sonin.mn

СӨҮЛ, 2024 оны зургаадугаар сарын 11 /OANA/. Өмнөд Солонгосын агаарын тээврийн үйлчилгээний “Moviation” компани Сөүл хотод нисдэг тэргээр таксины үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж, уламжлалт нийтийн тээврээс илүү хурдан бөгөөд аюулгүй хувилбарыг санал болгож байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээллээ. 


“VONAER” хэмээх шинэ агаарын такси үйлчилгээ нь Сөүлээс баруун зүгт орших Инчеон олон улсын нисэх онгоцны буудлаас Сөүлийн зүүн хэсгийн Жамсил бүсийн хооронд 56.8 орчим км-ийн зайд зорчигчдыг нисдэг тэргээр тээвэрлэх ажээ. 


Нислэгийг захиалга өгсөн өдрөөс хойш хоёр долоо хоногийн дараа хийх боломжтой бөгөөд дунд оврын "Sikorsky S-76C++" онгоцоор нислэг үйлдэхийн тулд хамгийн багадаа 8-10 зорчигч баталгаажуулсан байх ёстой.


Нэг талын тасалбарын үнэ 440 мянган вон /320 ам.доллар/ бөгөөд нислэг 20 минут үргэлжлэх бол Инчеон нисэх онгоцны буудлаас Жамсил хүртэл автомашинаар явахад нэг орчим цаг зарцуулдаг.


Уг нисдэг тэрэг нь цагт 200 км-ийн хурдтай нисдэг бөгөөд Сөүлийн хотын бүсийн дээгүүр нисэхдээ хурдаа 160 км/цаг хүргэж сааруулах ажээ. “Зорчигчид нисдэг тэрэгний буудал дээр байрлах амралтын өрөөнд амарч, нисдэг тэрэгний буудлаас нисэх онгоцны буудлын терминал хүртэл тээврийн хэрэгслээр зорчих боломжтой” гэж “Moviation” компанийн гүйцэтгэх захирал Шин Мин хэлжээ. Түүний ярьснаар, цаашид Сөүл хотын төвийн бусад бүс, түүний дотор Еуидо руу агаарын таксины үйлчилгээний чиглэлийг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг