sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 20 /AP/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины асуудлаар тохиролцоонд хүрэхийг хүсэхгүй байж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт хэлсэн нь түүний өмнө нь хийж байсан, найдвар төрүүлсэн мэдэгдлүүдтэй зөрчилдлөө. 


Д.Трамп “Fox News” телевизийн “Fox & Friends” ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү ярьсан байна. “Үнэнийг хэлэхэд [дайныг зогсооход] асуудал үүснэ гэж би хувьдаа бодохгүй байна. Би Путинийг залхсан гэж бодож байна. Тэд бүгд үүнээс залхсан гэж бодож байгаа, гэхдээ юу болохыг мэдэхгүй шүү дээ” гэж Д.Трамп хэлжээ.


“Бид ойрын хоёр долоо хоногт Ерөнхийлөгч Путиний талаар олж мэдэх болно... Тэрбээр хэлэлцээр хийхийг хүсэхгүй байх магадлалтай” гэж АНУ-ын Ерөнхийлөгч нэмж хэлээд, Олон улсын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдан эрэн сурвалжлагдаж буй Оросын удирдагчтай “маш сайн харилцаатай” гэдгээ хэлсэн байна.


“Ерөнхийлөгч Путин сайн байх болно гэж найдаж байна, хэрвээ тийм биш байвал хүнд нөхцөл байдал үүснэ” гэж Д.Трамп хэлээд, “Украины Ерөнхийлөгч Зеленский хийх ёстой зүйлээ хийж, мөн уян хатан байх болов уу” хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч ярилцлагын үеэр мөн аюулгүй байдлын баталгаа болгож цэрэг байрлуулахыг үгүйсгэж, үүний оронд Вашингтон өөр тусламж үзүүлэх боломжтой хэмээн ярьсан байна.


Д.Трамп энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэхийг хичээж, Украины асуудлаар гарсан ахиц дэвшлийн талаар ярьсаар байгаа боловч Оросын талаас хөрш рүүгээ пуужин, нисгэгчгүй онгоцны довтолгоогоо зогсолтгүй үргэлжлүүлж, өдөр бүр энгийн иргэдийг хөнөөж, тус улсын дэд бүтцийг устгасаар байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг