АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж, нэр дэвшигчид албан ёсоор тодорлоо. Тодруулбал, Энхтөрийн Галбадрал, Дарьсүхбаатарын Билгүүдэй, Саруулсайханы Цэнгүүн нар өчигдөр нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэхээ гардан авсан байна.
Нэр дэвшигчдийн бүртгэлийг 2026 оны наймдугаар сарын 10-ны 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулж, Э.Галбадрал 12:47, Д.Билгүүдэй 16:38, С.Цэнгүүн 16:45 цагт тус тус бүртгүүлжээ.
Ийнхүү Ардчилсан Залуучуудын Холбооны шинэ Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн албан ёсоор эхэлж, ээлжит Үндэсний чуулганы хүрээнд болох сонгуулийн үйл ажиллагаа дараагийн шатандаа шилжиж байна. Нэр дэвшигчид холбооны цаашдын бодлого, зорилго, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, хөгжлийн шийдлээ Үндэсний чуулганы төлөөлөгчдөд танилцуулан өрсөлдөнө.
Энэ удаагийн сонгуулийг зөвхөн Ардчилсан Залуучуудын Холбооны дотоод асуудал гэж харахад учир дутагдалтай. Харин АН шинэ үеийн залуучуудтай хэрхэн холбогдох вэ, намын дараагийн үеийн улс төрчдийг ямар зарчим, үнэт зүйл дээр гаргаж ирэх вэ гэдгийг харуулах нэгэн шалгуур болох боломжтой.
Гурван нэр дэвшигчийн улс төрийн дүр төрх ч өөр өөр байна.
Д.Билгүүдэй нь ардчиллын анхдагчдын нэг Д.Дарьсүхбаатарын хүү.
Энэ утгаараа ардчиллын түүх, уламжлалтай шууд холбогдох давуу талтай боловч олон нийтэд танигдсан улс төрийн туршлага харьцангуй бага. Түүнчлэн АН-ын дотоод дахь тодорхой бүлэг, фракцтай ойр нэр дэвшигч гэсэн ойлголт төрүүлэх эрсдэл бий.
Э.Галбадралын хувьд ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ойр, түүний хүрээллийн хүн гэх улс төрийн тодотгол дагалддаг. Энэ нь намын тодорхой хэсгийн дэмжлэг авах давуу тал байж болох ч нөгөө талдаа АН-ын залуучуудын байгууллагыг дахин нэг фракцийн нөлөөнд оруулах гэж байна гэсэн шүүмжлэл дагуулах магадлалтай.
Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хувьд өрсөлдөгчдөөсөө ялгарах нэг том давуу тал бий. Тэр бол олон нийтэд хэдийнэ танигдсан, парламентын түвшинд ажиллаж байгаа залуу улстөрч.
Түүнээс гадна С.Цэнгүүний улс төрийн дүр төрхийг зөвхөн АН-ын дотоод фракцийн төлөөлөл гэхээс илүүтэй ардчилсан үзэл санаа, шинэ үеийн төлөөлөл гэсэн өнцгөөс олон нийтэд таниулах боломжтой. Энэ нь өнөөдөр АН-д хамгийн хэрэгтэй зүйл байж мэднэ.
Улс төрийн намуудын өмнө тулгамдаж буй том сорилтын нэг нь залуу үеийн итгэл, оролцоог татах явдал болсон. Залуусын хувьд намын түүх, хуучин фракцуудын тэмцлээс илүү өөрсдийн амьдрал, эрх чөлөө, боловсрол, ажил эрхлэлт, бизнесийн боломж, технологи, нийгмийн шударга ёсны асуудал чухал болж байна.
Тиймээс Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч нь намын удирдлагын шийдвэрийг залууст дамжуулдаг төдий албан тушаалтан бус, харин залуу үеийн хүсэл сонирхлыг АН-ын бодлоготой холбож чаддаг улс төрийн лидер байх шаардлагатай.
Энэ өнцгөөс харвал С.Цэнгүүнд боломж бий.
Тэр УИХ-ын гишүүний хувьд үндэсний хэмжээний улс төрд оролцож байгаа атлаа нас, улс төрийн имижийн хувьд залуу сонгогчидтой харилцах боломжтой үеийн төлөөлөл. Хэрэв тэр Ардчилсан Залуучуудын Холбоог нам доторх ээлжит нэг фракцийн байгууллага бус, үзэл санаа, бодлого, шинэ лидерүүдийн өрсөлдөөний нээлттэй талбар болгож чадвал зөвхөн холбооны төдийгүй АН-ын шинэчлэлд тодорхой түлхэц өгч чадна.
АН сүүлийн жилүүдэд дотоодын хуваагдал, лидерүүдийн зөрчил, фракцийн тэмцлээрээ л олон нийтэд харагдсан нь нууц биш. Харин залуучуудын байгууллага нь энэ хуучин дүр төрхийг давтах бус, шинэ үеийн улс төрийн соёлыг бий болгох ёстой.
Тиймээс энэ сонгуулийн гол асуулт хэн нэгэн нэр дэвшигчийн ард ямар фракц байгаа вэ гэдгээр хязгаарлагдах учиргүй. Харин хэн нь АН-ын хүрээнээс давж, өнөөдөр улс төрөөс хөндийрөөд буй залуучуудтай ойлголцож, тэднийг ардчилсан үзэл санаа, улс төрийн оролцоонд татаж чадах вэ гэдэгт байх учиртай.
Энэ шалгуураар харвал С.Цэнгүүн бусад нэр дэвшигчээсээ илүү өргөн боломжтой харагдаж байна.
Хэрэв С.Цэнгүүн Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч болж, холбоогоо фракцийн улс төрөөс ангид, залуусын бодит оролцоонд тулгуурласан байгууллага болгож чадвал үр дүн нь зөвхөн нэг залуучуудын байгууллагын хүрээнд үлдэхгүй. АН өөрөө шинэ үеийн сонгогчидтой холбогдох сувагтай болж чадна.
Өөрөөр хэлбэл, С.Цэнгүүний ялалт зөвхөн түүний улс төрийн карьерын нэг шат бус, АН залуус руу эргэн харж, шинэ үеийн дэмжлэгийг татах боломжийн эхлэл болж мэднэ.
Н.Отгончимэг
Мягмар - 08 сарын 11,
2026
Сэтгэгдэл3
Ардчилал бол зэрлэг капитализм.
Энэ янхан юугаар аа татна гэж лалар сайт ааа
Дэмий байхаа