sonin.mn

СОФИ, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /Euronews/. Экзитпол буюу иргэдийн хийсэн сонголтын талаарх санал асуулгын дүнгээр Болгарын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Илияна Йотова тус улсын төрийн тэргүүний сонгуулийн II шатны санал хураалтад ялах магадлалтай байна.

Хэд хэдэн судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгын дүнгээр, Йотова сонгогчдын 52 орчим хувийн саналыг авсан бол зарим эх сурвалжийн мэдээллээр, сонгогчдын 58 орчим хувь нь түүнийг дэмжжээ. Хэрвээ эдгээр тоо сонгуулийн албан ёсны дүнгээр батлагдвал тэрбээр Болгарын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болно.




Түүний өрсөлдөгч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Андрей Гюров 44 хувийн санал авчээ. Түүнийг шинэчлэлийн төлөөх барууны үзэл баримтлалтай улс төрийн намууд дэмжиж байна.  




Энэ оны нэгдүгээр сард Болгарын Ерөнхийлөгч асан Радев парламентын сонгуульд оролцохын тулд саналаараа огцорсны дараа 62 настай Йотова төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа юм.  

Болгарын Ерөнхийлөгчийн эрх үүрэг нь хязгаарлагдмал байдаг. Тэрбээр улс орноо олон улсын тавцанд төлөөлөх ба зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Мөн Ерөнхий прокурор, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болон элчин сайдуудыг томилох, парламентын баталсан хуулиудад хориг тавих эрхтэй. 

Болгарын Ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаагаар шууд санал хураалтаар сонгодог ба уг албан тушаалыг нэг хүн хоёроос дээшгүй удаа хашдаг.  



Б.Адъяахүү