Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уржигдар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хүлээн авч уулзах үеэрээ Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрд хүртээх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн билээ. Төрийн тэргүүний энэхүү байр суурь олон нийтийн дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд шууд хүртээх үү, эсвэл томоохон төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах уу гэсэн маргааныг дахин хөндлөө.
УИХ-ын зарим гишүүн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгохыг эсэргүүцэж, үйлдвэрлэл хөгжүүлэхэд зарцуулах нь илүү үр ашигтай хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бэлэн мөнгө тараах биш, үйлдвэр барих хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Өнгөц сонсоход буруу зүйл алга. Үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгож, эдийн засгаа төрөлжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн үндсэн зорилтуудын нэг мөн. Гэхдээ энд нэг чухал асуулт бий. Үйлдвэр барина гэсэн шийдвэр бүхэн эдийн засагт өгөөжтэй хөрөнгө оруулалт болж чаддаг уу? Харамсалтай нь өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад төрийн мөнгөөр санхүүжүүлсэн төсөл бүр амжилтад хүрээгүй. Улс төрчдийн санаачилсан, эдийн засгийн тооцоо судалгаа нь хангалтгүй, зах зээлийн эрэлт хэрэгцээ нь тодорхойгүй төслүүд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэлтэйг бид олонтаа харсан. Үүний нэг жишээ болгон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй холбон яригддаг “Бяслагны үйлдвэр”-ийн төслийг нэрлэж болно. Тус үйлдвэрийн хөрөнгө оруулалтын өртөг, зах зээлийн боломж, эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой асуултуудыг олон нийтэд ил тод, баримттай тайлбарлах шаардлагатай. Хэрэв үйлдвэрийн өртөг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт өндөр, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах тогтвортой зах зээлгүй бол ийм хөрөнгө оруулалт хөгжлийн хөшүүрэг бус, татвар төлөгчдийн нуруун дээрх дарамт болж хувирна. Тиймээс үйлдвэр барих тухай уриа өөрөө хөгжлийн бодлого биш. Харин ямар үйлдвэрийг, ямар өртгөөр, хэний мөнгөөр байгуулж, хэчнээн ажлын байр бий болгож, хэдий хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх вэ гэдэг нь жинхэнэ хөгжлийн бодлогын хэмжүүр юм. Өнөөдөр Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд хүртээхийг эсэргүүцэж байгаа улстөрчдөөс асуух ёстой зүйл чухам энэ.
Та бүхний санал болгож буй төслүүд үнэхээр үр ашигтай гэдгийг хэн, ямар тооцоогоор баталсан юм бэ? Улсын төсвөөс санхүүжүүлсэн өмнөх төслүүдийн хэд нь ашигтай ажиллаж, хэд нь хөрөнгө оруулалтаа нөхөж, хэд нь бодит ажлын байр бий болгосон бэ?
Эдгээр асуултад тодорхой хариулт өгөхгүйгээр “Мөнгө тарааж болохгүй, үйлдвэр барих ёстой” гэж ярих нь хангалтгүй. Нөгөө талаас Оюу толгойн ногдол ашиг бол төрөөс иргэдэд үзүүлж буй халамж биш. Монголын ард түмний өмч болсон байгалийн баялгийг ашигласны үр дүнд бий болж буй эдийн засгийн өгөөж юм. Тиймээс ногдол ашгийг иргэдэд хүртээх асуудлыг халамжийн бодлоготой нэг түвшинд авч үзэж болохгүй. Харин үр ашиг нь тодорхойгүй төсөлд хэдэн их наяд төгрөг зарцуулбал инфляц өсөхгүй, эдийн засагт заавал ашигтай байна гэсэн баталгаа бас байхгүй. Төсвийн мөнгөөр санхүүжсэн төсөлд импортын тоног төхөөрөмж, барилгын материал, гадаад үйлчилгээ ихээр ашиглавал мөнгөний тодорхой хэсэг дотоодын эдийн засгаас гадагш урсана. Үйлдвэр ашиглалтад орсон ч бүтээгдэхүүн нь борлогдохгүй бол оруулсан хөрөнгө эргэн төлөгдөхгүй. Иймээс ногдол ашгийг иргэдэд олгох, эсвэл төсөлд зарцуулах хоёр хувилбарыг зөвхөн улс төрийн попролоор бус, бодит өгөөжөөр нь харьцуулах ёстой.
Монгол Улсад үйлдвэр хэрэгтэй. Гэхдээ ашиггүй үйлдвэр хэрэггүй. Бүтээн байгуулалт хэрэгтэй. Гэхдээ үр ашиггүй бүтээн байгуулалт хэрэггүй. Хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ улс төрчдийн амлалтыг санхүүжүүлэх нэрээр нийтийн баялгийг үрэн таран хийхийг зөвшөөрч болохгүй.
Тиймээс Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг үр ашиг нь эргэлзээ дагуулсан төслүүдэд зарцуулж байснаас иргэддээ шууд хүртээсэн нь илүү өгөөжтэй байж мэднэ. Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийн үр шимийг хүртэх эрх нь ч ард түмэнд байх ёстой.
М.Чойжал
Пүрэв - 11 сарын 05,
2026
Сэтгэгдэл0