Хятад, Оросын хэвлэл мэдээллийн VII форум арваннэгдүгээр сарын 25-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо боллоо.
Форумд оролцогчид хоёр улсын төрийн тэргүүн нарын тодорхойлсон стратегийн чиглэлийн хүрээнд Хятад, Оросын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа тогтвортой өргөжин хөгжиж, бодит үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. Түүнчлэн дижитал технологи, хиймэл оюун ухааны эрин үед хоёр улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын чухлыг онцолжээ.
Энэ онд Хятад, Оросын төрийн тэргүүн нар хэд хэдэн удаа уулзаж, ард иргэдийн харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэх талаар нэгдсэн ойлголцолд хүрсний зэрэгцээ хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.
Хэвлэл мэдээллийн форумыг тогтмол зохион байгуулах, тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцан айлчлалыг дэмжих, мэргэжлийн боловсон хүчнийг хамтран бэлтгэх зэрэг нь хоёр улсын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үндсэн чиглэл болж байгааг оролцогчид тэмдэглэжээ.
Мөн дижитал технологи, хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь хэвлэл мэдээллийн агуулга бүтээх, түгээх арга хэлбэрийг үндсээр нь өөрчилж байгааг онцолсон байна. Үүнтэй холбогдуулан хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтарсан судалгаа хийх, контент бүтээх, технологийн туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Форумын үеэр Хятад, Оросын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийт 14 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Г.Бямба
Баасан - 11 сарын 27,
2026
Сэтгэгдэл0