sonin.mn

Эрин зуун улиравч үл мартагдах түүхэн замналын эзэн эрхэм генерал эдүгээгээс ерэн жилийн тэртээ Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт Өлтийн цагаан хаднаа дуугаа хадаан хүний орчлонд мэндэлжээ. Алдар гавьяаны дайчин түүхтэй Зэвсэгт хүчний хийморьлог жагсаалд 40 гаруй жил нэр төртэй алба хаахдаа Офицерын сургуулийн сурагчаас Монгол төрийн генерал цол хүртэж, их бууны тусгай дивизийн салааны захирагчаас БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, Монголын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын өндөр албан тушаалд дэвшиж, 12 жилийн турш нэр төртэй хашиж явсан дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдорж ЗХУ-ын Москва хотын К.Е.Ворошиловын нэрэмжит Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг алтан медальтай төгссөн Монголын анхны офицер, Монгол Улсын Зэвсэгт хүчинд цоо шинэ төрлийн цэрэг болох Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийг үүсгэн байгуулагчийн нэг зэрэг тодотгол алдруудаараа салбарын түүхэнд нэр нь мөнхрөн үлдсэн юм. 


May be an image of 3 people and text

НУЛИМС НЬ ОЙРХОН ААВ


Эрхэм генерал эгэл малчин айлын гал голомтод мэндэлжээ. Гэхдээ цөлх ухаантай, гүдэсхэн зантай жинхэнэ монгол эр, уран гартай, уужуухан аальтай халх монгол бүсгүйн хайраас ургаж, халамжид өссөн азтай хүү. Тэднийх найман хүүхэдтэй өнөр өтгөн айл ч хүн тус бүр өөрийн гэсэн аяга халбага, ор дэрний даавуутай байсан гэдэг. Гэрийн доторх бүх зүйл цэвэрхэн, цэгцтэй, хувцас хунар болон бусад зүйлээ ээжийнхээ зааж өгсөн нэг л газар байрлуулдаг тул дараа нь эрж мунгинана гэсэн ойлголт байхгүй. Өвлийн цагт ах дүүс жагсаалаараа гарч бие засаад бөөндөө орж ирдэг байж. Тэр нь дахин дахин хаалга онгойлгож, гэрт хүйтэн орохоос сэргийлдэг аав ээжийн амьдралын ухааны зах зух байжээ. Хүүхдүүд багаасаа ээжийнхээ оёж өгсөн баривч, дээл, бойтог, арьсан зулагтай эсгий гутал зэргийг өмсөж, ааваасаа өвлөн авсан малд нүдтэй, нутаг орондоо хайртай, олондоо дэмтэй, өөр хоорондоо эвтэй зарчмаар өсөж торнисон. Сум, багийн дарга нар нь аймаг хотоос ирсэн төлөөлөгчдийг дагуулж, тэднийхээр оруулж, туршлага судлуулдаг байсан гэдэг. Малчин, багш, тээвэрчин гээд л сонгосон хувь тавилангийн зам мөрөөрөө манлайлж явсан ахан дүүсээс гурав нь батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг сонгосон бөгөөд хошууч, дэд хурандаа, дэслэгч генерал хүртэл цол хэргэм хүртсэн амьдралын замналыг туулжээ.



Хөвгүүдийн ахмад нь дэслэгч генерал Ч.Пүрэвдорж агаад тэрээр 13 насандаа сумаасаа аймагт, аймгаасаа хот руу ирж, Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуулийн сурагч болж, улмаар Цэргийн ерөнхий сургуульд үргэлжлүүлэн суралцаж, онц дүнтэй төгсжээ. Цэргийн угшил удам үгүй ч тэр амьдралын сонголтдоо өчүүхэн ч эргэлзэлгүй, тууштай зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөж, цэргийн албыг анхан шатнаас нь өндөрлөг хүртэл мацаж, бүхий л цол, албан тушаалыг өөрийн хичээл зүтгэл, оюуны бяд, ухааны цараагаараа үнэлэгдэн дамжиж, өсөн дэвжсэн байна. 



Тэрбээр Цэргийн чуулгын үзэсгэлэнт бүжигчин бүсгүй Д.Ичинхорлоотой ханилж, таван сайхан охины аав, ээж болжээ. Түүний хань гарын таван хуруу шиг тэрсхэн жаахан охидоо эрдэм номтой, эрхэлсэн ажилтай, хүний дайтай хүн болгохын төлөө зүтгэхийн зэрэгцээ БНМАУ-ын ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайдын хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, дэслэгч генерал болтлоо дэвшин ажилласан ханийнхаа найдвартай ар тал болж, орсон гарсанд идээ ундтай, олон түмэндээ ааль дөлгөөн, ахан дүүстээ элбэрэл буянтай, амьдралын ухаантай нэгэн байжээ. Бүсгүй хань болон охидынхоо бүхий л асуудлыг зохицуулахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, сурах боломжийг алддаггүй байсан агаад хэвлэгч, тогооч, номын санчийн курс дамжаануудад сурч, оёж, нэхэхээрээ олондоо нэртэй уран нэгэн байжээ. Ямартаа л том охин П.Алтанцэцэг нь "Геометрийн прогрессоор өсөж явсан аавын минь ажил алба, амжилт бүтээлийн нууц нь ээж минь байсан" гэж дурсах вэ. Таван охины ууган тэрбээр аавынхаа гэгээн дурсгалд зориулан "Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдорж” баримтат гэрэл зургийн цомгийг эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд аливаад нямбай, чамбай аавынхаа уйгагүй бэлтгэж цуглуулж үлдээсэн баримт, гэрэл зургуудыг цэгцэлж, Батлан хамгаалахын төв архивт сууж, хаа ч очсон аавынх нь тухай сайхан дурсамж хөврүүлэх олонтой уулзаж өнгөрүүлсэн тэр өдөр хоногууд амьдралынх нь хамгийн аз жаргалаар бялхсан үе байсныг дурсаад "аавыгаа дахин өөртөө нээсэн" мэт санагдсанаа нуугаагүй юм.



"Бусдад бол халдашгүй эрхэм цэргийн дарга ч бидэндээ бол халамжтай, зөөлөн, аргадангуй дөлгөөхөн аав минь байлаа. Аавын минь нулимс их ойрхон. Зуны амралтаараа ирчхээд намар буцах болоход урт сормуустай, том алаг нүд нь дүүрэн нулимстай харагдана. Түүнийгээ бас нуух гэж оролдоно оо" гэж дурсах П.Алтанцэцэг эгчийн өөрийнх нь нүдний аягаар дүүрэн нулимс мэлтрээд ирлээ. Аргагүй л аавын охин ажээ...



Генералын гэр бүлийн хувьд жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдөр мэдээж хамгийн их хөл хөдөлгөөнтэй, хамгийн их догдлон хүлээдэг баяр баярын дээд нь байж. Мөн Улсын их баяр наадмаар гэр бүлээрээ хамт соёолонгийн тоос хүртэх нь уламжлал болсон байжээ. Харин 2003 оны 7 дугаар сарын 12-ны өдөр аав нь 70 насандаа тэнгэрт дэвшсэнээс хойш үр хүүхдүүд нь соёолонгийн уралдаан руу яарах нь бүү хэл сэтгэл эзгүйрээд байдаг болсон талаараа өр өмөртөл дурсана билээ.


May be an image of 1 person

ХҮНЭЭРЭЭ ҮЛДСЭН ГЕНЕРАЛ


Арваадхан настай хүү байхаасаа тэр цэрэг, армийн амьдралд эргэлт буцалтгүй орж, Ардын цэргийн их бууны тусгай дивизионы батарейд галт салааны дарга, Ардын Цэргийн Ерөнхий Штабын байлдааны ба байлдааны бэлтгэл хэлтсийн туслах, Их бууны тусгай дивизионы дарга, БХЯ-нд Улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хэлтсийн дарга, БНМАУ-ын ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд хүртэлх алба ажлыг хашихдаа ёстой л туг шиг ихэмсэг, тамга шиг хатуу зангаргатай цэргийн даргын үлгэр жишээг үе тэнгийнхэн болоод залуу, хойч үедээ өөрийн биеэр харуулж чадсан юм. Тэр армийн генерал Батын Дорж, хурандаа генерал Жамсрангийн Ёндон, хурандаа генерал Жарантайн Авхиа нарын гурван ч БХЯ-ны сайдтай тус бүр дөрөв дөрвөн жилээр хамтран ажиллаж, улс орныхоо батлан хамгаалах үйл хэрэгт оюун чадал, хүч хөдөлмөрөө зориулан зүтгэжээ. Удирдлагын томилсон албан тушаал, улс орны хөгжил дэвшилд онц хэрэгтэй орон зайд тэр шинэ зам мөрийн шанг татсан хоёрхон жишээг дурдъя. 



Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчинд зенитийн пуужингийн ангийг анх байгуулагдахад анхны захирагчаар томилогдон таван жил ажиллахдаа орчин цагийн пуужинт шинэ зэвсэглэл бүхий цэргийн ангийг байгуулах, бэхжүүлэх, байлдааны бэлтгэл сургалтыг зохион байгуулах баялаг туршлага хуримтлуулсныг илэрхийлэх баримт нь түүний удирдсан Ардын Армийн 028 дугаар анги армийн түүхэнд анхны “Армийн тэргүүний анги”-аар шалгарсан төдийгүй гурван жил дараалан амжилтаа бататгасан явдал юм.



Тиймээс ч ангийн захирагч Ч.Пүрэвдорж хошууч цолтой байхдаа ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид явж, амжилттай суралцсанаас гадна тухайн үед хэн бүхэнд тохиогоод байдаггүй байсан БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар дөрвөн ч удаа сонгогдон ажиллаж байжээ. Мөн академиа онц төгсөж ирээд, БХЯ-нд Улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хэлтсийн даргаар томилогдон гурван жил ажиллахдаа АДХ цэргийг Зэвсэгт хүчний үндсэн төрлийн цэрэг болгохын төлөө ихийг хийж, Улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн тулгын чулууг тавилцсан үндэслэгчдийн нэгэн болсон юм. Хэдийгээр улсын хариуцлагатай том албан тушаалд томилогдон ажиллаж, алдар хүндийг хүртэж явсан ч тэр хүнийхээ хувьд хэзээ ч өөрчлөгдөөгүйг түүний тухай бусдын дурсамжаас харж болно.



Тухайлбал, хошууч генерал С.Гомбосүрэн “Өндөр албан тушаал, эрх мэдэл, цол хэргэм аль нь ч миний найзыг эвдэж чадаагүй нь үнэн юм. Ямартаа л түүнийг минь залуус, хамт ажиллагсад нь “хүнээрээ үлдсэн генерал” гэлцэх вэ дээ”, хошууч генерал Г.Махбариад "Манай даргад уур уцаар гэж байхгүй, хүнийг том, бага тушаалын гэж ялгалгүй харьцана. Хүн хэчнээн буруу, зөрүү юм хийсэн гэм, зэмтэй ч тэдэнтэй өндөр дуугаар ярина гэж үгүй.



Аль болох дутагдал, доголдлыг нь ойлгуулах гэж л үзнэ. Хүн чанар маш сайтай, барагтай бол хүн шийтгэхгүй шүү. Бид хоёр арав гаруй жил хамт ажиллахдаа нэг удаа ч ам мурийж үзээгүй хүмүүс. Товчоор хэлэхэд, миний анх танилцсан Пүрэвдорж, МАХН-ын Төв хорооны гишүүн, АИХ-ын депутат, Монголын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Пүрэвдорж хоёрын хооронд зан харилцааны хувьд ямар ч өөрчлөлт гараагүй. Би энэ хүнээс маш их юм сурсан. Ийм даргатай хамт ажиллаж байсандаа маш их бахархаж явдаг хүн дээ", ЦЕС-д хамт сурч байсан хошууч генерал Г.Дугарсүрэн “Бид сүүлийн мөч хүртэл дотно анд найзууд байсан даа”, хошууч генерал А.Ганбат “ОХУ-ын ЗХЖШ-ын академид сурч байхдаа академийн хананд бичигдсэн “Алтан медаль”-тай төгссөн төгсөгчдийн нэр дотроос Монголын офицеруудаас анхны алтан медальтан Пүүжээ генералынхаа нэрийг хараад бахархаж явсан би БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд ЭША-аар томилогдож, генералтайгаа жил хагас хамт ажилласан сан. Бүтээлүүдийг нь уншиж, аливаа асуудлын талаар асуухад энгийн бөгөөд цэгцтэй тайлбарлаж байсан нь саяхан мэт боловч хорь гаруй жил өнгөрчээ” зэрэг дурсамж, дурдатгалаас харагдана. Түүнчлэн чөлөөнд байгаа хурандаа Ц.Галбадрах “Дарга удирдлагын баримт бичиг боловсруулах, сургууль болон төлөвлөлтийн талаар бидний санал бодлыг байнга сонсож, оновчтой зөвлөгөө өгөхийн зэрэгцээ ажлыг минь байнга дэмжиж, хийж гүйцэтгэхийн их урам хайрладаг байлаа. Тэр олон талын өндөр боловсролтой, цэргийн хэргийн гүнзгий мэдлэгтэй монгол цэргийн түүхэнд мөнхөд дурсагдах жанжин гэж бахархаж явдаг даа” гэх юм билээ. Үнэхээр дэлхийг торлосон мэдээллийн эх сурвалж Wikipedia цахим толь бичигт түүн шиг “Цэргийн жанжин” хэмээн тодотгон тэмдэглэгдсэн цэргийн зүтгэлтэн тийм ч олонгүй болов уу?!


May be an image of 1 person

АХИЖ НАДААР ИЙМ ЮМ БИТГИЙ ХИЙЛГЭЭРЭЙ


Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсанаас хойших дөч гаруй жилийн хугацаанд захирлаар ажилласан удирдлагуудаас хамгийн удаан ажилласан хүмүүсийн нэг нь яах аргагүй дэслэгч генерал Ч.Пүрэвдорж ажээ. Түүний амьдралын сүүлийн хориод жил эрдэм судлалын ажилтай ийнхүү холбогдсон байна. 



Тэр ЗХЖШ-ын даргаар ажиллаж байхдаа ч цэргийн урлаг, оператив, тактикийн болон улс төр, нийгэм, сургалт бэлтгэлийн асуудлаар олон арван онол-практик, арга зүйн асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл бичиж, төвийн болон цэргийн сонин сэтгүүлд нийтлүүлж байжээ. Түүнчлэн БХЯ-ны Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллахдаа судалгааны хэд хэдэн ажил, “Цэргийн шинжлэх ухаан, цэргийн номлолын тухай” ном бичсэний зэрэгцээ цэргийн эрдэм шинжилгээний байгууллагыг бэхжүүлэх зэрэг цар хүрээтэй олон ажлыг удирдан хийсэн байна.



Дараа нь Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөхөөр ажиллаж байхдаа ч цэрэг, стратегийн судалгааны ажлыг удирдан чиглүүлж, Монгол Улсын аюулгүй байдал, төр улсын батлан хамгаалах номлолыг боловсруулах чиглэлээр дорвитой олон бүтээл туурвихад оролцсон бөгөөд “Батлан хамгаалах цэргийн тогтолцооны тухай” болон “НҮБ-ын энхийг сахиулах хүчин” гэсэн судалгааны хоёр том оргил бүтээл бий. Сонирхуулахад, дэслэгч генерал Ч.Пүрэвдорж Монголын цэнхэр дуулгатнууд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хэрхэн оролцож болох талаар судалж, 1993 оны “Стратеги судлал” сэтгүүлийн дугаарт “Энхийг сахиулах ажиллагааны шинэ эрин ба Монголын оролцоо” нэртэйгээр бичиж нийтлүүлсэн нь хэвлэлийн түүхийн шаргал хуудсанд дурайн үлджээ. Улмаар судалгааныхаа дүнг БХЯ-нд танилцуулж ирчхээд доктор Р.Болд, тухайн үед хүрээлэнгийн дэд захирлаар ажиллаж байсан С.Баяр нарт “Ахиж надаар ийм юм битгий хийлгээрэй. Энэ хүмүүс ойлгохгүй юм байна” гэж гомдонгуйгаар хэлж байсан бодит нөхцөл байдлыг бодвол 2002 оноос Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд өдгөө 20 мянга гаруй цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” болоод байгаа билээ. 


May be an illustration of 1 person

Түүнийг цаг үеийн мэдрэмжтэй, удирдан зохион байгуулах онцгой чадвартайг илтгэх өөр нэгэн баримтыг өгүүлье. 


Тэрбээр 1988 онд бүтээсэн Монгол кино үйлдвэрийн “Мандухай сэцэн хатан” олон ангит уран сайхны түүхэн кинонд цэргийн зөвлөхөөр ажиллажээ. Түүнтэй хамт ажилласан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Нагнайдорж ийнхүү дурсжээ. “Манай “Мандухай сэцэн хатан” кинонд Монголын армийн хүндтэй дэслэгч генерал Ч.Пүрэвдорж ажилласан нь бахархалтай. Зураг авалтад Зүүнбаян, Өвөрхангай, Булганы дивизийн 6000 орчим цэрэг оролцсон юм.


Гурван сарын турш шаардлагатай цагт бүх цэрэг киноны хувцас өмссөн байх, өдөр бүр 2000-4000 морийг барьж эмээллээд, зураг авалтад бэлэн болгох, цэргүүдийг хооллож ундлах, зөөж тээвэрлэх, хангалт сургуулилт зэрэг маш олон асуудлыг киноны зураг авах ажилтай уялдуулж, энэ нүсэр зохион байгуулалтын ажлыг туршлагатай, зангаргатай цэргийн дарга хийдэг гэдгийг харуулсан.


Манай кино Монголын ард түмний сэтгэлд шингэсэн, сайн кино болсон нь Б.Балжинням ерөнхий найруулагчаар удирдуулсан кино баг, Ч.Пүрэвдорж генералаар удирдуулсан Ардын Армийн цэргүүдийн хариуцлагатай, зарчимч, эвсэг хамтын ажиллагааны үр дүн байсан юм” гэсэн нь олон таван үггүйгээр эрхэм генералын хариуцсан ажилдаа хэрхэн ханддаг байсныг илэрхийлнэ. Ийнхүү ухамсарт амьдралынхаа жар шахам жилийг Монголын Ардын Арми, Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбартаа сэтгэл хоёргүй зориулан зүтгэж, алдар гавьяаны дээдийг хүртэж, ажил, албан тушаалын ачааны хүндийг үүрч явсан эрхэм генералын эгэлхэн төрх, хүн чанарынх нь тольтод нэвтрэхийг оролдсон нь энэ буюу. 




Д.ГҮНЖИЛМАА

Эх сурвалж: "Соёмбо" сонин