“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн захиалагчид өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, олон жил байрандаа орж чадахгүй, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсаж буйгаа мэдэгдлээ. Тэд төслийн хэрэгжилтэд Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Хууль зүйн үндэсний хүрээлэн ямар үүрэг, оролцоотой байсныг тодруулж, холбогдох байгууллагуудаас тайлбар шаардав.
Захиалагчдын мэдээлснээр, “Бриллиант партнер” ХХК нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эзэмшлийн газар дээр төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа хэмээн иргэдээс захиалга авчээ.
Иргэд төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төсөл гэдэгт итгэж, орон сууцны төлбөрөө урьдчилан төлсөн ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй байна. Хэвлэлийн хуралд оролцсон иргэн “Би 2023 оны тавдугаар сард 74 ам метр талбайтай, гурван өрөө орон сууц захиалсан. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр баригдаж байгаа, төрийн байгууллагатай холбоотой төсөл учраас итгэсэн. Тухайн үед төлбөрөө бүрэн төлсөн болон бартерын нөхцөлөөр захиалга өгсөн иргэдийг 2026 онд байранд нь оруулна гэж байсан. Гэтэл өнөөдөр бид ийм байдалтай байна” хэмээн ярив. Тэрбээр долоон хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан бөгөөд орон сууцтай болохын тулд хуримтлуулсан мөнгөө уг төсөлд зарцуулснаа хэллээ.
“Бид хулгай, залилан хийж энэ байрыг захиалаагүй. Өөрсдийн хөдөлмөрөөр олсон мөнгөө өгсөн. Гэтэл орон сууцандаа орж чадахгүй олон жил болж, санхүү, эрүүл мэндээрээ хохирч байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ асуудалд анхаарал хандуулж, бидэнтэй уулзахыг хүсэж байна” гэв.
Мөн тэрбээр барилгын ажлыг 16 давхар хүртэл гүйцэтгэсний дараа яагаад зогсоосон, төслийг хэрэгжүүлэгч компанийг ямар шалгуураар сонгосон талаар холбогдох байгууллагуудаас тайлбар шаардлаа.
Захиалагч Н.Жавхлан: 60 гаруй айлын төлсөн мөнгө таван тэрбум төгрөгт хүрсэн
Төслийн захиалагч Н.Жавхлангийн мэдээлснээр, Баянзүрх дүүргийн IV хороо, Их засаг их сургуулийн баруун талд байрлах 160 айлын орон сууцны барилгын ажил 2018 онд эхэлжээ.Түүний хэлснээр, нийт захиалагчдын 60 орчим нь ХЗДХЯ-ны албан хаагчид бөгөөд үлдсэн 100 гаруй нь хувийн захиалагчид аж. Иргэд орон сууцны төлбөрийнхөө 50-100 хувийг урьдчилан төлсөн байна. Н.Жавхлан “Манай төслийн захиалагчдын дунд гадаадад ажиллаж, амьдардаг болон орон нутгаас байр захиалсан олон иргэн бий. Бид эрх ашгаа хамгаалахын тулд ‘Талст өргөө бидний гэр’ төрийн бус байгууллагыг байгуулсан. Одоогоор 60 гаруй айл нэгдээд байна. Эдгээр айлын төлсөн мөнгийг нэгтгэхэд тав орчим тэрбум төгрөг болж байгаа. Үлдсэн захиалагчдын төлбөрийг нэмж тооцвол нийт хохирлын хэмжээ 10 тэрбум төгрөгт хүрч болзошгүй” гэв.
“Төрийн байгууллагын нэр хүндэд итгэсэн иргэд хохирч үлдлээ”
Хэвлэлийн хуралд оролцсон өөр нэг захиалагч 2022 онд уг төсөлд орон сууц захиалсан ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй талаараа мэдээлэв.
Тэрбээр “Бидний энэ төслийг сонгосон гол шалтгаан нь ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй холбоотой төсөл гэдэг мэдээлэл байсан. Гэтэл санхүүгийн болон хүний нөөцийн чадамжгүй, тусгай зөвшөөрөлгүй гэж бидний үзэж байгаа компанийг ямар шалгуураар сонгосон нь тодорхойгүй байна. Энэ асуудлаар яамны төлөөлөл бидэнтэй уулзаж, албан ёсны мэдээлэл өгөх хэрэгтэй” гэв.
Мөн орон сууц захиалсан төрийн албан хаагчид өнөөдрийг хүртэл асуудлаа олон нийтэд ил тод ярьж чадаагүйг онцоллоо.
“Энэ байранд орж чадаагүй 60 орчим төрийн албан хаагч бий. Тэд төрийн албан хаагчийн тангараг, ажил албан тушаалын байдлаасаа шалтгаалан дуугүй явсаар өдий хүрсэн. Шударга ёсыг хамгаалах чиг үүрэгтэй яамны ажилтнууд хүртэл орон сууцандаа орж чадахгүй байна. Бидний асуудлыг шийдвэрлэж, байранд маань оруулж өгөхийг хүсэж байна” хэмээн хэлэв.
Түүнчлэн захиалагчид “Бриллиант апартмент-1” төслийг дуусгаагүй байхад “Бриллиант-2” төслийг хэрэгжүүлж, олон зуун иргэнийг хохироосон байж болзошгүй асуудлыг шалгах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Хохирсон иргэд цаашид нэгдсэн зохион байгуулалттайгаар эрх ашгаа хамгаалж, ХЗДХЯ-ны удирдлагуудтай уулзан, төслийн хэрэгжилт, барилгын ажил зогссон шалтгаан болон захиалагчдын хохирлыг барагдуулах асуудлаар тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллахаа мэдэгдэв.
М.Чой
Лхагва - 11 сарын 11,
2026
Сэтгэгдэл0