sonin.mn

Уншигч та санаж байгаа бол хэдхэн сарын өмнө Баруун Африкийн Нигер (Niger) хэмээх уранаар баян оронд төрийн эргэлт гарч дэлхий дахины анхаарлыг татаад амжсан. Гэвч энэ үзэгдэл африкчуудын хувьд гойд сонин зүйл ердөөсөө биш ажээ. Шооч нэгний нүдээр харахад тус тивийн ихэнх улсад төрийн эргэлт, бослого тэмцэл, иргэний дайн гэх ойлголт өдөр тутмын ажил шиг нь болчихсон. Үүний эцсийн зорилго нь өнөө л газар нутаг, байгалийн баялаг. Түүнчлэн тус тивд колоничлолын үеэс эхлээд л шашин хоорондын мөргөлдөөн эхэлсэн юм билээ. Үнэн хэрэгтээ эдгээрийн хор уршиг асар их, тэр тусмаа энгийн иргэд, охид эмэгтэйчүүдийн хувьд гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Улс төр, шашин хоорондын зөрчил маргаанаас үүдэж олон сая иргэн төрсөн нутгаасаа дайжиж, аль болох тайван, амгалан газрыг эрж хайдаг. Энэ өр өвтгөм байдлыг дэлхий нийт зүгээр хараад суугаагүй. НҮБ-аас Африк тивд анхаарал хандуулж, хүмүүнлэгийн олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн нь 1960-аад оноос эхтэй. Шилжин суурьшсан олон зуун мянган дүрвэгсдийн хуарангуудыг бий болгож тэднийг хамгаалуулахаар цэрэг хандивлагч орны алба хаагчдыг ажиллуулж эхэлсэн. 


5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үүний хамгийн сүүлийн жишээ бол БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаа юм. Өнөөдрийн байдлаар тус ажиллагаанд 73 орны 18,000 орчим хүн оролцож байгаагаас 14,000 нь цэргийн алба хаагчид гэсэн тоо бий. Үүний нэг цэрэг хандивлагч орон нь Монгол Улс бөгөөд одоогийн байдлаар уг ажиллагаанд манай орноос давхардсан тоогоор 10,000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. Хэдхэн хоногийн өмнө тус ажиллагаанд оролцож буй цэргийн багуудын ээлж солилцох үйл ажиллагаа боллоо. Тэрхүү хэсэгхэн хугацааг далим болгон дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж буй монгол дайчдаа эргэх, тэдний үйл хэргийг сурталчлах зорилгоор миний бие Африк тивийг зорих завшаан тохиов. Энэ удаа энхийг сахиулагчид маань МИАТ ТӨХК-ийн Бойнг-767 300 онгоцоор буюу өөрийн орны үндэсний агаарын хөлгөөр ажиллагааны газар оронд хүрч, буцахдаа тус газар оронд бүтэн жил үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдаа эх оронд нь авчирснаараа онцлог болов. Хүний нутагт багагүй хугацааг өнгөрөөсөн цэргүүддээ өөрсдийн онгоцоор үйлчилж буй МИАТ ТӨХК-ийн нисэх багийн бүрэлдэхүүн ч сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, туйлын өөриймсөг хандаж байгаа нь илт мэдрэгдсэнийг энд дурдах нь зүйтэй болов уу.  Ийнхүү Улаанбаатар-Истанбул-Жуба чиглэлийн нийт 16 цагийн нислэгийн дараа зорьсон газраа буулаа. Өчигдөрхөн Төв Азийн жиндүүхэн салхинд бээрч зогссон бол өнөөдөр Өмнөд Суданд өглөөний 8 цагийн алдад 30 градусын халуун, чийглэг агаарт бүгчимдэх нь тэр. 


Жуба. Тропикийн бүс нутгийн үзэмж төгс зураглал, тэнгэрт амгалан мандаж удаан жаргах наран, байгалийн бишрэм гоо сайхан, нэгэнт ул мөргүй алга болсон энх тайван... Олон арван жилийн дайны хөлд нэрвэгдсэн тэд хүн болоод байгалийн сайхныг ч ойшоох завдалгүй цөхөрсөн мэт. Жуба бол дэлхийн хамгийн залуу орны хамгийн залуу нийслэл. 10 гаруй жилийн өмнө олны суурьшлын бүс болсон энэ газар өдгөө 600 мянга орчим иргэдтэй болж өргөжжээ.  

Иргэний дайны хар бараан сүүдэр энэ орныг 70-аад жилийн өмнөөс нөмөрч, дөнгөж 2011 онд л тусгаар улс болсноо зарлажээ. Дэлхийн түүх гэдэг цэрэг, дайны түүхээс эхэлдэг гэдэг. Эзэлж эзлэгдэх, элэг нэгтнүүд салж нийлэх эцэс төгсгөлгүй юм шиг л цөвүүн цагийг тэд эрхшээсэн. Хоёр Солонгос өөр хоорондоо хүйтэн зэвсэг агсахтай адил хоёр Судан салан тусгаарлахыг илүүд үзсэн нь энэ. Түүнээс хойш амар амгалан болох мөрөөдөл нь талаар болсон. Зэвсэгт бослого, омог хоорондын мөргөлдөөн, дээрэм тонуул, бэлгийн хүчирхийлэл газар авсан амаргүй цаг хугацааг өнгөрөөж буй. Сэтгэл сэртхийлгэм энэ түүхийг монгол энхийг сахиулагчдаас асуугаарай, тэд өөрийн нүдээр үзэж харж, хөөрхий ард түмний зовлон зүдгүүрийг нимгэлж буй хүмүүс. Гудамж талбайд хаашаа л харна гал нь бөхсөн харцтай, хоногийн хоолоо залгуулахаар өдөр шөнөгүй нааш цааш эргэлдэх өндөр, турьхан, өнгөт арьст бүсгүйчүүл. Учир нь энд эцгийн эрхт ёс оршин буй хэвээр. Эрчүүд нь арслан адил модны сүүдэр бараадан хаан аятай сууцгаах нь олон. Бүх эрчүүдийг нь ижил гэж томьёолчхож хараахан болохгүй ч дийлэнхийг нь нөмөрсөн сул дорой хандлагыг үгүйсгэхийн аргагүй юм. Хотын дэд бүтэц, хөгжил цэцэглэлтийн талаар төсөөлөөд ч хэрэггүй. Эдийн засаг нь өндрөөс өндөрт бус уруугаас уруу руу өнхөрч буй байдлыг хормын дотор л ажиглаж болохоор. Гэхдээ баячууд нь тоймгүй баян гэнэ. Хотын төвөөр Land Cruiser 300, Lexus 600-аас эхлээд тансаг зэрэглэл бүхий автомашинууд цөөнгүй тааралдав. Уг нь 10 гаруй жилийн өмнө энэ улс шинээр байгуулагдахад ирээдүйд өндөр хөгжих боломжтой хэмээн барууны хэвлэлүүд онцолж байсан удаатай. Газрын тос, байгалийн баялаг ихтэйгээс гадна агуу их Нил мөрөн эх аван урсдаг ай сав газар учраас аялал жуулчлал хөгжих бүрэн дүүрэн боломжтой атал энд тийм биш, харин ч аялагчдад хамгийн осол аюултай орон болон хувирчээ. Бүр өмнөх түүхийг сөхвөл тус улсын газар нутагт НТӨ 30,000-20,000 оны хооронд нубиа үндэстнүүд анх суурьшсан газар гэхээр хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхтэй холбогдох өлгий нутаг юм. Харамсалтай нь энэ улсын баялгийг хэдхэн гэр бүл атгандаа байлгадаг нь бидний монголчуудад нэг л танил дүр зураг байгаа биз.


8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тус улс тусгаар тогтнохоосоо өмнө хоёр ч удаа иргэний дайны хөлд нэрвэгдсэн. Өмнөд Суданчууд нийт 60 орчим омгоос бүрддэг бөгөөд хамгийн их хүнтэй, нөлөө бүхий омог нь Динка. Суданы хоёрдугаар иргэний дайнаар буюу 1983 онд Динка омгийн төлөөлөл Жонн Гарангаар удирдуулсан христийн шашинтай иргэдийн “Өмнөд Суданы Ардын Батлан Хамгаалах хүчин” байгуулагдан 2005 оныг хүртэл Судан Улстай тэмцэл өрнүүлсэн нь хожим тусгаар улс болоход том түлхэц болсон гэж үздэг. Тиймээс Жонн Гаранг гэх эрхэм энэ улсад ардын баатар мэтээр цоллогддог, бүр мөнгөн дэвсгэрт (Өмнөд Суданы паунд) дээрээ хүртэл хөрөг зургийг нь байршуулсан байдаг. 22 жил үргэлжилсэн энэхүү дайны улмаас 2 сая 500 мянга орчим хүн амиа алдаж, олон сая иргэн дайны хөлд нэрвэгдэн хөрш зэргэлдээх орнуудад дүрвэх, эсвэл дүрвэгсдийн хуаранд олноороо цугларах болжээ. 

Улмаар Кени Улсын нийслэл Найроби хотноо 2005 онд “Энх тайвны цогц гэрээ”-нд хоёр тал гарын үсэг зурснаар дайн дуусгавар болж, Өмнөд Судан Улсад дотоодын төрийг эрхлэн явуулах эрхийг зургаан жилийн хугацаатай олгож, тусгаар улс болох эсэхийг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр тохиролцжээ. Харамсалтай нь үүнээс тавхан сарын дараа Өмнөд Суданы Ерөнхийлөгч Жонн Гаранг нисдэг тэрэгний ослоор нас барсан нь өнөөдөр улс төрийн аллага гэж цоллогддог. Алдарт Ерөнхийлөгчийн учир битүүлэг үхлээс таван жилийн дараа Өмнөд Суданы иргэд Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Динка омгийн Салва Кийрийг Ерөнхийлөгчөөр сонгосон бөгөөд тэрээр өнөөг хүртэл энэ албыг хашиж байна. Олон арван жилийн турш дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Судан Улс тусгаар тогтнолоо олсон ч энх тайван цаг удаан үргэлжлээгүйг өмнө дурдсан. 2013 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Салва Кийр Дэд Ерөнхийлөгч, Нуэр омгийн төлөөлөл Риек Мачарыг өөрийнх нь албан тушаалаас түлхэн унагахыг завдсан гэж буруутгаснаар хоорондоо зөрчилдөж эхэлсэн. Уг зөрчилдөөн 2020 оны 12 дугаар сард өндөрлөсөн бөгөөд хамгийн багадаа 4 сая хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гэдэг. Ийнхүү дайнаас дайны хооронд оршиж байсан Өмнөд Судан Улс 2020 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн болон худалдан авах чадвараараа дэлхийн найм дахь ядуу орноор нэрлэгддэг болсон. Ингээд бодохоор томоохон овог, омог хоорондын хагарал зөрчил их, үргэлж дайсагнасан байдалтай байгаа нь тус улсын нөхцөл байдал туйлын тогтворгүй, хаашаа ч эргэж болзошгүй байгааг харуулж байна. Дээрээс нь тус улсад энэ жилийн 12 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болохоор төлөвлөгдөж байна.  Сонгуулийн үр дүнгээс үүдэж зэвсэгт босогчид, ард иргэдийн дундаас эсэргүүцлийн жагсаал, цуглаан үүсэх эрсдэл өндөр, цаашлаад НҮБ-ын энгийн, цэргийн алба хаагчдад ч аюул учирч болзошгүй нөхцөл байдалд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII дугаар ээлжийн мотобуудлагын батальон тус улсын Юнити мужийн хот, суурингуудад хуваагдан үүрэг гүйцэтгэж байна. 


4 хүн нарын зураг байж магад

Эл улс 12 сая орчим хүн амтай. Гэхдээ иргэд нь 60 гаруй угсаатны бүлгийн 80 гаруй хэлээр ярьдаг гэх. Албан ёсны хэл нь англи боловч араб болон отог, омгуудын хэлэндээ илүү ач холбогдол өгдөг. Дийлэнх нь христийн шашинтай бол хэсэгхэн хувь нь муслим болон уламжлалт шүтлэгтэй. Өмнөд Судан хөдөө аж ахуйд тулгуурласан эдийн засагтай. Хэдий чинээ их үхэр, малтай байна төдий чинээ баян чинээлэг гэсэн үг. Хүмүүсийн авдаг цалинг бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад тус улсад амьдрах өртөг маш өндөр. Сүүлийн жилүүдэд тохиосон цар тахлын нөхцөл байдал, Орос-Украйны дайнаас үүдэж хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан учир ард олны дунд өлсгөлөн ихээр нэмэгдэж буй. Гэвч хөгжил буурай гэлтгүй тус орон нэг жилд 1.4 тэрбум ам.долларыг цэргийн салбарт зарцуулдаг гэх судалгаа бий. 2021 онд Өмнөд Судан Улсад сүүлийн 60 жил тохиогоогүй үерийн гамшиг болж олон муж усанд автсан. Үерийн түвшинд хур тунадасны хэмжээ гэхээсээ илүү тус улсын нийт нутгаар урсдаг Нил мөрний эх авдаг Викториа нуурын түвшнээс шууд хамааралтай. Тиймээс тус нуурын усны түвшнээс ирэх саруудад үерийн хэмжээ ихсэх үү, багасах уу гэдэг нь шалтгаалдаг аж. Нийт нутгаар байрлаж буй “UNMISS” ажиллагааны цэргийн хүчин, ялангуяа инженерийн цэргийн салбарууд үерийн гамшигтай тэмцэх, хамгаалах ажилд идэвхтэй оролцож байна. Ялангуяа Дээд Нил, Юнити, Жонглей, Варрап мужуудад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудыг үерээс хамгаалах далан байгуулах ажил 2021 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Их Британийн цаг уур судлалын Оксфам судалгааны төвөөс Өмнөд Судан Улсад учирсан үерийн гамшгийн хор хохирол 2024 оныг хүртэл бүрэн арилахгүй гэсэн судалгаа гаргажээ. Байгалийн гамшгаас гадна ард иргэдийн дунд өвчин тахал нэмэгдэх хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй. Үүнд африкчуудын хэзээний танил болсон эбола вирус, Төв Африкийн 10 гаруй улсад тархаад буй сармагчны салхин цэцэг өвчин тус улсын Эрүүл мэндийн яамны шүдний өвчин болоод буй. Дээрээс нь дотоодын дүрвэгсдийн хуарангуудад холер болон малер өвчин тархаж байгаа нь анхаарал татах асуудал болоод байна.


No photo description available.


Өмнөд Судан Улсын талаар нэгэн сонирхолтой баримт байдаг нь тус орны иргэд дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн тоонд ордог. Тус улсаас гаралтай хамгийн алдартай хүн бол Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн (NBA) сагсан бөмбөгч асан Луол Денг. Манайхан түүнийг Монголд ирж байсан гэдгээр нь сайн мэднэ. Мөн 1980-1990 оны үед тус лигт тоглож байсан сагсан бөмбөгч Манут Бол 231 см өндөр (NBA-түүхэн дэх хамгийн өндөр тоглогч) Өмнөд Суданаас гаралтай. Өнөөдөр түүний хүү Бол Бол (218 см өндөр) NBA-д тоглож байгааг сагсан бөмбөг сонирхогчид андахгүй. Дэлхийд танигдсан мундагчууд нь эх нутгаа орхин дүрвэх тохиолдол бишгүй. Учир нь нутагтаа үлдэгсдийн хувьд ирээдүй тун ч ярвигтай болж хувирахыг Өмнөд Суданчууд байтугай дэлхий дахин харж сууна. Шашин, улс төр гэдэг ойлголт тухайн улс орны хувь заяаг хэрхэн эргүүлдэг вэ гэдгийг Өмнөд Суданы жишээ бидэнд харуулж байна.  Миний бие эх орноосоо гарахад урт ч юм шиг санагдаж байсан өдөр хоногууд нүд ирмэхийн зуур улирч, эргээд Монгол эх орондоо буцах хугацаа болов. Томилолтынхоо хугацаанд “Хитмэний өчил” гэх номтой дотно нөхөрлөж явлаа. 2000-аад оны эхээр New York Times сэтгүүлийн бэстселлер жагсаалтыг олон сар тэргүүлсэн уг бүтээлийг Жон Перкинс гэх эрхэм бичсэн. Товчхондоо гэвэл уг номд жижиг буурай эдийн засагтай орнуудыг томоохон гүрнүүд хэрхэн мөлжиж, улам л ядуугийн зовлон руу түлхдэг талаар гардаг нь манай орны байдал тэр чигтээ буугаад ирэх шиг санагддаг. Магадгүй миний зорчсон улсын хувь заяа тэдгээр хитмэнүүдийн атганд хэдийнээ орчихсон. Харин хэдий хэмжээний цус урсаж, хэр их гэм зэмгүй ард түмэн хохирохыг мэдэх арга алга даа.  Энэхүү сурвалжилгыг бичихэд тусалж, мэдлэг мэдээллээ хуваалцсан хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье. Тэнд НҮБ-ын далбаан дор үүрэг гүйцэтгэж буй цэргийн ажиглагч болон штабын офицерууд, Өмнөд Судан Улсын иргэдийн амьдралын талаарх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх цаг зав гаргасан XII, XIII ээлжийн цэргийн багийнхандаа баярлалаа. Энх тайван цагийн салхи энэ газрыг ариусгаж, та бүхний энхийг сахиулсан үйлс хүссэн үр дүндээ удахгүй хүрнэ гэдэгт итгэл төгс байна.



Дэслэгч Т.ИДЭР

Эх сурвалж: "Соёмбо" сонин