sonin.mn

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Загварын ертөнц” буландаа 64 дэх удаагийн “Miss International” тэмцээний эргэн тойрон дахь үйл явдал болон энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ш.Хүслэнгийн тухай онцолж байна. Тэмцээний ялагч энэ сарын 25-ны өдөр Япон улсын Токио хотын Kanadevia Hall-д тодрохоор товлогдсон бөгөөд “Miss International Official Fan Vote” онлайн санал хураалт эхэлжээ.


Уг санал хураалт нь дэлхийн өнцөг булан бүрээс шүүгчдийн үнэлгээнээс үл хамааран олон нийтийн дэмжлэгийг тодорхойлох зорилготой. Энэ удаагийн санал хураалтын бүс нутгийн шалгаруулалтаар хамгийн олон санал авсан оролцогчдод үндсэн шалгаруулалтад давуу боломж олгохоор төлөвлөж байна.


Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах нэр хүндтэй гурван том тэмцээний нэг болох “Miss International” нь 1960 онд АНУ-ын Калифорни мужийн Лонг-Бич хотод анх зохион байгуулагджээ. Өдгөө 64 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээн нь зөвхөн гоо үзэсгэлэн, загварын өрсөлдөөнөөр хязгаарлагддаггүй. Харин улс орнуудын найрамдалт харилцаа, соёлын солилцоо, харилцан ойлголцол, дэлхийн энх тайвныг дэмжих зорилготой олон улсын томоохон арга хэмжээ юм. Тэмцээний оролцогчдыг “Гоо үзэсгэлэн, энх тайвны элч” хэмээн тодорхойлдог нь ч учиртай. Учир нь миссүүд өөрсдийн эх орны түүх, соёл, уламжлалыг дэлхийд таниулахаас гадна нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа, хүмүүнлэгийн ажилд оролцдог. Мөн зохион байгуулагч орны соёл, урлагтай танилцах, олон улсын харилцаа, нөхөрлөлийг бэхжүүлэх арга хэмжээнд хамрагддаг уламжлалтай.


Тухайлбал, мод тарих аян, олон улсын форум, буяны үйл ажиллагаа зэрэг нь тэмцээний нийгмийн оролцоог илэрхийлдэг. Ингэснээр миссийн тэмцээний үнэ цэнийг зөвхөн гадаад төрхөөр бус, нийгэмд үзүүлж буй нөлөө, үзэл бодол, үйл ажиллагаагаар хэмжихийг зорьж байна.


Өнгөрсөн жилийн буюу 63 дахь удаагийн тэмцээнд Колумбын гоо бүсгүй Каталина Дуке тэргүүн титмийн эзнээр тодорсон бол 2024 онд Вьетнамын Хюинь Тхи Тхань Тхюй дэлхийн миссийн титмийг хүртсэн юм. Түүхэн амжилтаараа Венесуэл, Филиппин зэрэг улс тус тэмцээнд олон удаа түрүүлж, дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний хүчирхэг төлөөлөл болж иржээ. Харин Монгол Улс тус тэмцээнд олон жилийн турш эх орныхоо гоо бүсгүйчүүдийг илгээж байгаа бөгөөд 2011 онд И.Төгсөө тус тэмцээний хоёрдугаар байрт шалгарч байсан түүхэн амжилтыг дурдаж болох юм.


Үндэсний ялагч Ш.Хүслэн


Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ш.Хүслэн нь хувцас дизайнер мэргэжилтэй, модель, контент бүтээгч, бизнес хөгжлийн чиглэлээр ажилладаг шинийг санаачлагч билээ. Тэрээр “Miss Mongolia 2026” тэмцээний тэргүүн титмийн эзэн буюу “Үндэсний ялагч”-аар тодорч, дэлхийн тайзнаа эх орноо төлөөлөх эрхтэй болсон юм. Манай сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр “Олон жилийн тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн эдгээр миссийн тэмцээн нь эх дэлхийн амар амгалан, олон улсын эв найрамдалд бүсгүй хүний гоо сайхнаар дамжуулан хүрч байдаг. Түрхэн зуур ч болов гэрэл гэгээтэй сайхан зүйлд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг. Мөн мисс гэх алдар тухайн хүнийг насан туршид нь дагаж явах цол учир насан туршдаа бусдад зөвөөр үлгэрлэсэн нэгэн байхыг хичээж, суралцаж явна” гэсэн юм.


Нэг санал бүр үнэ цэнтэй


Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний нэг чухал хэсэг нь үзэгч, дэмжигчдийн оролцоо байдаг. Энэ жилийн “Miss International”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Miss International Official Fan Vote” онлайн санал хураалт нь дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс өөрсдийн дэмжиж буй мисст саналаа өгөх боломжийг бүрдүүлж байна. Миссийн тэмцээний ач холбогдол нь нэг бүсгүйд титэм гардуулах төдийд оршдоггүй. Харин эх орныхоо нэрийг олон улсад таниулах, үндэсний соёл, урлаг, үйлдвэрлэл, нийгмийн үнэт зүйлсийг сурталчлах, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх өргөн боломж юм. Тиймээс Монголын миссийг дэмжиж буй санал бүр эх орноо сурталчлах үйлсэд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож болно.


Хэрхэн санал өгөх вэ?


-Ухаалаг утсандаа “Miss International” албан ёсны санал өгөх аппликейшнийг татаж суулгана.

-Аппликейшнээ нээж, 2026 оны оролцогчдын жагсаалтаас “Mongolia” буюу “Khuslen Shirendev”-ийг хайж олно.

-Хүслэнгийн профайлыг сонгож, санал өгөх хэсгийн зааврыг дагана.

-Санал өгөх боломж, багц болон төлбөрийн нөхцөлийг шалгаж, саналаа баталгаажуулна.

 


Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин