sonin.mn

СТОКХОЛМ, 2024 оны зургаадугаар сарын 27 /Azertac/. Суут эрдэмтэн Альберт Эйнштейний гарын үсэг бүхий захидлыг ирэх есдүгээр сард дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай "Christie's" ордон мэдээлжээ. Уг захидлыг 4 сая гаруй ам.доллароос дуудаж үнэ хаялцуулах ажээ.


1939 оны зун, Европт Дэлхийн II дайн эхлэхийн өмнөхөн Альберт Эйнштейн өөрийн судалгааны хамтрагч Лео Сзилардын хамт тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтэд захидал бичжээ.


Эрдэмтэд захидалдаа "асар хүчтэй бөмбөг" бүтээх зорилгоор цөмийн судалгааг идэвхтэй явуулж байгаа нацист Германаас өмнө цөмийн бөмбөг бүтээхийн тулд Америкийн ерөнхийлөгчийг цөмийн зэвсэгт хөрөнгө оруулахыг уриалсан байна.


Захидлыг Сзилард бичиж, харин Эйнштейн тэр үед алдартай, нөлөө бүхий хүн байсан тул гарын үсгээ зуржээ. Асуудлын ноцтой байдлыг ухаарсан Рузвельт Ураны хороог байгуулж, хожим нь цөмийн физикч Роберт Оппенхаймераар удирдуулсан "Манхэттэн төсөл" хэрэгжжээ. Зургаан жилийн дараа АНУ Японы Хирошима, Нагасаки хотуудын дээр хоёр атомын бөмбөг хаяж, зэвсэгт мөргөлдөөнд цөмийн зэвсэг ашигласан анхны бөгөөд цорын ганц орон болсон юм.


“Хэрвээ германчууд цөмийн бөмбөг бүтээж чадахгүй гэдгийг мэдсэн сэн би бол хуруугаа ч хөдөлгөхгүй байх байсан" Эйнштейн 1947 онд хэлж байсан удаатай. 


Дуудлага худалдаанд санал болгох уг захидал нь Нью-Йоркийн Хайд-Парк дахь Ерөнхийлөгчийн номын сан, музейд хадгалагдаж буй эх захидлынх нь товч хувилбар аж. Энэ хувилбарыг "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Пол Аллен 2002 онд Малкольм Форбсоос 2.1 сая ам.доллароор худалдаж авч байжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг