АНУ-ын Сенат Ерөнхийлөгч Дональд Трампын нэр дэвшүүлсэн Уолтер “Жэй” Клейтоныг Үндэсний тагнуулын газрын даргаар томилохыг дэмжжээ.
Сенатын долдугаар сарын 28-ны өдрийн санал хураалтаар түүний томилгоог 51 сенатор дэмжиж, 47 сенатор эсэргүүцсэн байна. Санал хураалт үндсэндээ намын шугамаар явагдаж, Бүгд Найрамдах намын сенаторууд Клейтоныг дэмжсэн бол Ардчилсан намын гишүүд эсэргүүцжээ.
Жэй Клейтон нь өмнө нь АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын дарга, Нью-Йоркийн Өмнөд дүүргийн холбооны прокуророор ажиллаж байсан хуульч юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг зургаадугаар сарын 11-нд Үндэсний тагнуулын газрын даргад нэр дэвшүүлсэн бөгөөд Сенатын Тагнуулын хороо долдугаар сарын 21-нд 9:8-ын харьцаагаар дэмжин, Сенатын нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн байна.
Тэрбээр АНУ-ын тагнуулын байгууллагуудад шууд ажиллаж байсан туршлагагүй нь томилгоог тойрсон гол шүүмжлэлийн нэг болжээ. Харин дэмжигчид нь Клейтоны хууль зүй, удирдлага болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэргүүд дээр ажилласан туршлагыг онцолсон байна.
Клейтон Сенатын сонсголын үеэр АНУ-ын тагнуулын байгууллагуудыг улс төрийн ашиг сонирхлоос ангид байлгаж, хуульд захирагдсан, бодит мэдээлэлд тулгуурласан үйл ажиллагааг нь хамгаалахаа илэрхийлжээ. Гэвч тэрбээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчийг шууд нэрлэхээс зайлсхийсэн нь Ардчилсан намын сенаторуудын шүүмжлэлийг дагуулсан байна.
Үндэсний тагнуулын газрын дарга нь АНУ-ын тагнуулын хамтын нийгэмлэгт багтдаг 18 байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тагнуулын мэдээллээр хангах үүрэгтэй.
Жэй Клейтон энэ албан тушаалд түр үүрэг гүйцэтгэж байсан Билл Пултег орлож, зургадугаар сард албан тушаалаасаа буусан Тулси Габбардын халааг албан ёсоор авч байна.
Г.Бямба
Лхагва - 07 сарын 29,
2026
Сэтгэгдэл0