sonin.mn

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын хэвлэл-мэдээлэл-нийтлэлийн ертөнцөд зөв байраа эзлэх цаг мөч ойрхон байна. Иймд өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч ээлжит нийтэлээ босгов. Таалан соёрхоно уу!


редактор, судлаач-проф. Д.Баярхүү

                                  

Нэгэн зүйл


Одоо ганц Улаанбаатар гэлтгүй бүх аймгийн төвүүд, том суурин газрууд утаанд автаж иргэдээ хордуулж байна. Түлэх түлээний асуудал малчны хотонд том асуудал болж эхэллээ. Ойн нөөц эрс багасаж байна. Ихэнхи нь цахилгааны дутагдалтай туйлын зутруу өвөлждөг. Энэ бол бидний бодит харанхуй, хөлдүү байдал. Та шинжлэх ухаанд үл итгэвэл өнөөдрөөрөө амьдарна гэдэг. Бид ийм л харанхуй, хөлдүү амьдарцгааж байна. Арктикийн хотууд харанхуйд өдөр шиг гэрэлтэй, хүйтэнд зун шиг дулаан өвөлжиж байна. Ачаалалтай машин, явган зам, спорт талбайнуудаа халааж байна. 2025 оноос 100 хувь цахилгаанаар явдаг машин тэргэнд шилжиж эхлэлээ. Монголчууд ураантай мөртлөө цахилгаан үйлдвэрлэж чадахгүй. Шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшлээс хоцорсон хэвээр хуучин хүү царайлан амьдарцгааж байна. Бид хоорондоо маргалдсан, цэцэрхэсэн, худалдагдсан хэвээрээ хөмөрсөн тогоон дотроо пад харанхуй мэт.


Нэгэн зүйл


Хүн төрөлхтөний бүтээсэн нэг гайхамшиг бол цахилгаан эрчим хүчийг гарган авч амьдрал, ахуйдаа хэрэглэж чаддаг болсон их хөгжил юм. Цахилгаангүй бол хөгжилгүй, цахилгаангүй бол пад харанхуй, цахилгаангүй бол таг хөлдүү. Хүн төрөлхтөний хөмөрсөн тогооны доорхи пад харанхуй амьдралд нар мандуулж, гэрэл цацруулж чадсан зүйл бол цахилгаан үйлдвэрлэж, өдөр дутмын амьдралын хэрэгцээг бий болгож, хүйтнийг ялж, харанхуйг гэрэлтүүлсэн дэвшил юм. Арктикийн умард хүйтэн бүсийн хот, суурин газрууд цахилгааны 100 хувийн хангамжтай болж, нүүрс түлж утаа угаар үйлдвэрлэж хорддог хоцрогдлоосоо бүрэн салж чаджээ. Жилийн харанхуй, өндөр хэмтэй хүйтэн байх сарууддаа цөмийн эрчим хүчийг ашиглан цахилгаан үйлдвэрлэж цахилгааныхаа хэрэгцээг 100% хангаж байна.


Нэгэн зүйл


Цөмийн аюулыг 1945, 2011 онуудад жинхэнэ мэдэрсэн ард түмэн бол япончууд юм. Гэвч арлын энэ жижигхэн улс 54 АЦС-тай, цөмийн хөгжлөөр дэлхийд тэргүүлж байна. Цөмөөс асар хол монголчууд сургаар жинхэнээcээ айдаг. УБ-аас 1000 км зайтай зүүн хязгаарт АЦС байгуулж болно. Хаалттай Эрдэс гээд хоттой байсан туршлагатай. Гэвч хөршүүдийн захиалгаар пропагандаад автагдсан нь харанхуйгийнх. Шинжлэх ухаанд үл итгэнэ.


Нэгэн зүйл


Хатуу дэг журам, үүрэг хариуцлага, хуульт ёс бидэнд дутдаг учраас баян мөртлөө ядуу амьдардаг. Япон, Солонгос, Хятадаас дутуу юм бидэнд байхгүй. Дутуу юм нь Монголын хуульгүйтэл. Бүгд том толгойтой, бүгд хуулийг өөрийн өнцгөөс тайлбарлана. "Арын хаалга" гэх хуулийг уландаа гишгэсэн гол арга, зарчимтай. Төр хүчирхэг байхын тулд өөрөө хариуцлага тооцдог хүчирхэг бодлоготой байхад л болно. Хавтгайрсан байдлаасаа гарч чадахгүй байгаа болохоор Монголын төр хүчгүй байгаа юм. Өнөөгийн бидэнд дутагддаг зүйл бол хууль ёс. Хуулийн алагчлалгүй мөрдөлт бидэнд огт байдаггүй. Монголд бол зэрлэгшилтийг дэмжсэн, өөгшүүлсэн, өмөөрсөн нь л олон байх юм. Арын хаалгагүй, танил тал хардаггүй шударга өрсөлдөөнт нийгмийн төлөө л бүгд санаа шулуудан орох юмсан. Хууль чанга байснаар харин ч бид хүмүүнлэг нийгмийг бүтээн байгуулж, иргэдийнхээ эрхийг хуульчлан хамгаалж, ард түмнийхээ төлөө төр засагт улсыг босгож буй хэлбэр болно. Хуульгүй газар галзуурал, зэрлэгшил, замбараагүйтэл бий болдог.


Хүн чамайг гүтгэж болно. Хүн чамайг доромжилж болно. Хүн чамайг зодож болно. Хүүхдийг хүчиндэж болно. Төрөөс хулгай хийж болно. Төсвөө нийлээд тонож болно. Авилга аваад бялуурч болно. Шударга өрсөлдөөнийг хааж болно. Архи уугаад агсарч болно. Охид бүсгүйчүүдээ чангааж болно. Согтуу жолоо бариад нисэж болно. Энэ бүхэн бүгд нээлттэй болохоор бид нохойн замаар амьдардаг.


Яг ноход мэт ноололдож амьдарч буй нь өнөөгийн манай амьдрал. Миний комент бичих эрхийг хаачихаад нэг боловсролтой этгээд доромжилж, гүтгэж сургаар бичсэн. Миний буруу бол хуулийг чанга болгож, алагчлалгүй бүгд мөрдөх асуудлыг хөндсөнд л байна. Өөрөөр би буруугүй. Бүгд хуулиасаа бар дагаж буй мэт ай! Хуулиа зөрчихгүй бол бар биднийг хамгаална. Хуулиа зөрчвөл бар харин барина.


Нэгэн зүйл


Хөх хот 49 км урттай метро 2.4 тэрбум ам.дoлларын өртөгтэй босгосон гэнэ. УБ-т тэгвэл 100 км урттай ийм түнээл 1 тэрбум ам.долларт босгоё. Монголчууд бараг бүгд хувийн машинтай болсон. Шинжлэх ухаан, тeхник технологийн дэвшлийг УБ хотдоо ашиглая. Бид хоцрогдлоо шинжлэх ухаан, техник технологийн хөгжлөөр л шийднэ. Газрын доорхи орон зайн хөгжил Түнээл, дулаан авто зогсоол-Р бий болгож байж л иргэддээ өөрийн машинаар давхиад байх боломж бий болгоно. Гүүр бариад л байна. Давж ирээд хотын төвийн 4 замынхаа уулзварууд дээр нам гацаж байна.


Нэгэн зүйл


Ослод амьдардаг 80 гаран насны нэг норвег хөгшин байдаг. Улс төр сонирхдог мөн л төрийн зүтгэлтэн хүн. Өөрөө уран зураг их сонирхоно. Гоё ч зурна. Одоо хүмүүстэй түүх, улс төр, бас уран зураг хөөрөлдөнө. Хааяа зочилж очихоор зураг зуруулж авдаг. Муухай санаатай хүн гэж байдаггүйтэй адил муухай зурдаг хүн байхгүй гэж үздэг. Зураг зурж, зураг харж, зураг тайлбарлаж суух нь хөгшрөхгүй, оюун санааны доройтолд автахгүй байх гол аргуудын нэг гэж ухуулдаг. Би монгол хүн болохоор адуу зурах дуртай. Хоёр зураг зураад өгсөн жаазлаад том өрөөндөө хаджээ. Мөн манай эхнэр, охин, хөвгүүдийн зурсан зургийг цуглуулга болгоод хаджээ. Миний зурсан морьдыг хүмүүс их магтдаг, үнэт зургууд нь гэж урам өглөө. Өнгө будаг, дүрс, сэтгэл нийлсэн байхад муухай зурдаг хүн гэж байдаггүй юм байна.


Нэгэн зүйл


Монгол Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55-н жилийн ойг тэмдэглэж байна. 5.4 сая хүн амтай Скандинавын хойгт орших энэхүү улсаас бидэнд суралцах, нутагшуулах асар их зөв хөгжлийн бодлогууд байна. Норвег улсын хөгжлийн амжилт нь баялгаа үнэлсэн өндөр татвар авч, өндөр цалин хөлсөөр иргэдийнхээ хөдөлмөрийг үнэлдэгт оршдог. Хариуцлагатай уул уурхайн үндэс нь татвар өндөр байх. Төрийн хяналт дээд зэргийн байх. Норвег улсын зарчим энэ байна. Тэгээд энэ улс дэлхийн хамгийн баян дундаж давхаргатай орон боллоо. Олигархи байхгүй. Гуйлгачин, ажилгүйдэл байхгүй. Авилгагүй, алагчлалгүй, арын хаалгагүй хүчирхэг Төрийг бий болгосноор "Зөв халамжит" баян чинээлэг улсыг бүтээн байгуулсан. Боловсрол, эрүүл мэндийн салбар иргэддээ үнэ, төлбөргүй.


Yргэлжлэл бий