sonin.mn

7-р сарын 23-нд ШХАБ-ын гишүүн орнуудын эрх бүхий байгууллагуудын “Тяньшань-2026” кибер терроризмтой тэмцэх хамтарсан сургуулилалт БНХАУ-ын Шинжааны Үрэмч хотод боллоо. Гишүүн орнууд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ илгээж сургуулилалтад оролцсон бөгөөд ШХАБ-ын Бүс нутгийн терроризмтой тэмцэх байгууллагын Гүйцэтгэх хороо сургуулилалтад холбогдох дэмжлэг үзүүлсэн байна.


Энэхүү сургуулилалт нь өнөөгийн терроризмын үйл ажиллагааны даяаршсан, цахимжсан, хиймэл оюун ухаанд тулгуурласан шинэ онцлогт чиглэж, “Гурван хар хүчин” интернэтийг ашиглан хорлон сүйтгэх ажиллагаа явуулах нөхцөл байдлыг бодитоор загварчилсан сургуулилалтын хувилбар боловсруулж, сургуулилалтын хүрээнд олон улсын нэгэн террорист байгууллага интернэтээр дамжуулан терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврагч үзлийг сурталчлан түгээж, ШХАБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэрт нууцаар хүн элсүүлж, террорист халдлага төлөвлөж хэрэгжүүлэхээр завдаж буй нөхцөл байдлыг дуурайлган үзүүлжээ. Оролцогч талууд нягт хамтран ажиллаж, цахим аюулгүй байдлын эрсдэлийг шуурхай илрүүлэн шалгаж, сэжигтэй этгээдүүдийг тогтоон, газар дээрх таслан зогсоох болон баривчлах ажиллагаанд үр дүнтэй дэмжлэг үзүүлсэн байна. 


Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Кибер аюулгүй байдлыг хамгаалах газрын холбогдох албан тушаалтан хэлэхдээ, энэхүү сургуулилалтаар дамжуулан ШХАБ-ын хүрээнд гишүүн орнуудын кибер терроризмтой тэмцэх салбарын бодит хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, цахим орчин дахь хүчирхийлэл, терроризмын үйл ажиллагаанд үргэлжлүүлэн хатуу цохилт өгч, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамтран хамгаална гэж мэдэгджээ.


Г.Бямба