sonin.mn

Өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд нэг үйл явдлын тухай хоёр өөр байр суурьтай хоёр өөр субьект 11.00, 11.30 цагаас дарааллан хэвлэлийн хурал хийлээ.


Тодруулбал "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс мэдээлэл хийн, "2022 оны 12-р сарын 7-ноос хойш 461 дүгээр ангид хоригдож байгаа Б.Ганхуягийн бие энэ оны 9-р сарын 25-наас хойш огцом муудсан. 9-р сарын 12-нд Б.Ганхуяг шүүх хурал дээр ноцтой мэдээллүүдийг хэлсэн. 



Үүнээс хойш Б.Ганхуягийн даралт огцом унаж, толгой нь хүчтэй өвдөн, их хэмжээгээр бөөлжсөн, суулгалт өгч муудсан. Б.Ганхуягийг хорих ангийн хяналт дор 11-р сарын 21-нд сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. "Сонгдо" эмнэлгийн эмч нар Б.Ганхуягийн үс, шээс, цуснаас хүнд металл, хордлогын шинжилгээг авсан. Шинжилгээний хариуг өмгөөлөгчөөр нь дамжуулан бидэнд ирүүлсэн. Шинжилгээгээр түүнээс илэрсэн хүнцлийн хэмжээ 9.02, хар тугалга байх ёстой хэмжээнээс их илэрчээ. Хүнцэл нь хүнд металлын хор юм гэнэ.



Хүнийг ямар нэгэн байдлаар хордуулаад, цагдан хориод, цуснаас нь хүнцэл гэдэг хор их хэмжээгээр илэрч байгаа нь санаатайгаар хордуулах, санаатайгаар хүн алах гэсэн гэмт хэрэг гэж бид үзэж байна" гэсэн юм.



Харин үүний дараа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийхдээ: "ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид ял эдэлж буй Б.Ганхуягтай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байгаа тул бодит мэдээллийг өгч байна. Өнөөдрийн байдлаар Хорих 461 дүгээр ангид 800 гаруй хүн хоригдож байгаа. Эдгээр хүмүүс нэг гал тогоонд бэлтгэсэн хоол хүнсийг хэрэглэдэг. Тиймээс нийт хоригдож байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал яригдаж байгаа тул мэдээлэл хийж байна.



Б.Ганхуягаас хүнцэл илэрсэн гэж байгаа. Энэ нь угаасаа хүнд тодорхой хэмжээнд байдаг химийн элемент.Б.Ганхуяг цагдан хоригдсоноос нь хойш байнга эмчийн хяналтад байсан бөгөөд тогтмол шинжилгээнд хамрагдаж байсан.



Хорих ангийн эмнэлэгт гурван удаа, 5-р сард "Интермед" эмнэлэг, сая 11-рсард "Сонг до" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоогийн байдлаар Б.Ганхуягт биед илрэх илэрхий зовиур байхгүй, амин үзүүлэлт нь тогтвортой байгаа. Нэг үгээр хэлбэл түүнд ямар нэгэн хордсон, хордлогын шинж тэмдэг илрээгүй. Шинжилгээнд ч мөн хорлогын шинж гараагүй" хэмээн няцаалаа.

Мөн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын холбогдох албан тушаалтнуудыг мэдээлэл хийж байх үед ар гэрийнхэн нь орж ирэн, маргасан юм.


ШШГЕГ ба Б.Ганхуягийн гэр бүлийнхний хэн нь үнэн, хэн нь худал яриад байна вэ?



М.Чой