарсан зардлыг баталж олгодог. Харин энэ жилийн улсын төсөвт сургуулийн барилгын ажилд хөрөнгө, мөнгө тусгагдаагүй” гэлээ.


Одоогоор барилгын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Яамнаас энэ онд багтаан сургуулийг бүрэн ашиглалтад оруулах үүрэг өгсөн ч одоогоор ямар нэг шийд гараагүй байгаа аж. Бид компанийн менежертэй холбогдоход “Хөрөнгө мөнгөнөөс болоод сургууль ашиглалтад орох боломжгүй байгаа” гэснээс өөр тайлбар хэлсэнгүй.


 СУРГУУЛЬ БАРИХ ГЭХЭЭР ГАЗАР ОЛДДОГГҮЙ, ХАРИН ӨНДӨР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ СҮНДЭРЛЭСЭЭР

 

Баянгол дүүргийн XXIX хороо НИТХ-ын 2010 оны тогтоолоор СХД-ийн XXIII хорооноос хуваагдан шинээр байгуулагджээ. Нийт 45 га талбайг хамран төрийн үйлчилгээг хүргэж ажилладаг. Энэхүү хороо нь 6000 гаруй хүн амтай 1700 гаруй өрхтэй. Бүрэн “байшин” хороолол гэж хэлж болно. 29 дүгээр хороонд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд бүртгэлтэй. Эдгээр хүүхдүүд хаана суралцаж буй талаар хорооны зохион байгуулагч З.Уянгаас тодрууллаа.


Тэрбээр “Эрдмийн өргөө цогцолбор, 19 дүгээр сургуульд хамран сурах тойргийн хүрээнд суралцдаг. Манай хороонд төрийн өмчийн сургууль баригдаагүй. Сургууль барих гэхээр газар олддоггүй. Хорооны бүхий л газар хувь хүний нэр дээр байдаг. Тиймээс сургууль барих боломжгүй. Эцэг эхчүүд СХД-т хүүхдүүдээ сургаж буй нь өөрсдийнх нь сонголт” гэлээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд бусад хороо руу, бүр дүүрэг дамжин сургуульдаа явж байна.


Хорооныхонтой уулзах үеэр зарим нэг иргэдийн байр суурийг сонслоо. Эцэг, эхчүүд төрийн өмчийн сургуульгүй учраас дүүрэг, хороо дамжиж хэдэн арван автобусны буудлын зайтай сургуульд хүүхдүүдээ явуулж байна. Хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл, эрүүл аюулгүй байдлаас эхлээд үнэхээр хүндрэлтэй гэдгийг хэлж байлаа. 29 дүгээр хорооны иргэн Х.Дулам “Манай хороонд эргэн тойрон өндөр байшин ихтэй. Эрин, Өнөр, Хархорин гэх мэт хорооллоор дүүрэн. Улсын сургууль нэг ч баригдаагүй. Хойшоо зам гарч СХД-ийн сургуулиудад хөөгдөн туугдан хүүхдээ өгдөг. Миний нүдэн дээр бага ангийн сурагч охин гарцаар гарч яваад дайруулж амиа алдаж байсан. Өглөө хүүхдээ төв зам гаргаад ажилдаа явдаг. Өдөр нь хэрхэн зам гарч гэртээ харьдаг бол гэж бодоход сэтгэл байнга түгшдэг. Улсын сургууль барихад газар олдохгүй байна гэдэг ганц хариу өгдөг. Харин олон өндөр барилга одоо ч нэмж баригдсаар л байна” гэв.



Батчулууны АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин