sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /UN/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Дауны холбоотой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн “Trio” киног үзүүлжээ.




“Монгол” гэдэг үгийн талаар дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр ойлголтууд бий болсон байдаг. Ерөнхийдөө монгол хүнийг хэлдэг боловч дауны хам шинжтэй хүнийг, мөн “тэнэг” гэгддэг хүнийг илэрхийлсэн доромж утгаар хэрэглэсээр иржээ. Ийм сөрөг утга нь угсаатнуудыг зэрэглэн ангилдаг хуурамч шинжлэх ухаан, френологи ид газар авч байсан XIX дүгээр зууны үеэс улбаатай.




Энэхүү арга хэмжээний зорилго нь “монгол”, “монголоид”, “монголизм” зэрэг нэр томьёог доромж утгаар, ялангуяа дауны хам шинжтэй холбоотой нэр томьёо болгон ашиглахаас сэрэмжлүүлэх явдал юм. Түүнчлэн дауны хам шинжтэй хүмүүст холбогдуулан эдгээр нэр томьёог хэрэглэх нь хүний эрхийг зөрчиж, хор уршиг тарих хэвшмэл ойлголтыг улам ужигруулна гэдгийг онцлон харуулахад оршиж байна. Цаашлаад монголчуудыг ялгаварлан гадуурхахад хэрхэн нөлөөлж байгааг хөндөх зорилготой юм. Энэхүү арга хэмжээний үеэр гишүүн орнууд, НҮБ, олон улсын бусад байгууллага, агентлагууд, төрийн бус байгууллага, оролцогч талуудын үүрэг оролцоог харгалзан энэ асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээний талаар ярилцжээ.



Хэлэлцүүлгийн үеэр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж, үзэн ядсан үг хэллэгүүдийг хэрэглэхийн эсрэг тэмцэх, хүний эрх, хүртээмжтэй байдал, эрх тэгш байдлыг дэмжиж, ялгаварлан гадуурхалтаас ангид байх зэрэгт анхаарал хандууллаа.



Мөн энэхүү арга хэмжээний үеэр дэлхий нийтийн ойлголтыг өөрчлөх, хүний эрхийг хамгаалах, хэнийг ч орхигдуулахгүй байх зорилгыг дэмжих сурталчилгааны ажилд урлаг, дэлгэцийн уран бүтээлийг хэрхэн ашиглаж болдгийн жишээ болгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй кино наадмуудаас удаа дараа шагнал хүртсэн “Trio” киног үзүүлжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг