sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 655 өдөр шөнө тасралтгүй үргэлжилж, 22 дахь сар руугаа дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, unian.net/war/ сайт, украины цэргийн тагнуулын төлөөлөгч Андрей Юсов, сэтгүүлч Владимир Бучко, Казахстаны Ерөнхий сайд асан Акежан Кажегельдин нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.


Энэ 12 дугаар сарын 14-нд В.Путин “Шууд шугам” гэх хэвлэлийн их хурлаа төлөвлөсөн. 2021 оны сүүлээр нэг удаа тийм их хурлаа хийсэн. 2022 онд цуцласан. Одоо хийх гэж байгаа нь ерөнхий дэс дарааллаараа 18 дахь нь. Энэ удаагийнхад нь 12 дугаар сарын 1-нээс эхлэн асуултаа түүвэрлэн авсан. Москвад тусгай студи бэлтгэсэн. Оросын ба гадаадын сэтгүүлч сурвалжлагчид нэрсээ өгсөн. Хэвлэлийн их хурал дээр сэтгэл түгшүүлэх ганц л асуулт Оросын Ерөнхийлөгчид тавигдана. Левада төвийн социологийн судалгаагаар ноцтой ганц асуудал хэвлэлийн их хурал дээр тавигдана. Тэр нь Украин дахь дайнаа хэзээ хэрхэн дуусгах вэ гэсэн асуулт байна. Байлдаж ханалаа, эрчүүдээ илгээж алуулж ханалаа, алагдсан цэргийн нөхөн төлбөр яах вэ, байлдаж байгаа цэргийн цалинг хэзээ тавих вэ, цалин нь дэндүү бага байна гэх мэт сэдэв босч ирнэ гэхээс оросын эрх баригчид маш ихээр цэрвэж байна. Левада төвийн судалгаагаар Оросын нийгмийг түгшээсэн өдий төдий асуудал, жишээ нь юмны үнийн өсөлт, хомсдол гэх хурц сэдэв хэвлэлийн их хурлаар хөндөгдөж магадгүй байна. 2024 оны гуравдугаар сард товлосон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ хэвлэлийн их хурал дээр В.Путин өөрөө зарлах ба фронт дээр тэгж ялчихлаа, одоо ялалт ойрхон байна гэдгийг Оросын ард түмэнд ятгахын тулд ямар ч хамаагүй, ямар ч үнээр хамаагүй, ямар нэгэн “ЯЛАЛТ” байгуулсан байх, ядаж Авдеевкийг эзлэн авсан байх тухай хатуу тушаал БХЯ, ЗХЖШ-таа буулгажээ.


Фронт дээр хоногтоо хийгддэг оросын армийн давшилт эрс олширсон, өнгөрсөн 7 хоногт зарим өдөр 91 удаа давшсан, бутцохигдоод буцаад ухарсан, Бахмут ба Авдеевкийн чиглэлд ганц өдөр оросын цэргийн 34 атакийг няцаасан гэх мэдээ явж байна. Орост, Оросын армид хүний амь чухал биш, эд материал, зарлагатай эгээ адил тооцогддог нь энэ олон бүтэлгүй давшилтуудаас харагдана. Украины дорнод ба өмнөдөд оперативын байдал хүндхэн байгаа ч оросын цэрэг Донецк мужийн Новобахмутовк, Богдановк, Ивановск, Тоненьк, Клещиевк, Первомайск, Андреевкад украины хамгаалалтыг цөмлөж чадалгүй атакаа сүйрүүлэв. Харьков мужид Синьковк, Купянск чиглэлд оросын хэд хэдэн атакийг няцаав. Запорож мужид Работинод оросын атак няцаагдав. Украины батлан хамгаалах хүчин Днепр мөрний зүүн эрэгт бэхжиж байна. Оросын байршлуулад галын цохилт өгсөөр байна. Оросын зэвсэгт хүчин Украины фронт дээр ганц км байтугай 100 метр газар эзлэн авах тэнхээгүй, гэвч Москвагаас хатуу тушаалтай, заавал давш эзлэ гэсэн тул махан овоо босгон давшсаар, няцаагдсаар байгаа тухай мэдээ тасрахгүй.


Украины фронт дахь хохирлын хэмжээгээрээ Оросын арми дэлхийн нэгдүгээр дайны үеийн үзүүлэлттэй тун ойролцоо болж ирж байна. 107 жилийн өмнө 1916 оны байдлаар өдөртөө 1100 цэрэг фронтод алуулдаг, үхдэг байв. 2023 оны 11 дүгээр сард оросууд Авдеевкийг там болгох дайндаа улайраад өдөрт дунджаар 1000 цэргээ алдсан байна. Дэлхийн нэгдүгээр дайнд Оросын амссан хохирлыг ОХУ-ын өнгөн дээр давтана гэдэг цэргийн түүхийн шинжлэх ухаанд цоо шинээр орж ирж буй судалгааны сэдэв болно.  


Хоёр жилийн дайндаа Орос ямар ямар зэвсэг техникээ үнс сэг болгосныг хүснэгтээс харж болно. Харин одоо юутай үлдсэн, ямар ямар шинэ зэвсэглэл рүү орох гэж байгааг Андрей Юсов “Мы Украина” телеканалын эфирээр дэлгэрэнгүй ярьсныг буулгая. Оросын армийн зэвсэглэлийн нөөц дуусдаггүйн шалтгаан юу вэ гэдэгт ч хариулт өгчээ. Пуужин ба дроны үйлдвэрлэл нөөцөнд Орос онцгой анхаарч байгаа ба харин буудлагын хөнгөн зэвсгийн тухайд бол Орост маш их запас бий, кадрын нөөцөөс (бэлтгэл цэргийн үүрэгтэн) татагдан ирсэн цэрэг нэг бүрийг хангаад байх бололцоотой. Зөвлөлтийн үед үйлдвэрлээд нөөцөлчихсөн буудлагын зэвсэг Орост хязгааргүй их бий гэжээ. Тэр нь АК автомат ба төрөл бүрийн винтовууд. Фронт дээр орос цэрэг бүр нэжгээд автоматтай окопонд хэвтэж байхад алзахгүй байдгийнх нь гол нөхцөл энэ юм. 


Энэ дайн түүхэнд анх удаа дрон ба пуужингуудын дайн гэж бүртгэгдэх болж байна. Оросын хувьд пуужинт зэвсэглэлийн төрлүүд дээр гол анхаарал төвлөрч байна. “С-300” пуужин Орост хангалттай бий, энэ нь Украины фронт орчмын хот, суурингуудад гол аюул тарьдаг. Фронтод давшаад ялахгүй бол хонзонгоо энгийн тайван хотууд дээр гаргадаг арга руу Орос анхнаасаа шилжсэн. Гэхдээ оросын “С-300” нь өндөр нарийвчлал бүхий мэргэн зэвсэг огтоос биш, агаарт тодорхой чиглэлд ниснэ, тодорхой квадратад байгаа ононо, эсвэл онохгүй. Иргэний дэд бүтэц, энгийн хүн амыг сүйтгэхдээ яг тохирсон пуужин гэжээ.


Оросын хувьд хуягт техникийн байдал маш хүнд байна. Шинээр хүнд техник үйлдэрлэж байгаа гэж ярих боловч ихэнхи нь расконсервацаас (олон жилийн нөөцөөс, эсвэл зэвсэглэлээс хассан) татаж авсныгаа тэгж хэлээд байх шиг. Гинжит ба хуягт техниктээ модернизац хийсэн мэтээр оросууд ярьж байгаа нь бас асуудалтай. Орчин үеийн технологи илт дутаж байна. Оптик дуран хараа, орчин үеийн радиоэлектроник, схем, микрочип Орост илт хомс байна. Энэ бүхэн бол хүнд техникээ шинэчлэх гол эд ангиуд нь. Орост тавьсан элдэв санкц зэвсэглэлийн үйлдвэрт нь сөргөөр нөлөөлнө. Цохилтын беспилотник буюу нисэгчгүй далавчит төхөөрөг үйлдвэрлэхэд Орос анхаарч байвч мөн л санкцын уршгаар эд ангиудыг нь гадаадаас авч чадахгүй бол өөрсдийгөө хуурсан хэрэг болно–Андрей Юсов ярьжээ.  


“Украинд дайн өдөөгөөд Орос өөрсдийгөө шившиглэсэн, өөрсдийгөө дэлхийгээс хөндийрүүлсэн”, “Путин Орос орныг хямралын байдалд оруулчихлаа”, “Хэн ч Оросыг тэгж шахаагүй”, “ОХУ эдүгээ геополитикийн чиг баримжаан дундаа төөрчихсөн, тэгж төөрөлдсөнөөс болоод энд тэндгүй түншээ алдаж, түлхэж, муудалцаж явна”, “Төв Азийн холбоотнуудыг нь АНУ нэг нэгээр нь сугаллаа хэмээн Сергей Лавров ярьж байгаа нь ч инээдтэй”, “Төв Ази бол Зөвлөлт Холбоот Улс биш, бид Зөвлөлт Холбоот Улс биш гэдгийг Орос хүлээн зөвшөөрөхгүй, эсвэл тэгж ойлгочихоод Төв Азид хүнд байдалд орсон, Хятадад байр сууриа алдаж байна” гэдгийг Казахстаны Ерөнхий сайд асан, одоо сөрөг хүчний төлөөлөл болж буй Акежан Кажегельдин “Америкийн дуу хоолой” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн нь өнөөдрийн онч мэргэн үгс болов уу.


англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь