Английн алдарт “The Beatles” хамтлагийн гишүүд Америкт хайртай байсныг та мэдэх үү. Мэдэхгүй бол би жаахан түүх яръя. Хорьдугаар зууны тавиад онд америкийн рок хөгжмийн нөлөө Британид их хүчтэй дэлгэрч байв. Британид 1960 онд дөнгөж шинээр байгуулагдсан “The Beatles”хамтлагийн гишүүд америкийн рок- н- ролл хөгжмийг биширдэг байв.
Пол Маккартни бол хүүхэд байхаасаа л Клифф Ричард, Чак Берри, Бадди Холли, Карла Перкинсийг шүтдэг байв. 1957 онд 16 настай Жон, 14 настай Пол хоёрыг танилцуулж дотносуулсан зүйл бол яахын аргагүй америкийн рок хөгжим байлаа.
Тэр үед 14 настай жаал хүү Пол Маккартни английн Ливерпул хотын нэгэн дүүргийн од болж байгаа “The Quarry Men” хамтлагийн ахлагч хөвгүүн Жон Леннонд америкийн Эдди Кокран, Жин Винсент , Литл Ричардын дууны аккордыг гитар дээр тоглож үзүүлсэн нь ихэд таалагдаж түүнийг хамтлагтаа авчээ. Жон, Пол хоёр хоёулаа Бадди Холлиг шүтдэг байв. Пол Маккартни хожим нь дурсахдаа “Бидний анхны 40 дуу Бадди Холлийн хөгжмийн нөлөөн дор бичигдсэн юм” хэмээн ярьдаг байлаа. Жон Леннон мэдээж америкийн рокын хаан Элвис Преслиг шүтэж, америкийн Боб Диланг маш их сонирхдог байв. Пол Маккартнийн уран бүтээлд америкийн “Beach Boys - Pet Sounds 1966” маш их нөлөө үзүүлж Битлзийн “Sgt. Pepper's Lonely Hearts Club Band” цомгоо гаргахад нь хүргэж байв.
Нэг. Америкт болсон “Битломания”
“The Beatles” хамтлаг бол рок хөгжмөөр анх удаа АНУ-д амжилт олсон хамтлаг байлаа. 1964 оны хоёрдугаар сард “Битлз” хамтлаг анх удаа АНУ-д айлчлан тоглолт хийхийн өмнө тэд нилээд айж түгшиж байсан юм. Учир нь Битлз тэр үед Европт алдартай болсон байсан. Харин АНУ-д 1963 онд тэдний пянзнууд гуравдугаар зэргийн түвшинд бараг борлогдохгүй байдаг байв.
Пол АНУ явахын өмнө “ Бид тэнд очих хэрэг байна уу. Тэдэнд өөрсдийн шүтдэг хамтлаг, дуучид зөндөө байдаг ш дээ” гэж байв. Харин 1964 онд Битлзийнхэн америкийн Capitol Records фирмтэй гэрээ байгуулж “Meet the Beatles” (1964) цомгоо гаргаж тэдний “I Want To Hold Your Hand” дуу нь америкийн зах зээлд тэргүүлж эхэлжээ.
1964 оны хавар Битлз анх удаа АНУ-д Нью Иорк хотын Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудалд буухад тэднийг америкийн 4000 гаруй шүтэн бишрэгчид голдуу өсвөр насныхан угтлаа. Тэднийг харсан Ринго Старр “Америк гэж энэ үү. Тэд ямар олуулаа угтаж байна вэ. Тэд жаахан хэвийн бус хүмүүс юм уу даа ?”гэж байв.Тэднийг хаашаа ч явсан өсвөр насныхан даган явж хашгирч байв. Битлз америкийн алдарт Эда Салливаны телешоуд оролцсоны дараа бүх Америк нойрноосоо сэрэв. Энэ телешоуг америкийн 73 сая үзэгч үзжээ. Ингэж Америкт битломания эхэллээ. Вашингтон хотын “Колизей” концертын танхимд Битлзийн анхны концерт болж 20 000 шүтэн бишрэгчид нь үзэв. Дараа өдөр нь Битлз Нью Иоркийн Карнеги холл –д хоёр удаа тоглолт хийлээ. Энэ үеэр жинхэнэ шүтэн бишрэгчдийн орилоон хашгираан болж цагдаагийнхан Манхеттаны хэд хэдэн гудамжийг хаахад хүрч үзэгчдийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг яаралтай хийхэд хүрэв.
Тэнд Битлзийнхэн нэг зүйлийг ойлгов. Тэд өөрсдөө итгэх итгэлийг бүрэн олж авав. Тэднийг шүтэн бишрэгчид нь хараад концертийг нь огт сонсохгүй, бүгд л орилолдоод хашгиралдаад уйлалдаад байдаг байв. Битлз тэр үед маш чухал үед АНУ-д очжээ. Учир нь тэр үед америкийн хар өдрүүд болоод байв.
АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди алагдаад гуравхан сар болж байв. Карибийн тэнгисийн хямрал болж Америк Зөвлөлтийн хооронд цөмийн дайны аюул дэгдэхэд бэлэн болоод байв. Америкчууд гэнэт тэнгэрээс тэдэн дээр цөмийн бөмбөг унах вий хэмээн айж байлаа. Гэтэл Америкт Британий гэрэл гэгээтэй сайхан залуус тэнгэрээс унасан мэт гэнэт гарч ирээд тэднийг алмайруулав. Гэвч шүтэн бишрэгчдийн хажуугаар тэднийг үзэн ядагчид хүртэл буй болсон байлаа. 1966 онд Жон Леннон английн “The London Evening Standard” сонин дээр “Христийн шашин алга болно.Би маргахыг хүсэхгүй байна. Гэхдээ миний зөв гэдгийг ирээдүй батална.
Одоо бид Ийсусээс илүү алдартай боллоо. Рок, Христ хоёрын аль нь эхэлж алга болохыг би мэдэхгүй” гэсэн мэдэгдэл хийжээ. Гэтэл Битлз 1966 онд АНУ-д сүүлчийнхээ айлчлан тоглолт хийхийн өмнөхөн америкийн” Datebook” хэмээх сэтгүүлд Жоны энэхүү яриаг тэр чигээрээ нь нийтэлчихжээ.
АНУ даяар ялангуяа өмнөд мужуудад эсэргүүцлийн цуглаан болж сүүлдээ Битлзийн пянзнуудыг шатааж эхлэв. Америкийн “Ку клукс клан” байгууллага Битлзийн дөрвөлийн хүүхэлдэйг галд шатааж байлаа. Менежер Эпштэйн Битлзийн аялан тоглолтыг 8-р сар хүртэл хойшлуулахад хүрч байв. Битлзийнхэн америкчуудын энэ сүржигнэлд тун дургүйцэж байв. Пол тэднийг хараад нацизмыг санагдуулж байна гэдэг байв. Жон хэвлэл мэдээлээр өөрийн мэдэгдлийн талаар уучлалт хүссэн боловч ер тоосонгүй. Битлзийнхэн АНУ-ын Вьетнамд хийж буй дайныг эсэргүүцэх болов. 1966 оны Битлзийн АНУ-д хийсэн айлчлан тоглолт ийнхүү хүндхэн байдалд хэцүүхэн болжээ. Гэхдээ л Америкт амжилт олсон Битлз дэлхий даяар алдаршиж, битломания дэлхий даяар дэлгэрсэн юм. Алс холын азийн бөглүү Монголд хүртэл Битлзийг залуус сонсдог байлаа, шүтэн биширдэг байлаа. Битлзийн хөшөөг анх азид босгосон улсаар Монгол, Казахстан хоёр тодорч байлаа. Сонин юм шүү.
Хоёр. Америкт зориулсан Битлзийн дуунууд
Битлз Америкт зориулж Цагаан цомогтоо хэд хэдэн дуу зохиосон. “ The Continuing Story of Bungalow Bill “ хэмээх кантри маягийн дуундаа цагаан арьстан англо сакс америк залуугийн тухай дуулдаг. Энэ дуунд тэр америк залуу олон комиксын баатруудтай тулалддаг, Энэтхэг явж бар агнадаг тухай өгүүлдэг. Жон Энэтхэгт байхдаа Ришикешийн ашрамд /сүм/ нэгэн ахимаг насны америк эр тэнд ашрамд олон жил амьдарсан ахимаг насны эхтэй ирж уулздаг тухай өгүүлдэг. Тэд дараа нь заан унаж бар агнахаар явдаг. Энэ бол үнэн түүх байлаа. Битлз Энэтхэг байхдаа Роки Ракун гэдэг америк эрийн тухай кантри баллада зохиосон юм. Энэ дуунд буудалцаан, согтуу эмч нар, садар бүсгүйчүүд, Библи, адал явдал ковбой зэрэг зүйлүүд орсон байдаг. Пол Маккартни түүний найз канадын кино найруулагч Пол Зальцман өөрийн хуучин эхнэр нь түүнийг орхиж өөр эр рүү явсан тухай гомдоллосон тухай сонсоод энэ дууг зохиосон байдаг. Битлзийн “Цагаан альбом”-ын “Honey Pie” дуунд далайн чанадын дурлал хайрын тухай өгүүлдэг. Энэ дуунд далайн чанад руу Холлиувудад алдартай жүжигчин болохоор явсан найз охиноо гэртээ хүлээж байгаа нэгэн залуугийн тухай өгүүлдэг . Битлзийн “Blackbird” хэмээх дуунд Америкт амьдардаг, арьсны үзлээр гадуурхагддаг нэгэн хар арьстан бүсгүйн тухай өгүүлдэг. Битлзийн бусад дуунуудад “Лос- Анжелесийн дээр манан татсан нь”, “Аризоноос Калифорни явсан Жогийн тухай” гэх мэт бяцхан түүхийг өгүүлсэн байдаг.
Гурав. Битлзийн гишүүд америк бүсгүйчүүдтэй гэрлэсэн нь
Жон Леннон Америкийн тухай хэд хэдэн дуу зохиосон байдаг юм. Жон Леннон америкийн иргэн, япон бүсгүй Йоко Онотой гэрлэсний дараа АНУ-д очихоор шийдсэн. Учир нь Британид арьсны үзэл газар авсан, түүний япон бүсгүйтэй гэрлэснийг британичууд таашаахгүй байсантай холбоотой юм. Иокогийн аав нь америкийн нэгэн компанид ажилладаг банкны ажилтан байлаа.Тэднийх АНУ-д, заримдаа Японд амьдардаг байв.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа бяцхан Иоко охин ээжтэйгээ Токио хотод амьдардаг байв.Тэднийх Иоког 18 нас хүрэхэд АНУ-д бүрмөсөн амьдрахаар шилжин иржээ. Удалгүй залуу бүсгүй Иоко АНУ-д орчин үеийн авангард чиглэлийн алдартай зураач болж чадсан юм.
Нью Йорк хот бол гадаадын дүрвэгч хүн бүрийг хүлээн авдаг таатай сайхан хот байлаа. Жон сүүлийн 10 жил амьдарсан энэ хотыг өөрийн гэр орон хэмээн үздэг байлаа. Энэ хотод Жон алдар нэрнээс хол, өөрийн эрх тааваараа автобусанд сууж, кофе ууж, цэцэрлэгээр зугаалж эрх чөлөөтэй амьдардаг байлаа. Төв цэцэрлэгийн ойролцоо Дакотад шилжин ирэхээсээ өмнө Жон, Иоко хоёр Вашингтон уулзвараас холгүй Гринвинч Виллижийн Бэнк стрит дэхь жижигхэн орон сууцандаа амьдарч байлаа. Энэ байр нь жагсаал цуглаан хийдэг газраас холгүй байв. Тэднийд зүүний хүчний хөдөлгөөний залуус Эбби Хоффман, Джерри Рубин, Бобби Сил болон улс төрийн идэвхтэй яруу найрагчид, хөгжмийн зохиолчид ирдэг байв. Жон Леннон дайны эсрэг хөдөлгөөнд оролцож “Хар ирвэс” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Жон Синклерийг дэмжсэн цуглаанд очдог байв. Жон Леннон америкийн ерөнхийлөгч Ричард Никсоныг дахин сонгуулахгүй байх, дайныг зогсоох сурталчилгаанд оролцох төлөвлөгөөтэй байсныг Никсон мэджээ. Ленноныг шүтдэг америкийн 18 настай сонгогчдод Никсоны эсрэг санал өгнө гэдгийг Никсон таамаглаж байлаа. Эцэст нь америкийн засаг захиргаа Жон Ленноныг 60 хоногийн дараа АНУ-ыг бүрмөсөн орхиж явахыг шаарджээ. Гэвч Жон Леннон 5 жилийн турш АНУ-ын Мөрдөх Товчоо болон Цагаачдын албатай тэмцэл явуулав. АНУ-ын Мөрдөх Товчоо болон Цагаачдын алба түүнийг ажиглаж телефон утсыг нь нууцаар чагнаж АНУ-аас хөөх томоохон шалтгаан хайж байв. Жон Ленноныг хар костюм өмсөж, хар шил зүүсэн хачин хүмүүс байнга дагаж тагнаж байв. Энэ нь Жонд тун таагүй санагдаж байлаа.
Жон Ленноныг америкийн өмгөөлөгч Лион Уайлд аварсан юм. Тэр өмгөөлөгч эхлээд Жоныг Иокогийн 8 настай охиныг асрах ажилтай хэмээн шалтаглаж хөөн гаргах хугацааг нь сунгаж чадав. Дараа нь 1968 онд Британи дахь Ленноны гэрээс мариухан олсон гэдэг нь марихуан биш, гашиш байсан гэдгийг нотолж чадав.
Энэ бол огт өөр асуудал хэмээн өмгөөлөв. Дараа нь өмгөөлөгч нь Шүүхд сөрөг нэхэмжлэл гаргав. Тэрхүү нэхэмжлэлд “ Цагаачлалын алба нотлогдоогүй зохиомол баримт гаргасан, Британий цагдаагийн газар Ленноны гэрт хар тамхи санаатайгаар нуусан” гэсэн үндэслэл гаргажээ. Шүүх энэ сөрөг нэхэмжлэлийг дэмжив. Эцэстээ Цагаачлалын алба Жон Ленноныг АНУ-аас хөөн гаргах шалтгаан олоогүй ажээ. Жон Леннон удалгүй АНУ-д амьдрах ногоон карттай болсон юм. Жон Леннон 1973 онд Никсоныг дахин сонгогдсоны дараа Нью Иоркод эргэн ирж НҮБ-ын байрны ойр Ист Сайдад Иокотой хамт амьдарч гэртээ хүүгээ өсгөж талх барьдаг байв. Жон Леннон Америк орон болон энэ хотыг хайрладаг байсан юм. 1980 оны 10-р сарын 8 ны өдөр Жон Леннноыг түүний шүтэн бишрэгч Марк Чэпмэн гэдэг солиотой галзуу эр төв цэцэрлэгийн эсрэг оршдог түүний байрных нь гадаа түүнийг буудаж амь насыг нь хөнөөсөн эмгэнэлт явдал болов. Дөнгөж дөчин настай Жон Ленноныг ингэж төгсөнө гэдэгт түүний сая, сая шүтэн бишрэгч нар итгэж чадахгүй байсан гэдэг. Пол Маккартни рок гэрэл зурагчин Линда Истман хмээх бүсгүйтэй 1967 онд танилцаж 1968 онд уулзалдаж эхэлсэн байдаг. Дараа нь тэд удалгүй гэрлэсэн.
Линда бол еврей орос гаралтай бизнесийн гэр бүлд төрсөн , “Rolling Stone” сэтгүүлд гэрэл зургаа нийтлүүлдэг фотограф бүсгүй байлаа. Линда бол цагаан хоолтон, гайхалтай гэрэл зурагчин, дунд зэргийн дуучин бүсгүй байлаа. Линда 1998 онд хорт хавдар өвчнаар нас барсан юм.
Пол Маккартнигийн дараагийн эхнэр бол Нэнси Шэвелл хэмээх америкийн бизнесмэн бүсгүй юм. Тэр бээр Нью Иорк хотын тээврийн удирдах газрын зөвлөлийн гишүүн, “New England Motor Freight” компаний дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг нэгэн юм. Полын гэр бүл эдүгээ Лос Анжелест нэг хаустай, мөн Нью Иорк хотод Метрополитен музейн эсрэг оршдог орон сууцанд амьдардаг ажээ. Жорж Харрисоны хоёр дахь эхнэр бол америкийн иргэн мексик гаралтай Оливия Ариас юм. Оливия бол ядуу гэр бүлд төрсөн бүсгүй. Оливия дуу бичлэгийн компанид нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад дараа нь энэ компанид Харрисонтой хамт ажиллаж байсан. Жоржийг нас барсны дараа Оливия буяны ажиллагаа явуулдаг болсон, кино продюссер болсон, ялангуяа 2005 онд Жоржийн дурсгалд зориулсан концертын баримтат кино бүтээж Грэммийн шагнал хүртсэн. Мөн 2011 онд “Жорж Харрисон: Ертөнцийн амьдрал” хэмээх баримтат кино бүтээж “Эмми” шагнал авчээ. Ринго Старрын эхнэр бол америкийн жүжигчин бөгөөд Нью Иорк хотын унаган иргэн Барбара Бах юм.Тэд 1981 онд гэрлэжээ. Барбара 1977 онд “Надад дурласан тагнуулч” гэдэг кинонд тоглож байжээ. .
Дөрөв. Битлзийн амжилт
- Битлз бол рок хөгжмийн ертөнцөд хамгийн дээд амжилтад хүрсэн агуу хамтлаг юм.
- Битлз хамтлаг америкийн хөгжмийн Грэммийн шагналын 10 удаа хүртсэн.
- Америкийн “Billboard Music Awards” –ын шагналыг хүртсэн.
- “Let It Be” баримтат кино нь 1971 онд Оскарын шагнал хүртсэн.
- Битлз хамтлаг 1963-1970 онуудад нийтдээ 211 дуу зохиож бичлэг хийжээ.
- 1994 онд АНУ-д Битлзийн “Yesterday- Өчигдөр” дууг радио станцаар 6 сая гаруй удаа эгшиглүүлжээ. Битлз АНУ-д айлчлан тоглолт хийсэн жил “The Beatles” хэмээх пянз нь 19.0 сая ширхэг зарагджээ.
- АНУ-д 2006 онд Битлзийн 57.0 сая пянз зарагджээ.
- АНУ-д 2012 онд Битлзийн бичлэг 600.0 сая ширхэгээр зарагджээ.
Битлзийн орлого бол үлэмж их байдаг байлаа. Битлз хамтлаг ид мандаж байхдаа нэг жилд 50 сая фунт стерлингийн орлого олж байв. Битлз хамтлаг тараад 30 жил өнгөрөөд байхад 2001 онд 92 сая долларын орлого олж байлаа.
Битлзийн гишүүдийн хөрөнгө бол: Пол Маккартни 1.2 тэрбум ам.доллар, Жон Ленноны үлдээсэн хөрөнгө 800 сая ам доллар, Жорж Харрисоны үлдээсэн хөрөнгө 450 сая ам доллар, Ринго Старрын хөрөнгө 350 сая ам доллар ажээ. Битлз хамтлаг байгуулагдснаас хойш 60 гаруй жилийн дараа буюу 2023 оны 11-р сарын 2-ны өдөр Битлзийн хамгийн сүүлд зохиосон, өмнө нь огт дуулагдаж байгаагүй “Now and Then-Одоо ба Тэр үе” хэмээх шинэ дууны клип Интернетээр цацагдсан билээ. Энэ клипд одоо амьд домог Пол Маккартни, Ринго Стар нар болон ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Жон Леннон, Жорж Харрисон нарын хуучин дүрсийг нь сэргээн оруулж хамтдаа дуулж буйгаар бүтээсэн нь гайхалтай байлаа. Энэ клипийг үзсэн хэн бүхэн аяндаа л нулимс дуслуулах аж. “The Beatles” хамтлаг бүтэн жарны турш амьд домог хэвээр байгаа нь гайхамшиг бөгөөд тэд дэлхий дээр мөнхийн хөгжмийн хөшөөгөө болсгожээ.
Доржийн СҮХБААТАР
2026.07.26
Даваа - 07 сарын 27,
2026
Сэтгэгдэл0