sonin.mn

Зураач байснаа нийтлэлч болоод ахархан зам туулсан ч ингэж их алдаршиж явсангүй. Амьдралдаа үзээгүй юм байна. Юуны өмнө анхлан шан татаж олон түмэнд түгээсэн sonin.mn сайтдаа баярлалаа. Үнэхээр огшиж баярлаж сууна, ах нь. Шинэ 7 хоногийн эхний өдөр буюу 7 дугаар сарын 20-ны өглөөний 09.00 цагийн байдлаар шүү, цаашдаа өснө гэсэн итгэлтэйгээр хэлчихье. Лайк ба мэлрэл (гайхшрал, зэвүүцэл) нь 1400-г даваад алга боллоо; комент ба сөрөг сэтгэгдэл 706 одоогоор; цааш шээрлэж түгээсэн нь 243 гэсэн цифр явж байна.


Сэтгэгдэл бичигчдийн 90% нь боож үхэх шахсан намайг шүүмжлэгч үзэн ядагчид бололтой байна, багцаагаар. Тэгэхдээ би өөртөө баярлалаа. Яагаад гэвэл тийм олон зуун хүний тархийг би базаж чадаж байна гэдэгтээ. Надад тэгж базуулах эрх өгсөн Та нартаа баярлаж байна. Тэнэгүүдийг цаашлуулах шиг кайф байхгүй юм байна гэдгийг ёстой сэтгэл зүрхээрээ мэдэрлээ. Тэр шээрийг хар. Намайг бүр жинхэнээсээ алдаршуулчихлаа. Тэгж их үзэн ядагдах тусам үнэ цэнэ нь өсөөд олон хүнд цаашдаа түгдэг бололтой юм. Бүр их хүн үзье уншъя гэдэг бололтой юм.

 

Тодын Отгонбаяр намайг Дональд Трамп гэдэг хүнтэй холбож байгаад авч өгсөнд ёстой хаданд нисч гарчихмаар сэтгэлээ жигүүрлэлээ шүү. “Трамп Та хоёр...” гээд л хараал явж байна. Гоё гоё. Монголчууд яасан ч их завтай юм, яасан ч их цахимжсан юм, яасан ч их туйлширдаг юм, хэлэх үг алга, зүгээр л баярлалаа, дахин баярлалаа.

 

Хоёр зураг өгөөд тайлбар бичээд Та нарыгаа дахин хилэгнүүлчих үү? Бензин зарж суугаа Путин. Үүнийг би зураагүй юм. Оросууд өөрсдөө зурж урлаад сошиалд тавиад байгаа, тоогоо ч алдсан даа. Өдөр ирэх тусам, Орос Украинаа ялах ч өнгөрсөн л дөө, ялахгүй тарчлах тусам нь ийм зураг сошиалд бүр нэмэгдээд байхыг яана. Надад олон байна. Дахин оруулчихья. Орос орон, хайран ч сайхан ах минь яг энэ торхтой бензин шиг эдийн засагтай, аж ахуйтай болчихоод дайндаа туйлдаад нурах руугаа явж байна даа. Харин тэгж туйлдуулсан буруутан нь Тодын Отгонбаяр намайг гэж алдаршуулсанд (дэлхийн хүн!) би хувьдаа баяртай байна. Хараал их урсгаж загнаж аашилснаараа намайг бүр ч алдаршуулчихлаа.


Би бол тэр Хятадтай, тэр Элбэгээтэй холбоотой хүн огтоос биш. Лондонд олон жил бүтээлээ туурвиад үзэсгэлэнгээ гаргаад сууж байна, хууль ёсоор. Хятадтай нийлж Оросыг ялагдуулж Монголыг Хятадын аманд хаяж өгөх хорон санаат огтоос биш. Хараалчид тэгж олуулаа боорлон над руу (хэдэн зуугуулаа) дайрсан байна лээ. Оросыг, Путиныг явж явж би л эндээс ялагдуулаад байна гээд харааж загнаад байгаа чинь Тодын Отгонбаяр гэдэг нөхрийг дэлхийд мандуулаад байнаа л гэсэн үг шүү дээ, хараалчид аа. Мөртөө байсан Орос орон руу анхлан Украин довтолж ороогүй юм. Оросууд өөрсдөө тусгаар тогтнолыг нь өгчихөөд араас нь атаархсандаа тэвчээрээ баран баран 2014 онд Крымыг нь булааж авсан, түүндээ цадахгүй бүхлээр нь эзлэн авч өөрийн болгоно гэж түрэмгий дайн хийгээд одоо тэр дайндаа шатаад дуусч байгаа Орос ба Путинд Лондонд суугаа нэг монгол хүн нөлөөлнө, тэгэх тусмаа ялагдуулна гэж Та нар яаж сэтгэж тэнэгтэж чадаж байнаа, аан?


Тусгаар тогтнолдоо хайртай, эрхэмлэдэг, газар нутгаасаа алдахгүй гэсэн Украин, украинчууд эх орноо хамгаалах дайн хийж байна. Тэр дайн тусгаар тогтносон Украины газар нутаг дээр явагдаж байна. Нэг нь дайрч давшиж устгахыг хичээж байна. Тэр нь Орос. Нөгөө нь эх орноо хамгаалан байлдаж байна. Тэр нь Украин. Өөр юу ч алга. Путины удирдан эхлүүлсэн, одоо Путины командлалын дор явагдаж байгаа дайных нь үнэн төрх ийм болчихсныг оросын сөрөг хүчнийнхэн ийм зургаар пост хийгээд сошиалд цацжээ. Харцгаа!

 

Тодын Отгонбаяр (Лондон зураач)

2026-07-20