sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 20 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа чип үйлдвэрлэгч “Intel” компанийн хувьцааны 10 хувийг худалдаж авахаар хэлэлцээ хийж байгааг Цагаан ордон баталжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн үүднээс Америкийн хэрэгцээ шаардлагыг эн тэргүүнд тавьж байна гэв.


АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутникийн хэлснээр, төлөвлөж буй хэлэлцээрийн дагуу засгийн газрын буцалтгүй тусламжийг “Intel”-ийн хувьцаагаар солих ажээ. Энэхүү алхам нь “Nvidia”, “Samsung”, “TSMC” зэрэг компаниудтай хиймэл оюун ухааны технологид зориулсан чипийн зах зээлд өрсөлдөхөд нь “Intel”- д тус дөхөм болох юм.


Өнгөрсөн долоо хоногоос яригдах болсон энэхүү хэлэлцээр нь АНУ-ын Охайо муж улсад үйлдвэрлэлийн томоохон төв байгуулахад нь “Intel”-д туслах зорилготой ажээ. Тухайн үед Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч BBC-д хэлэхдээ, албан ёсоор зарлаагүй бол энэ мэдээг “таамаглал” хэмээн үзэх ёстой гэж байв. Өнгөрсөн долоо хоногт “Intel” компани хэвлэлүүдэд дээрх мэдээлэлтэй холбоотойгоор шууд тайлбар хийгээгүй боловч АНУ дахь үйлдвэрлэл, технологио хөгжүүлэхийн тулд Ерөнхийлөгч Трампын хүчин чармайлтыг дэмжиж байна гэж мэдэгджээ.


Даваа гарагт Японы хөрөнгө оруулалтын “Softbank” компани Интелийн 2 тэрбум ам.долларын хувьцааг худалдаж авна гэж мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараа “Intel”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид мягмар гарагт ойролцоогоор 7 хувиар өссөн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг