sonin.mn

Их Британийн түүхэнд давхардсан тоогоор 70 гаруй, дагнасан тоогоор 60 шахам улс төрч Ерөнхий сайдын алба хашсан байна. Хамгийн анхны Ерөнхий сайд нь Robert Walpole эрхэм юм. 1801 онд Их Британи ба Ирландын Нэгдсэн Хаант Улс (United Kingdom of Great Britain and Ireland) байгуулагдсан хэдий ч 1721–1742 онд энэ албыг хашсан түүнийг анхны Ерөнхий сайд гэж үздэг.


2026.07.20-нд Шинэ Ерөнхий сайдаар томилогдсон Andy Burnham бол дагнасан тоогоор 59 дахь, давхардсан тоогоор 74 дахь нь юм байна. Энэ 305 жилийн хугацаанд William Ewart Gladstone 4, Robert Gascoyne-Cecil, Marquess of Salisbury нар 3, Winston Churchill, Harold Wilson нар тус бүр 2 удаа тус тус Ерөнхий сайдаар томилогдож байж.


Нэг Ерөнхий сайдын ажилласан дундаж хугацаа 4.1 жил гэнэ. Сонирхуулахад, хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд нь мөнөөх Robert Walpole 1721–1742 онд 20 жил 10 сар засагласан бол хатагтай Liz Truss ердөө 49 хоног ажилласны дараа огцорч засаглалын түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан хэмээн бичигдэн үлдэж “алдаршивай”. Түүнээс гадна энэ хатагтай хоёр Хааны нүүр үзсэн ховорхон аз завшаантай нэгэн. Хатан Хаан 2022.09.08-нд насан хутагт болж түүний хүү Charles III Эзэн Хааны суудалд өргөмжлөгдсний дараа тэр бээр 2022 оны Улсын төсвийн бодлогоос үүдэлтэй санхүүгийн хямралын дараа намынхаа дэмжлэгийг маш хурдан алдсанаар огцрох өргөдлөө гаргажээ. Түүнээс өмнө 1827 онд George Canning 119 хоног энэ рекордыг “эзэмшигч” байжээ.


Их Британийн түүхэн дэх хамгийн удаан буюу 70 жил 214 хоногхаан ширээнд суусан төрийн тэргүүн The Queen Elizabeth II 1952–2022 онд хугацаанд нийт 16 Ерөнхий сайдтай ажилласан.


1. Winston Churchill (Консерватив) — 1951–1955

2. Anthony Eden (Консерватив) — 1955–1957

3. Harold Macmillan (Консерватив) — 1957–1963

4. Alec Douglas-Home (Консерватив) — 1963–1964

5. Harold Wilson (Лейборист) — 1964–1970,

6. Edward Heath (Консерватив) — 1970–1974

7. Harold Wilson (Лейборист) — 1974–1976

8. James Callaghan (Лейборист) — 1976–1979

9. Margaret Thatcher (Консерватив) — 1979–1990

10. John Major (Консерватив) — 1990–1997

11. Tony Blair (Лейборист) — 1997–2007

12. Gordon Brown (Лейборист) — 2007–2010

13. David Cameron (Консерватив) — 2010–2016

14. Theresa May (Консерватив) — 2016–2019

15. Boris Johnson (Консерватив) — 2019–2022

16. Liz Trass (Консерватив)- 2022


Эдгээрээс ганцхан John Major нь дээд боловсролын дипломгүй гэнэ. Гэсэн хэдий ч түүнийг давгүй Ерөнхий сайд байсан гэж үздэг. Түүний намтар нэлээд өвөрмөц. Их сургуулийн дипломгүй.16 настайдаа сургуулиа орхисон. Даатгалын компанид, дараа нь банкны салбарт ажилласан. Улмаар орон нутгийн намын байгууллагаас улс төрийн гараагаа эхэлж, парламентын гишүүн, Сангийн сайд, эцэст нь 1990 онд Ерөнхий сайд болсон түүхтэй. Тэрээр 1990–1997 онд дэлхийн энэ хүчирхэг улс-Их Британийг амжилттай удирдсан.


1992 оны "Black Wednesday"-гийн дараа Их Британи Европын валютын механизм (ERM)-оос гарсан нь тухайн үед ихээхэн шүүмжлэл дагуулж, дипломгүй хүнээр удирдуулсны гай гэх мэтээр түүнийг балбаж өгсөн гэдэг.


Гэвч дараа нь инфляц буурч, эдийн засаг сэргэж, тэр ч байтугай 1990-ээд оны дунд үеэс тогтвортой өсөлт эхэлсэн. Их сургуулийн дипломгүй хэмээн зарим нь үл тоомсорлож байсан Жон Мэйжорын үед хэрэгжсэн эдийн засгийн бодлого нь хожим XXI зууны "Modern Britain"-ийн хөгжлийн суурь болсон гэж олон эдийн засагч үнэлдэг. Мөн хачин аа. Тэгэхээр “диплом” гээч нь заримдаа эргэлзмээр эд шиг байна. “Дипломгүй хүн бол “боловсролгүй” гэсэн үг биш” гэдийг Bill Gates, Mark Zuckerberg, Steve Jobs, Коллеж ч, их сургууль ч төгсөөгүйгээр АНУ-ын Ерөнхийлөгч болсон Harry S. Truman, Польшийн Ерөнхийлөгч Lech Walensa, мөнөөх John Major зэрэг даян дэлхийн алдарт эрхэмүүд улс орноо амжилттай удирдаж, хөгжил дэвшилд хүргэж байсан нь түүхэн үнэн.


Хатан Хаан Элизабет нь, хүнийхээ хувьд аядуу зөөлөн, улс төрчийн хувьд Зүүний төвч үзэлтэй хүн байжээ. Тэр бээр 3 эмэгтэй Ерөнхий сайд ажиллахдаа ширүүн дориун, “Төмөр хатагтай” Margaret Thatcher-д таагүй ханддаг байсан гэнэ.


Нэгэн удаа “Төмөр хатагтай” Хатан Хаантай албан ёсны уулзалт хийхээр очихдоо санамсаргүй сонголтоор өмссөн адил өнгийн хувцастай уулзаж таарчээ. Хааны хавийнхан ч юм уу, магадгүй өнөө хэл амтай сэтгүүлчид бөөн хэл ам дэгдээжээ. Ерөнхий сайд Thatcher, санамсаргүйгээр ёс алдсандаа уучлал гуйсан захиа илгээсэнд Хааны шадрууд түүнд “Хатан Хаан, хувасны өнгөнд ач холбогдол өгдөггүй” гэсэн хүйтэн үгтэй хариу илгээсэн гэдэг. Тэр нь цаагуураа түүний хатуу ширүүн реформд нь Хатан Хаан сэтгэл дундуур байгаагаа илэрхийсэн хэрэг гэж ойлгогддог юм байна. Түүний Засгийн газар сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн сүүний мөнгөгийг хассанд Хатан Хаан эгдүүцэж, түүнийг “эмэгтэй хүн гэхэд дэндүү хатуу юм аа” хэмээн уулга алдаж байсан гэдэг. Их Британийн Ерөнхий сайдуудын 11 нь Консерватив, 5 нь Лейборист намын тэргүүн юм. (Харолд Вилсон хоёр удаа томилогдсон) хамгийн удаан ажилласан нь Margaret Thatcher, Tony Blair нар. Charles III 2022 оны 9 дүгээр сарын 8-нд ээжийгээ таалал төгссөн даруйд хууль ёсоор автоматаар хаан болсон.


Их Британид "The King is dead, long live the King" (Хаан өөд болсон ч шинэ хаан мандтугай) гэсэн зарчмын дагуу хаан ширээ нэг ч хором эзэнгүй байлгадаггүй хуультай. Түүний анхны Ерөнхий сайд нь, энэтхэг гаралтай, тэрбумтан Rishi Sunak юм.


Шинэ Ерөнхий сайд Andy Burnham хийх хамгийн том өөрчлөлт нь гадаад бодлогоос илүүтэй дотоод бодлогод анхаарлаа хандуудах явдал юм. Тэр бээр, өнөөгийн Британийн хөгжлийн чиг хандлага хэтэрхий “Лондон төв”-төй байна гэж үздэг. Энэ нь зөвхөн эдийн засаг, бизнес гэдэг утгаараа нь биш улс төрийн хувьд “Лондонгийн элитүүд” улс орноо алагчилж үздэг хэмээн тэд нар луу ширүүн дайрдаг нөхөр бололтой. Тухайлбал, хойд нутаг, түүний төрж өссөн Ливерпүүд хот, Ерөнхий сайд болохоосоо өмнө 9 жил даргаар нь ажилласан Манчестер хот, түүний эргэн тойрны бүс нутаг хөгжлөөр төвөөс хэт хоцрогдож байна гэж үздэг улс төрч билээ. Тэгэхээр одоо, тэр бээр Британийн хойд бүсийн хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах магадлал өндөр гэж ажиглагчид үзэж байна. 56 настай шинэ Ерөнхий сайд, өмнө нь хар залуугаасаа Tony Blair, Gordon Brown нарын Засгийн газарт сайдын албан тушаал хашиж байсан туршлагатай. Түүнийг аж үйлдвэржсэн хэдий ч, төвийн бүс нутгаас харьцангуй хоцрогдсон Их Британийн хойд бүс нутгийн эрх ашгийг тууштай хамгаалдаг, түүнчлэн жирийн гэр бүлээс гарадтай нь Хойд Англи (England)-ийн ажилчин ангийн сонгогчдод таалагддаг нэр хүндтэй удирдагч тул ард олон, сонгогчид түүнийг “Умардын Хаан” (“King of the North”), мөн “The man of the people” (Aрд түмний хүү) хэмээн өргөмжлөн нэрлэдэг нь Лондонгийн улс төрийн элитүүдээс хол, энгийн амьдрал, борчууд-сонгогчдын асуудлыг илүү ойлгодог гэсэн эерэг имижтэй болгожээ. Лондонгийн уугуул, Оксфордын төгсөгч, 63 настай Стармерыг амьдралаас тасархай, "ойлгомжгүй", "ард түмэнээсээ хол хөндий" хүн гэж тэд үздэг бололтой. Тийм ч учраас түүний засгийн газар амьжиргааны өртөг,эдийн засгийн өсөлт, цагаачлал, төрийн үйлчилгээний талаар олигтой ажиллаж чадаагүй гэж сонгогчид үзээд “Aрд түмний хүү” (The man of the people)-гээр сольчихлоо гэж ажиглагчид дүгнэж байгаа.


Шинэ Ерөнхий сайд Andy Burnham-ын Засгийн газрын анхны хуралдаанаар сайд нартаа: "Бид амьжиргааны өртгийг бууруулах Засгийн газар (Сost of living Government) байх ёстой. Иргэдэд тусламж ирж байгааг мэдрүүлэх хэрэгтэй" гэж онцлон үүрэг өгч амьжиргааны өртгийг бууруулах чиглэлээр хэд хэдэн бодлогын шийдвэр, чиглэлийг танилцуулжээ.


Айл өрхийн цахилгааны төлбөрөөс НӨАТ-ыг хасах шийдвэрийг 2026.10.01-нээс хэрэгжүүлэхээр зарласан. Ингэснээр дундаж өрх бүр жилд ойролцоогоор 45.00 £ хэмнэнэ гэж Засгийн газар тооцжээ. Үндэсний асрамж, халамжийн тогтолцоог (National Care Service) шинэчлэх ажлыг түргэтгэх чиглэл өгсөн. Үүний зэрэгцээ улсын өрийг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн сахилга батыг баримтлах байр сууриа дахин илэрхийлсэн байна. Ингэхээр Andy Burnham-ийн Засгийн газрын эхний эдийн засгийн бодлого нь шууд мөнгөн тэтгэмж, цалин нэмэхээс илүүтэйгээр иргэдийн өдөр тутмын зардлыг бууруулах (цахилгаан, нийтийн тээвэр зэрэг) арга хэмжээнд төвлөрсөн гэж хэлж болно. Татварын бодлого нь маш аядуу байх бололтой. Миний бодлоор энэ Засгийн газар эхний ээлжинд цалин, тэтгэвэрт шууд мөнгө нэмэхээс илүүтэй өрхийн зайлшгүй хэрэглээний зардлыг бууруулах бодлогоор эхэлж байна.


Их Британийн төсвийн алдагдал, өрийн дарамт өндөр байгаа тул томоохон цалин, тэтгэврийн өсөлтийг намрын төсөв хүртэл хойшлуулах магадлал өндөр гэж ажиглагчид үзэж байна.


Их Британийн "Ерөнхий сайдын цалин" гэж тусгйлан байдаггүй юм байна. Цалин нь, УИХ-ын (Парламентын) гишүүний үндсэн цалин + Ерөнхий сайдын албан тушаалын нэмэгдэл гэсэн бүтэцтэй. 2026 оны байдлаар, Парламентын гишүүний жилийн үндсэн цалин £95,000–£97,000, Ерөнхий сайдын албан тушаалын нэмэгдэл £75,000–£80,000. Ингээд нийт жилийн цалин нь ойролцоогоор £170,000–£180,000 болдог. “Ядуу” Boris Johnson энэ цалингаа, амьдралд хүрэхгүй хэцүү байна гэж гомдоллосон ярилцлага уншиж байсан. Харин баян Rishi Sunak Ерөнхий сайдын цалингаа бараг тоодоггүй байсан гэж хэлж болно. Британийн улс төрийн соёлд төрийн албыг их мөнгө олохын төлөө биш, харин өөрийн улс төрийн үзэл баримтлал, хувийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн эх орон, ард түмэндээ чин үнэнчээр зүтгэх хүсэл зорилгоор ажилладаг гэж үздэг уламжлал хүчтэй байдаг. Үүнийгээ Civil Service (Рublic Service) буюу нийтийн үйлчилгээ, нийтэд үйлчлэх гэж даруухан тодорхойлдог. Тийм ч учраас хувийн салбарт ажиллаж байхдаа олж байсан орлогоосоо доогуур цалинтай ажилд зүтгэх нь энэ улсад хэвийн үзэгдэл юм. Үндэстний ухамсар нь ийм гайхалтай.


Их Британийн Ерөнхий сайдын цалин нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төр засгийн тэргүүнүүдтэй харьцуулахад тийм ч өндөрт тооцогддоггүй. Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгч 400.000 доллар, Германы Канцлер 400.000-450.000 евро, Японы Ерөнхий сайд 270.000-300.000 доллар. Сингапурын Ерөнхий сайд бол бүр 870,000–890,000 £.


Төгсгөлд нь наргиа болгоод, Их Британийн Ерөнхий сайдуудын хочийг бичье. Тэд хочоороо нэлээд алдартай. Зарим нь бүр жинхэнэ нэрээсээ илүү хочоороо танигдсан байдаг.


  • David Cameron — Call Me Dave. Түүний тухай намтар номонд хачирхалтай түүхүүд гарсны дараа хэвлэлүүд ингэж хочилдог болсон.
  • Theresa May — Maybot. Сонгуулийн кампанит ажлын үеэр нэг өгүүлбэрээ байнга давтдаг байсан тул "робот" гэж егөөдсөн.
  • Liz Truss — The Lettuce & Laktus Truss.  Тэр үед Их Британийн Daily Star сонин түүнийг егөөдөж, Liz Truss-ийн улс төрийн карьер эсвэл хөргөгчинд байсан салатны навчны аль нь удаан "амьдрах"-ыг шалгажээ. Нөгөө навчаа муудахаас нь өмнө огцорчихож л дээ, хөөрхий.
  • Keir Starmer — Keith. Улс төрийн өрсөлдөгчид нь нэрийг нь зориуд ингэж эмэгтэй нэрний хэлбэр оруулж буруу хэлж даапаалдаг.
  • Ed Miliband — Red Ed.  Зүүний үзэл баримтлалтай гэж шүүмжлэгчид нэрлэдэг.
  • Jeremy Corbyn — Magic Grandpa. Залуу дэмжигчид нь хайрлан хэрэглэдэг байсан ч өрсөлдөгчид нь бас ёжлон хэрэглэдэг байв.
  • Margaret Thatcher — Iron Lady. Дэлхий даяар танигдсан улс төрийн хочны нэг. Анх шүүмжлэл байсан ч дараа нь түүний улс төрийн брэнд болсон.
  • Winston Churchill — The British Bulldog. Дайны үеийн хатуу ширүүн зан чанарыг нь илэрхийлсэн алдартай хоч.


Британичууд улс төрчдөдөө хоч өгөх, онигоо зохиохдоо маш ёжтой. Хамгийн оновчтой хоч нь тухайн улс төрчийн жинхэнэ имижийг нэг үгээр илэрхийлж чаддаг. Дараагийн удаад, шинэ Ерөнхий сайд Andy Burnham-ын Засгийн газрын гадаад бодлогын талаар бичих санаатай байгаа.


Тодын Отгонбаяр (Лондон зураач)  2026.07.22-23