sonin.mn

Би бээр өмнөх нийтлэлүүддээ Өвөр Монгол, Манж, Тува, Төвөд маркуудын тухай цуврал нийтлэл бичсэн. Одоо Оросын Буриад, Халимаг, Уулын Алтай, Якут-Саха “улсууд” шинээр, бас мөнөөх Тува маань дахиад “шинэ марк”-тай болсон тухай бичье. Энд би бээр “Марк” гэж хаалтанд бичсэнийг манай мэргэн уншигчид ажигласан байж таарна. Учир нь энд бөөн бөөн будлиан бий. Будлиан ихтэй тул бүр эхнээс нь дэс дараалалтай бичье. Шуудангийн маркийг хууль ёсны “Legal postаge stamps” ба хууль бус “Illegal posаtge stamps” гэж хоёр үндсэн хэсэгт хуваадаг.


Хууль бус “Illegal posаtge stamps” нь хуурамч (Fake, Counterfeit), луйварын (Fraud, Scam), дууриамал (Forgive), элэглэн хошигносон (Parody) зэрэг олон нэр томьёо хэрэглэдэг, өөр хоорондоо бага зэргийн ялгаатай ч үндсэндээ бол хууль бус хуурамч маркууд юм.


“Хууль ёсны марк” гэдэг нь тухайн улс, субьект нь шинэ гаргаж буй маркийнхаа талаар Дэлхийн Шуудан Холбоонд албан ёсоор мэдэгдэж бүртгүүлдэг. Үүнээс үндэслэн тус байгууллага нь бусад гишүүн орнуудад, жишээ нь “Монгол улс төдөн оны төд дүгээр сарын төдний өдөр, тийм нэртэй, төдөн номинал маркаас бүрдсэн, тэр гэдэг зураачийн бүтээсэн, ийм тийм зураг хөрөгтөй, төдөн төгрөгний үнэтэй маркийг, тэр улсын, тэр Үнэт цаасны үйлдвэрт төдөн ширхэгээр хэвлэн, анхны өдрөө зарлан албан ёсоор гүйлгээнд оруулж байна” гэж албан ёсоор мэдэгдэж тогтоол шийдвэрээ гаргадаг юм. Ингэж байж гэмээ нь “Хууль ёсны марк” гэдэг статустай болдог нарийн учиртай. Дэлхийн Шуудангийн Холбоо (Universal Postal Union, UPU), 1874 онд Швейцарын Берн хотод байгуулагдсан, хожим нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн салбар болсон.


Монгол Улс 1963 онд элссэн. Тэндээс, Stanley Gibbons (Их Британи), Scott Catalogue (АНУ), Michel-Katalog (Герман), Yvert et Tellier (Франц), Sassone (Итали), Sakuro (Япон), Zumstein (Швейцар) зэрэг дэлхийн нэртэй маркийн каталогууд эх авч бүртгэн, өөр өөрийнхөө дугаарыг олгоно. Ингэж давхар давхар баталгааждаг тогтсон систем юм.


Нэр хүндтэй эдгээр каталогууд хуурамч марк, хуурамч дардастай холбоотой анхааруулгыг тусгайлан тэмдэглэсэн байдаг. Энэ нь цуглуулагчдад маш үнэ цэнтэй мэдээлэл, “шатах” аюулаас хамгаалдаг. “Хууль бус” буюу “Illegal postge stamps” гэдэг нь Дэлхийн Шуудангийн Холбооны (Union Postal Universal)-ын албан ёсны бүрэн эрхэт гишүүн тусгаар тогтносон улс болон нутаг дэвсгэр (субьект)-ийн нэрийг хуурамчаар ашиглан шуудангийн байгууллага, филателистууд, худалдан авагчдыг хууран мэхэлж орлого олдог жинхэнэ марктай адил төстөй бүтээгдэхүүнийг хэлдэг. Нэгэнт хууль бус учир Дэлхийн Шуудан Холбоо (Union Postal Universal)-д бүртгэгдээгүй. Тэгэхээр дэлхийн нэртэй маркийн каталогуудад бүртгэгдэж дугаар аваагүй гэсэн үг. Ийм эмх цэгцтэй систем ажиллаж байтал 1970-аад онд хууль бус маркууд Арабын орнуудын нэрээр гарч эхэлжээ. Гэвч тухайн үед дэлхий ертөнц үндсэндээ капиталист, социалист гээд хоёр системд хуваагдчихсан бие биенээ хянаж байдаг системтэй байсан тул 1980-аад оны сүүл хүртэл үүнийг тодорхой хэмжээгээр хянаж цагдаж болоод байсан бололтой.


1980 онд Польшид байгуулагдсан “Эв санааны нэгдэл” (Solidarnosc)-ийн эсэргүүцэлийн хөдөлгөөн тасралтгүй шахам үргэлжилж яван явсаар 1985 онд Зөвлөлт Холбоот Улсын шинэ удирдагч Горбачёвын зарласан “Перестройка” хэмээх өөрчлөн байгуулалттай золгожээ.


Энэ “Перестройка” хэмээх програм нь харгис системийн нурахын цондон болсон сүүлийн цохилтыг өгч, 1989 онд коммунист систем дашийн шог болж түүхийн хогийн цэг рүү шидэгдлээ. Үргэлжлээд 1991 онд Зөвлөлт Холбоот Улс нуран унаснаар түүний харьяанд байсан 15 улс өрх тусгаарлан, тэднийг олон улсын хэмжээнд даруй хүлээн зөвшөөрч Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болсон тул бүгд, бараг л автоматаар түүний төрөлжсөн салбар байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбоо (Universal Postal Union, UPU)-ны гишүүд болцгоожээ. Ер нь бол, дээрхи 15 улс дээр нэмэгдээд, 1991-2011 оны хооронд Югослав улс задарч 7, Чехословак хуваагдаж 2, Эритрей, Палау, Зүүн Тимор, Өмнөд Судан зэрэг улсууд, ингээд нийтдээ 30 орчим улс тусгаар тогтнож шуудангийн маркууд гаргах болжээ. Эдгээр улсуудын маркууд нь бүгд хууль ёсны “Legal postаge stamps” юм. Ийнхүү харьцангуй богино хугацаанд дэлхийн “Маркийн ертөнц” гэнэт олноор бүл нэмэгдэж, улмаар улс болгон өөрийн шуудангийн маркуудаа уралдан гаргацгаажээ.


Маркийн олон функцийн нэг нь эн түрүүн “Тусгаар тогтнолын бэлэг тэмдэг” байдаг бичигдээгүй нэг “хууль” бий. Марк маань, нэг үгээр “Тусгаар тогтнолын бяцхан зурагт тунхаглал” юм шүү дээ.


Үүнтэй зэрэгцээд 1991 онд Зөвлөлт Холбооны Улс задран унасны дараа түүнийг залгамжлагч Оросын Холбооны Улс байгуулагдан засаг захиргаа гэж юм нэрнээс цаашгүй болж мөнгө цагаан нүд улаан болсон 1990-ээд оны эхэн үеэр ОХУ өөрийн субьектууддээ хяналт алдсан тул нөгөөдүүл нь бүгд “том толгойлон” дураараа дургиж “өөрөө өөртөө марк гаргах эрх” олгон Республика Тувы, Республика Буриатия, Республика Саха (Якутия), Республика Алтая, Карачаево-Черкесская Республика, Республика Хакасия,  Республика Алтая, Северная Осетия–Алания ч гэх мэт олон нэрээр марк гаргах болжээ. Тэр үед Зөвлөлтийн коммунист-большевик харгис системд нам дарагдаж байсан үндэстний үзэл хүчтэй дэлгэрч, өрх тусгаарлах тухайгаа ил тод зарлацгааж эхэлсэн болохооор “хэнээс дутах билээ” гэдэг сэтгэлгээн дээр нь тоглон улс бүрийн нэрээр марк гаргах мэргэн ухаан “хэн нэгэн” сэджээ. 


“Республика” ч дүүрч гэхэд манайхаар бол “аймаг, бүс нутаг” гэж дүйцүүлж болох муж (область), хязгаар нутаг (край), Холбоот улсын тойрог (округ) тэр ч бүү хэл, жишээ нь Сахалиний аралууд (остров) гэх мэт нийтдээ 80 гаруй “субьект” өөрийн нэрээр марк гаргаж эхэлсэн байна.


Гэхдээ эдгээр нь бүгд Дэлхийн Шуудангийн Холбоо (Universal Postal Union, UPU)-ны гишүүн бус тул эдгээр “улсын” маркууд нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй хууль бус буюу “Illegal postаge stamps” юм. Энэ будлианы цаад эзэн нь өнөөх л айхтар Оросын тусгай албад (КГБ-ФСБ) гэж үздэг. Энэ талаар янз бүрийн таамаг, нийтлэл бишгүй нэг бий. Маркийн хийсвэр бодлогоос авахуулаад бэлэн бүтээгдэхүүн болж зарагдаад, мөнгөөр нь юу хийх вэ, хүртэл маш өргөн хүрээтэй ажлыг далд нууцаар явуулахад тэдний гар хөл орохгүйгээр бүтэх үндэс байхгүй гэж би бээр маркийн мэргэжилтэн байсны хувьд гадарлана л даа. Энэ бол маш том “систем-машин”. Маш эмх цэгцтэй яг таг ажиллахгүй бол осолтой. Баригдана, хоригдоно. Торгуулах зэрэг бол бараг л шагнуулсантай ялгаагүй. Товчхоноор “Маркийн Мафи” гэж мэргэжилтнүүд өөр хоорондоо ярьцгаадаг юм. Ийнхүү 1990 оны орчим 170 орчим байсан ДШХБ-ын гишүүдийн тоо харьцангуй богино хугацаанд огцом өсөж 200 дөхөн, үүн дээр нь Оросууд өөрийнхөө эдгээр 80 гаруй “субьект”-ийн хууль бус маркуудыг олон сая ширхэгээр хэвлэн дэлхийн маркийн зах зээл рүү цацаж дэлхийн “Маркийн ертөнц”-ийг самарч гүн хямралд оруулаад удаж байна.


Угаасаа, дээр тэмдэглэсэнчлэн 1970-аад онд хууль бус маркууд Арабын орнуудын нэрээр гарч эхэлснээр будлиантай явж байсан процесс гэнэт дэлбэ үсрэн дэлхийн “Маркийн ертөнц” хууль бус буюу “Illegal postаge stamps” маркуудын үерт автан, хөл толгойгоо алдлаа. 


Хууль бус маркийн нэг том аюул нь тухайн улс, субьектийн нэрийг хууль бусаар ашигласанд байдаг. Энэ нь эргээд хууль ёсны маркуудынхаа гүйлгээ, ашиг орлогод хохирол учруулдаг аюултай. Хуурамч марк ороод ирсэн нь дотор нь ажиллаж байдаг хүмүүст андашгүй мэдэгддэг юм. Гүйлгээ нь уначихдаг. Энэ бүтээгдэхүүнийг мэдээж далдуур хууль бусаар хэвлэн зах зээлд нууцаар оруулдаг. Ийм маркийг жинхэнэтэй нь андуурах, будилах явдал маш элбэг. Ингээд цаад орон нь хөөрхий “шатаж” байгаа юм. “Шатсан” уурандаа, тухайн улс өөрийнх нь улсын нэрээр гарсан хууль бус маркийн талаар улс орнууд Дэлхийн Шуудан Холбооны International Bureau Circular (Union Postal Universal) гэдэг байгууллагад мэдэгдэж, тэндээс бусад гишүүн орнууд болон марк цугдуулагч, сонирхогчид, марк бүтээгчдэд хандан анхааруулга бичиг явуулдаг.


Энэ зурган дээр Мали улсын гаргасан гомдол мэдэгдлийн дагуу ДШХ-аас ирсэн анхааруулга бичиг байна. Манай улс бас ийм хохирол нилээн үзсэн. Хэм ам гараад байсан. (Манай маркийн салбарт хуурамч марк хийдэг, хийлгэдэг, элдэв гавьяат энэ тэр цол тэмдэг зүүсэн гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл “Монгол маркийн Мафи” байсан юм шүү. Би үүнийг маш хариуцлагатай хэлж байна). Гэвч шууд миний хариуцдаг ажил биш ч надаас мэргэжилтний хувьд санал авдаг байсан. Түүнд нь өгсөн миний гарын үсэгтэй санал байна. Бичиг нь надад яагаад ч юм үлдчихсэн нь, шалгаагүй хаясны л шинж биз. Энэ тухай би тусад нь тодорхой цуврал нийтлэлүүд бичихээр бэлтгэж байгаа. Түүх юм, бичигдээд үлдэг.  


Энэ бохир зах зээл дээр ганцхан жилд 500 сая орчим доллар эргэлддэг гэж тооцож буй. Гэхдээ энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Бүртгэгдээгүй цаана их бий нь даанч ойлгомжтой. Энэ хууль бус бизнес бол Дэлхийн Шуудан Холбоо, түүний гишүүн орнуудын шүдний өвчин болоод удаж байна.


Инээдтэй ч гэх үү, хянаад байхад л зарим Illegal Stamps нь даажигнаж байгаа юм шиг бүр дэлхийн нэртэй маркийн каталогуудад бүртгэгдэж дугаар авчихсан явдаг гэж байгаа. Энэ нь бас л нэг бөөн будлианы уурхай. Аргаа барсан Дэлхийн Шуудан Холбоо, дэлхийн маркийн зах зээлийн бараг гуравны нэгийг дангаараа эзэгнэх Оросын хуурамч маркийн түрэмгий интервенцийн хяналтыг чангаруулах зорилгоор хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан улсууд болон түүний залгамжлагч Оросын Холбооны Улсуудын бүрэлдэхүүнд байгаа нийт 100-гаад субьектуудын хууль бус маркаар “хэргийг тусгаарлав” гэлээ гэдэг шиг тусад нь “Russian Federation Counterfeit Illegal Stamps” гэдэг сайт нээсэн байна.  


Энэ олон “субьектууд”, энэ олон жилийн хугацаанд тоо томшгүй, бодвол тэр бум, тэр бумаар нь марк гаргасан. Тэр бум, тэр бумаар нь доллар олсон. Ганцхан жишээ. Сайн мэдэхээрээ Буриад маркуудыг жишээ болгон авъя. Буриадын нэрээр 1993-2021 оны хоорон дахь гучаад жилийн 19 жилд нь 863 номинал маркийг хэвлэн гаргасан байна гэж дэлхийн маркийн тэргүүлэх сайтуудын нэг Colnect сайтад бичжээ. Одоо магадгүй1000 давсан биз. Сая сая ширхэгээр хэвлэсэн байх. Үүний тоог хэн ч хэлж чадахгүй байгаа бололтой. Эхний маркууд нь бусад республик, областийн нэгэн адил хуучин Зөвлөлт Холбоот Улс, түүний залгамжлагч Оросын Холбооны Улсын маркууд дээр крилл-орос үсгээр “Буриатия” гэж бичиж байгаад улмаар дэлхийн маркийн зах зээлд уншигдах латин үсгээр “Buriatia” дараа нь “ Respulica Buriatia” гэж тус тус бичиглэжээ.


Зөвхөн нэгийнх нь тоо хэмжээ ийм байгаа болохоор цаана нь байгаа, одоогоор мэдэгдэж байгаа 80-аад субьектийн тоо нэмэгдэж таарна. Жишээ нь Абхаз гэхэд л “Апсны” гэдэг нэрээр давхар гаргадаг юм байна.


За энэ олон хуурамч субьектуудын бүх хэвлэсэн тоо ширхэг бүр замаа алдсан байх аа. Зуу зуун саяар, магадгүй тэр бумаар ч ярих байх. Үүнийг хэн ч, түүний дотор ДШХ ч тогтоож чадахгүй байна. Хуурамчуудаас сэргийлэх зорилгоор 2022 оны 2-р сард Их Британы шуудангийн байгууллага Royal Mail-ийн хэвлүүлсэн доор харагдаж байгаа шинэ маркууд нь хуурамч эсэхийг нягтлах, захидал илгээмжээ хаана явааг хянах, түүнчлэн видео бичлэгтэй холбох боломжтой “мэргэн цоохор” хэмээх Bar code (гарал үүслийн гэрчилгээ?)-той марк хэвлэснээ олон нийтэд танилцуулсан юм. Үүнийг шуудангийн маркийн түүхэнд шинэ эрин (A new era for stamps) эхэлсэн гэж тунхаглан зарласан. Мөн маркуудыг тусгай уусмалаар өнгөлөх болж. Тэдгээрийг гэрэлд ташуу байдлаар харахад далд Royal Mail гэдэг нууц  үсэг, дүрснүүд харагдах болно.


Ингэж хуурамч марк гарах замыг хааж хамгийн орчин үеийн технолгиуд хэрэглээд байхад л 2023 онд Туркээс хуурамч Bar code-той марк орж ирснийг тогтоож Туркийн цагдаа нар 2020, 2022 ондуудад гаргасан Хатан хаан Елизабэт, Эзэн Хаан Чарлз нарын дүр бүхий болон өөр бусад маркуудыг хуурамчаар үйлдэн Их Британи руу илгээдэг байсан 11 хүнийг баривчилжээ. Мөн тэдний ажиллаж байсан газраас дуурайлган хийсэн хуурамч (Counterfeit stamps) дөрвөн сая марк хураан авсан байна. Лалынхан болон Оросуудыг дэлхийн хуурамч, хууль бус маркийн зэх зээлийн “гол тоглогч” гэж үздэг юм байна. Энэ бол “Дэлхийг самрах Оросын төсөл”-ийн зөвхөн нэг л хэсэг нь. Энэ их мөнгө хаашаа урсдаг вэ? Энэ л гол асуудал. Үүнийг янз бүрийн террорист байгууллагуудыг санхүүжүүлдэг” гэх зэрэг хардлага их байдаг. Гэвч “Мөнгө”-өө маш цэвэрхэн угаадаг бололтой. Гэхдээ бараг үнэн дээ. Систем цагаа болохоор нурна. Тэр үед л бүх юм тодорхой болно. Үүнд би маркийн мэргэжилтэн байсны хувьд итгэлтэй байна. Харж л байцгаая.  


Тайлбар: Би бээр, “Монгол маркийн далд түүхээс.1924-2024” гэдэг номын форматаа томруулахгүйн тулд нилээн хассан юм. Тэгээд, энэ бүлэгт хасагдсан байсан текстүүдээ, мөн тухайн үед олддоггүй байсан одоо олдож байгаа мэдээллүүдээр нэмж баяжуулаад бүтнээр нь нийтлэж байна. Номон дээрхи бичвэрээс нилээн нэмэгдсэн буй.


Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.07.20-21