sonin.mn

СИНГАПУР, 2024 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Сингапурын агаарын тээврийн “Сингапур Эйрлайнс” компани өнгөрсөн сард агаарын хүчтэй урсгалд орсон нислэгийн зорчигчдод нөхөн төлбөр санал болгожээ. Уг нислэгийн үеэр нэг хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн юм.


Хөнгөн гэмтсэн зорчигчдод тус бүр 10 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохыг санал болгосон бол хүнд гэмтсэн зорчигчдыг нөхөн төлбөрийн талаар хэлэлцэхийг урьсан гэж тус компани мягмар гарагт “Фэйсбүүк” хуудсандаа мэдээлжээ.


“Хүнд гэмтсэн, удаан хугацаагаар эмнэлгийн тусламж авах шаардлагатай, санхүүгийн тусламж хүссэн зорчигчдод яаралтай хэрэгцээгээ хангахад нь зориулан 25 мянган ам.долларын урьдчилгаа төлбөрийг санал болгож байна. Энэ нь тэдгээр зорчигчид олгох эцсийн нөхөн төлбөрийн нэг хэсэг болно” гэж агаарын тээврийн компани мэдэгдсэн байна.


Түүнчлэн тавдугаар сарын 20-нд Лондон-Сингапур чиглэлийн “SQ321” нислэгээр зорчсон бүх зорчигчид тасалбарынх нь үнийг буцаан олгоно гэж уг мэдэгдэлд дурджээ.


“Boeing 777-300ER” загварын нисэх онгоц 10 орчим цаг үргэлжлэх нислэгийн үеэр Мьянмарын дээгүүр нисэж явахдаа агаарын хүчтэй урсгалд орж, чичирхийлэл үүссэн юм. Тайландын холбогдох албаныхны мэдээлснээр, 73 настай Британийн иргэн Жефф Китчен зүрхний өвчний улмаас нас баржээ. Ослын дараа онгоцны чиглэлийг өөрчилж Бангкокт газардуулсан юм.


Өнгөрсөн долоо хоногт Сингапурт төвтэй “Channel News Asia” сувгийн мэдээлснээр, 10 орчим зорчигч нислэгээс хойш хоёр долоо хоног гаруйн турш Тайландын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.


Харин 2-3 зорчигч түргэн тусламжийн нисдэг тэргээр нутаг буцжээ. Зорчигчдын нэг болох Керри Жордан цээжнээсээ доошоо саажилттай болсон тухай Австралийн “The Advertiser” сонинд ням гарагт мэдээлсэн байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг