Монгол бичгийн дүрмийг XIV зууны эхээр Чойжи-Одсэр зохиосноос хойш долоон зууны турш тогтвортой хэрэглэгдсээр иржээ. Түүнийг ихэнх сурвалжид уйгур хүн байсан гэдэг авч тэрээр төвд, монгол, хятад, түрэг хэлэнд гаргууд нэгэн байсан бололтой. Тухайн үед дэлхийг эзэлсэн монголчуудын хэлэнд шинэ шинэ ухагдахуун орж ирсэнтэйгээр холбогдон гадаад хэлний зээлдмэл үг олноор нэвтэрсэн байна. Иймээс Чойжи-Одсэр эдгээрийг монгол аялга руу галиглалгүйгээр цаад хэлнийх нь дүрмээр бичихээр тогтжээ. Чухам үүнээс болоод харь гаралтай маш олон үг монгол бичгийн дүрэмд захирагддаггүй, аман аялгаас сондгой бичигддэг.
Гол-гоол, шулмас – шимнасу, очир – важир гэх мэт. Санасныг бодвол ийм дүрмийн бус бичлэг маш их, үүнийг зөвхөн тогтоох хэрэгтэй болдог. Одоогийнхоор зүйрлэх юм бол англи хэлэнд ярьдгаасаа шал өөрөөр бичдэг маш олон үг байдагтай дүйцүүлэн ойлгож болно.
Сайн тал нь хомонамэ гэгддэг ижил дуудлагатай өөр утгатай үгийг өөр өөрөөр бичих аж. Хадаасны ТАВ, тав тухын ТАВ, тавын тооны ТАВ өөр өөрөөр бичигдэх аж. “Тав алдсан нь” гэсэн өгүүлбэр өнөөгийн кирилл бичгээр “тав дахин алдсан” юм уу, “тав тух алдсан” юм уу нь ялгагддаггүй. Мөн “анги” ба “ан” гэсэн үгс дээр харьяалахын тийн ялгал нэмэхээр адилхан “ангийн” гэж бичигдэнэ. Иймэрхүү жишээ маш олон.
Монгол хэлэнд анхны галиг үсгийг Чойжи-Одсэрээс өмнө Пагва лам зохиожээ. Түүний санаачилсан дөрвөлжин үсэг нь гагц монгол хэлний төдийгүй олон хэлний дундын галиг үсэг байсан юм. Үй олон үндэстнийг нэгтгэсэн Их Монгол улсад нэгдсэн галиг хэрэгтэй байснаас энэтхэг-төвд үсгийн зарчмаар нийтлэг галиг зохиосон нь энэ аж.
Үүнийг дөрвөлжин үсэг гэдэг ч олон улсын тогтсон нэршлээр “пагва бичиг” гэнэ. Өөр өөр хэлтнүүд байтугай ханзаар буюу дүрс үсгээр бичдэг хятадууд хүртэл нэг утгыг өөр өөр ханзаар дураараа тэмдэглэчихдэг байсан учир бичиг захидалд нөгөөдөх нь ойлгомжгүй, эсвэл өөр утга агуулдаг бэрхшээл их гардаг байсан гэнэ. Энэ нь үлгэрлэвээс өнөөдөр дэлхий нийтээр дундаа латин гэсэн нэг галиг үсэгтэй болсонтой ижил юм. Бүр тодорхой хэлбэл компьютерын юникод гэсэн үг. Солонгос хэлээр дөрвөлжин үсгээр бичсэн олон захидал өнөөдөр ч олдсоор. Судлаачдын нотолж буйгаар Сэчон хааны захиалгаар зохиогдсон өнөөгийн солонгос бичиг нь чухам дөрвөлжин үсгээс санаа авсан гэх. Дөрвөлжин үсгийг холбохдоо энэтхэг-төвд маягаар хөндлөн биш, монгол бичгийг дуурайж дээрээс доош бичдэг байжээ. Ерөөс уйгурууд согдоос бичиг авсныхаа дараа хятадуудыг дуурайж дээрээс доош бичдэг болсон нь монгол уйгуржин бичигт уламжлагдсан гэдэг. Юань улсын дараа гарч ирсэ Мин улс Монголтой холбоотой болгоныг үгүйсгэсэн учир дөрвөлжин бичгийг цаашид хэрэглэхээ больсон юм. Өнөөгийн уйгуржин монгол бичигт зориулсан латин-герег хольсон галигийг XIX зууны үед гадаадын монголч эрдэмтэд зохиожээ. Зарим тэмдэглэгээ нь ерөөс цоо шинээр зохиосон дүрс. Энэ нь монгол бичиг сурахад дөхөм болдог. Өнөөдөр дэлхийн бараг бүх төрлийн бичиг өөрийн латин галигтай, тэрэндээ таарсан тусгай дүрэмтэй болжээ. Үүнийг латин бус үсэгтэй хэлэнд хэрэглэнэ. Орос, хинди, хятад, япон, армен, гүрж, араб, герег, тай, солонгос гээд олон хэл латин бус үсэг хэрэглэдэг учир үүнийг нийтлэг үсэг болох латин хэрэглэн унших шаардлага гардаг. Гэхдээ тэмдэгт болгон бүх хэлэнд ижил дуудагдана гэсэн үг биш. Тухайлбал “Q” тэмдэглэгээг хятад галигт “ч” гэж унших бол арабаар “кх” (хоолойн К гэх юм уу даа) гэнэ. “Х” тэмдэглэгээг хятад галигаар “Ш” “С” хоёрын дундуур маягтай хэлдэг аж.
Кирилл үсэгтэй болгар, серб, украин хэлнүүд өөрийн дүрэм бүхий албан ёсны латин галигтай болсон. Хэдэн жилийн өмнө нэлээд хоцорч байж орос хэлний латин галигийн дүрэм батлагдлаа.
Тавиад оны үед кирилл бичигт шилжсэн өнөөгийн кирилл монгол бичиг өөрийн дүрэм бүхий латин галиггүй явсаар өдий хүрлээ. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн латин галиггүй учир зөвхөн Чингис хааны нэрийг Chingis, Chinggis, Genghis, Chinghis, Chengis, Jengis… гэх мэтээр арваад янзаар галиглаж байна. Монголд компьютер нэвтэрч байх үед маш олон янзын кирилл үсгийн код хэрэглэж байсныг 1996 онд Засгийн газрын тогтоолоор “оргилтек” хувилбарыг сонгон нэгдсэн кодтой болсон билээ. Гэтэл мөн тэр үеэс нэгдсэн дүрэмтэй латин галигтай болох гэсэн хорин хэдэн жилийн оролдлого бүтэхгүй явсаар өдий хүрчээ. Энэ бүтэлгүйтэл үргэлж хэл шинжээчид дээр ирээд зогсдог. Тэд Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг шинэчилнэ гэх мэтээр хадуураад давхичихдаг. Уг нь галигчлах нь хэл шинжээчдэд огт хамаагүй асуудал, байгаа дүрмийнхээ дагуу латин үсэг орлуулан нэгдсэн шийдэлд хүрэх гэж байгаа болохоор ердөө л айтигийнхны санаачилга, Засгийн газрын тогтоол байхад л болоод явчих учиртай юм. Монгол бичгийг галигжуулах оролдлого түүхийн турш нэлээд хэдэн удаа санаачлагджээ. Дээр хэлснээр дөрвөлжин үсэг нь магадгүй дэлхийн анхны галигчлал ч байж магадгүй. Төвдийн шашин хүчтэй орж ирснээр төвд, самгард хэлний үгс, утга санаа нэвтэрч, тэрэнд нь тохируулж үсгээ галигчлах шаардлага гарчээ. Ингээд XVI зуунд Аюуш гүүш галиг санаачилж, нэлээд үсэг шинээр зохиожээ. Төвдийн шашин хүчтэй нэвтэрснээр тэдний шинэ үгс, шинэ ухагдахуун даган орж ирсэн тул тэр болгонд нь монгол хэлэнд огт байдаггүй авиа зохиох шаардлага гарсан юм.
Монгол хэлтэн “лха” гэж хэлж чадна. Энэ нь монгол “ла”-аас (la) өөрөөр дуудагдана. Лхам нь ламаас өөр дуудлагатай. Гэтэл энэтхэг төвдийн “дха”. “тха”, “рха” гэх мэтийн авиаг дуудаж чадахгүй. Иймээс дхарма-дарма, бодхи – бодь гэж хэлдэг, бичдэг.
Энэ нь жишээ нь англи хэлний “th” авиа монгол хэлэнд байдаггүй учир кирилл үсэгт “с”, эсвэл “т” гэж тэмдэглэдэгтэй төстэй юм. Буддагийн нэрийг Сиддхарта гэж бичээд байдаг. Үүнийг уншихаар СиддХарта болчихдог. Уг нь монгол аялгаар Сиддарта л даа. Үүнтэй тун төстэй жишээ бол Пхеньян хотын нэр. Орос тэмдэглэгээгээр “пх” нь “п” авиагаа их зөөлрүүлж дуудна гэсэн санаа. Манай хэлээр “п” бол “пэ”, ямар ч хатуу зөөлөн гэж байхгүй. Хойд Солонгосын нийслэл Пёньянь (Pyongyang) болохоос “пХэнян” биш. Өвлийн олимп зохиосон Пёнчан (Pyeonchanng) хотын нэрийг оросоор Пхунчхан гэж бичдэг нь тэдний дүрмээр зөв юм. Бас нэг галигчлал бол Намхайжанцангийн санаачилсан тод үсэг юм. Энэ нь бичгийг ярианы хэлэнд дөхүүлсэн хэрэг.
Уйгуржин монгол бичиг нь ердөө 14 тэмдэгттэй, олон авиа ижил бичигддэг учир тэрээр үүнийг тодотгон ялгамжилжээ. Бичиг төдийлөн дэлгэрч чадаагүй ч Халимагт болон ялангуяа торгууд ястны дунд нэлээд тархан бичиг номд хэрэглэж байв. Үүнтэй төстэй нэг оролдлогыг буриад лам Агваандорж 1905 онд санаачилжээ. Үүнийг вагиндра үсэг гэж нэрэлдэг нь өөрийнх нь Агваан нэрийн самгард орчуулга юм. Гол нь орос үгийг галигчлахад чиглэсэн энэ санаачилга өөрөөс нь цааш олигтой нэвтрээгүй. Зөвлөлтийн олон үндэстний олон бичгийг нэг галигт оруулах гэж гучаад оны үед бүгдийг нь латинчлах хөдөлгөөн өрнөсөнд манай монгол бичиг өртөж байсан. Гэвч энэ нь нийтийг хамарч дүрэмжсэн явдал үгүй, зөвхөн сонин хэвлэл уриа лоозонгийн толгой хийхэд монгол үсгийг орлуулан хэрэглэдэг байжээ. Нийтээр хэрэглэх зориулалтгүй, зөвхөн хувийн болон тусгай зориулалттай галиг ч бий. Үүний нэг жишээ нь энэтхэг ланз үсгээс санаа авч Занабазарын зохиосон соёмбо үсэг. “Өөрөө буй болсон” гэсэн утгатай соёмбо нь илүүтэй бэлгэдэл, урлагийн чанартай, соёмбыг задлан тэмдэгт орлуулсан боловч шашин урлагийн бэлгэдлээс өөрөөр нийтийн хэрэгцээнд ашиглах бололцоогүй. Чойжи-Одсэр монгол бичгийн дүрэм зохиохоос өмнө уйгураас авсан уйгуржин монгол бичиг нь бичгийн гэхээсээ тамга тэмдэг зэрэгт хэрэглэдэг галиг төдий байсан бололтой байдаг. Лам нар юм бичихдээ монгол хэлээр мөртөө төвд үсгээр галиглан бичих нь элбэг, энэ нь илүү дассантай холбоотой гэж Владимирцов тэмдэглэсэн байдаг. Чойбалсан хувьдаа нууцалсан тэмдэглэлээ кирилл үсгээр бичдэг байжээ. Энэ нь тэрээр кирилл үсэг анхлан нэвтрүүлсэн гэсэн үг биш, зөвхөн кириллийн тэмдэгтээр бичгээ галиглаж байсан. Тагнуул, цэрэгт ч тодорхой дүрсүүдээр галиглах явдал байдаг ч тайлаад уншихаар зүгээр л энгийн хэлээр бичигдсэн байна. Одоогийн хүүхдүүд солонгос үсгээр шпаргалк бэлдээд шалгалтад орж байна гэж нэгэн багш гомдол гаргаж байсан.
Хэл болгон өөрийн авиатай, тэр нь бусад хэлнийхтэй таарч байх албагүй. Англи хэл нь үгээ бичгээр илэрхийлэх 26 тэмдэгттэй боловч 44 тусдаа авиатай гэж хэл шинжээчид тоолсон байдаг. Гэхдээ энэ нь адилхан англиар ярьдаг Шотланд, Австрали хүмүүсийнхтэй тэр болгон таарахгүй.
Монгол хэл хэдэн авиатайг тооцсон судалгаатай таараагүй. Лав л кирилл бичиг нь 35 тэмдэгттэй учир мөн тийм тооны авиатай гэсэн үг ер биш. Халх аялгад байдаггүй дөрвөдийн “ө”, буриадыг “h” зэргээс үзэхэд авиа тэмдэглэх нь нэлээд төвөгтэй эд бололтой. Нэг хэл дотроо биедээ таардаггүй өөр авиатай байхад тэс ондоо гадаад дотоод хэлнүүд бүр ч хоорондоо таарахгүй байх нь дэндүү ойлгомжтой. Гучаад оны дундуур Ата Түрк түрэг хэлний араб бичгийг латин үсэгт шилжүүлжээ. Гэтэл Зөвлөлтийн түрэг үндэстнүүд, ялангуяа азербайжан зэрэг хэл нь түрэгтэй тун ойролцоо, шууд ойлгогддог учир энэ нь үзэл суртлын халдвар болно гэж Сталин болгоомжлоод өөрийн олон үндэстний бичгийг латинчилж байснаа зогсоогоод орос кирилл үсгээр солих тушаал гаргасанд монгол хэлний бичиг мөн өртсөн юм. Ингээд уйгуржин монгол бичгийг кирилл үсэг рүү шилжүүллээ. Гэхдээ галиглахын оронд халх аялгад тулгуурлан цоо шинээр үсгийн дүрэм зохиожээ. Учир нь мөн уйгуржин монгол бичигтэй Буриад Монгол улсад хори аялгад тулгуурлан шинээр дүрэм зохиосон, бас Халимагт торгууд аялгад түшиглэн кирилл үсэгтэй тусгай дүрэм зохиосон болохоор БНМАУ дагахаас өөр аргагүй болжээ. Орос кирилл үсэгт тохируулж үсгийн шинэ дүрэм зохиох үүргийг улс төрийн хэргээр шоронд сууж байгаад дөнгөж саяхан суллагдсан бичгийн их гүүш Дамдинсүрэнд даалгажээ. Долоон зууны турш хэрэглэгдээд хэвшсэн уйгуржин монгол бичгийн уламжлалт үсгийн дүрмийг нь огоороод цоо шинэ дүрэм баримтлах болсон нь олон талаар ухралт болсон юм. Гэвч энэ шинэ үсгийн ачаар богино хугацаанд нийт ард түмнийг бичиг үсэгтэй болгож чадсанаар том дэвшил болсон. Алив үг үсгийг нэг хэлээс нөгөө рүү, нэг аялгаас нөгөө рүү, нэг бичгээс нөгөө рүү галиглахдаа үндсэн хэдэн дүрэм баримтлах шаардлагатай болдог. Аялга авиагаар ижилсүүлэх, үгийг эхтэй нь ижилсүүлэх, орчуулж дөхүүлэх гэсэн өөр өөр арга техник байна. Гэхдээ үндсэн шаардлага гэвэл өгөгдсөн үгийн авиаг хэвээр хадгалах, морфем угшлыг нь хадгалах, хэрэв авиаг нь зөв гаргаж чадахгүй бол уг үгийн гарал үүслийг хадгалах, адил төстэй байдал байвал орлуулах, уламжлал баримтлах гэх мэт. Эдгээр шаардлагыг нэгэн зэрэг бүгдийг нь гүйцээх бололцоо бараг үгүй.
Дамдинсүрэнгийн шинээр зохиосон орос кирилл үсгийн дүрэм нь орос хэлний галиг шууд араасаа дагуулж ирэв. Гэтэл алтай язгуурын залгамал бүтэцтэй монгол хэл, энэтхэг-европ язгуурын орос хэл хоёр нь авиа хэллэг төдийгүй бүтэц найрлагын хувьд ядахнаа төстэй байдал нь ч тун ховор.
Ялангуяа гадаад үгийг өөр рүүгээ галиглахад авиа дуудлага нь шал өөрөөр тусна. Тэмдэгтийн дуудлага нь ихэнх тохиолдолд хоорондоо таарахгүй. Нэгэнт Сталин кирилл үсэгт шилжихийг “зөвшөөрсөн” болохоор (“БНМАУ-ын бичиг үсгийг монгол цагаан толгойноос орос цагаан толгойд шилжихэд татгалзахгүй. Сталин” гэсэн захидал байдаг. Монголоос хэн ингэж санал явуулсныг Сталин “зөвшөөрсөн” юм бол?) Засгийн газрын зөвлөх гэгдэх Приходов, Сидоров нар хэдийгээр монгол хэл огт мэдэхгүй боловч Дамдинсүрэнгийн ажлыг байнга шалгана. Чойбалсан нэг удаа Дамдинсүрэнг ажлаа хийж дуусах дөхөх үед нь дууджээ. Өрөөнд нь Цэдэнбал, Зөвлөлтийн сургагч нар хамт байна. Эрдэмтэн дүрмээ танилцуулаад эхэлтэл оросууд “хатуу, зөөлний тэмдэг хаана байна?” гэж асуулаа. Монгол хэлэнд энэ нь огт хэрэггүй гэж хэчнээн тайлбарлаад нэмэр болсонгүй. Өөрийг нь дэмжих болов уу хэмээн удирдагч нар руугаа хартал “Эдний хэлснээр болъё” гэцгээсэн аж. Орос хэлний бүх үсгийг бүтнээр нь ав гэж шаардсан учир Дамдинсүрэнгийн хасахаар товлосон хатуу зөөлний тэмдэг, щ, жаран нэгийн и зэрэг тэмдэгтүүд бүрнээрээ орж иржээ. Ингээд орос үсгийн 33 тэмдэгт дээр “ө”, “ү” үсэг нэмж 35 болгоод монгол кирилл үсэг зохиогдлоо.
Орос хэлний “В” авиа монгол хэлэнд байдаггүй учир шинэ үсэгт тайлагдаж байх үед хүмүүс ялгахын тулд “хатуу Б”, “зөөлөн Б” гэж сурч байжээ. Доод уруул, дээд шүд шүргүүлсэн “В” авиа үгийн эхэнд байдаггүйгээс тэр. Баар, Баанчиг, Боршилов гэж хэлнэ. Гэтэл англи хэлэнд орос В ч бий (V), монгол В ч бий (W).
Оросууд үүнийг ялгахын тулд V-г В-ээр, W-г УИ, УА, УЭ гэх маягаар галигладаг. Wilson, Wels, Watson нь оросоор Уилсон, Уэлс, Уатсон болдог бол уг нь монголоор Вилсон, Вэлс, Ватсон гэж галиглах ёстой л доо. Монгол хэлээр УЭлс хэж хэлээд үз дээ. Ядаж байхад Дамдинсүрэн орос хэлний “Ү” авиаг эндүүрээд “У” тэмдэгтээр авчээ. Хоолойгоор дуудагддаг “У” авиа ихэнх хэлэнд байдаггүй. Иймээс клУб биш клүүб гэж оросууд ч, монголчууд ч дууддаг биз дээ. Хачирхалтай нь монгол хэлэнд “Ф” авиа байдаггүй гэх авч үгийн дунд эгшгийн араас энэ авиа дуудагддаг нь уФс, дэФс гэдгээс ажиглаж болно. Шүд уруул яг хаагуураа шүргэж байгаагаас болдог бололтой. “Ф” авиаг үгийн эхэнд хэлж чаддаггүй учраас паафрик, пото, параанц гэх мэтээр дууддаг. Орос хэлэнд гадаад үгийг кирилл болгон галигчлах ажил аль Петр хааны үеэс эхэлжээ. Өдий болтол олон дахин засварлагдан шинэчлэгдсэн. Дээр үед Ньютоны нэрийг Невтон гэж бичдэг байж. Хаа явж энэ нь харин монгол дуудлагатай нийцмээр. Нью-Йорк бол лав л монгол дуудлагаар хэлэхийн нөхцөлгүй. “Я”-ын төрлийн үсгийг гийгүүлэгчийн араас залгахдаа хатуу зөөлний тэмдгээр жийрэглэдэг. “Хагас и” бол орос хэлэнд олон тохиолдолд латин тэмдэгтийн “J” (ёот гэж латинаар нэрэлдэг), англи хэлний “Y”-г галигладаг учир Йорк, йод гэх мэтээр бичнэ. Манай “хагас и” бол эгшгийн араас ордог тусдаа авиа. Айраг гээд хэлээд үзээрэй, “хагас и” ердийн “И”-ээс өөр дуудлагатай үнэхээр тусдаа авиа шүү. Монгол уйгуржин бичигт дээр өгүүлсэн англи герман хэлний нэгэн адил “Я”-ийн төрлийн тэмдэгтүүдийг нэгтгэсэн нэг тэмдэгттэй (ёот) ба ард нь ямар эгшиг орсноос хамаарч өөр өөрөөр дуудна. Гэтэл орос хэлэнд үүнийг ялгасан тусдаа тэмдэгтүүдтэй мөртөө зарим газар “Й”-ээр орлуулдаг нь хуучин зарим бичлэгээ авч үлдсэнтэй холбоотой. Уг нь монголоор Йод биш Ёод гэх нь зөв байх.
“Ё” гэсэн тэмдэгт монгол кирилл бичигт их төөрөгдөл буй болгодог. Монгол хэлээр Ёотонгийн “Ё”, Еэвэнгийн “Е” шал өмнөө дуудлагатай, ядахнаа нэг нь эр нөгөө нь эм үгийнх. Орос хэлэнд “Ё” дуудлага бий боловч ихэнх тохиолдолд дээд хоёр цэгийг нь тавьдаггүй.
Саяхан тэнд “Ё” үсгээ сэргээх хөдөлгөөн гарч “Ё” гэсэн хөшөө ч босгосон байна билээ. Зүй нь Горбачёв, Хрущёв гэж бичих ёстой ч оросууд дассан болохоор үүн дээрээ төөрөөд сүүлчийн “е” тэмдэгтийг андуурч буруу дуудаад байдаггүй. Харин гадаад үгийг оросчлон галиглахаар дуудлагын алдаа гаргадаг. Герман хэлний Freud нь “фройд” гэх маягтай дуудагдах ба зөв орос галигаар “фрёйд” гэж бичигдэх ёстой аж. Залхуураад хоёр цэгийг нь орхисноос болж үүнийг фрэйд гэж унших болсон нь монгол дуудлагад мөн алдаатай дуудагдах болсон. Ийм жишээ олон. Орос хэлэнд “Ө” авиа байдаггүй учир голдуу “ё”-оор орлуулдаг, харамсалтай нь дээд хоёр цэгийг нь ихэнхдээ залхуураад тавьдаггүй учир бүүр шал өмнөө дуудлагатай болчихдог. Хаа очиж олон хэлэнд “Ө” авиа бий. Герман, франц хэлний “ө” авиа дөрвөд аялгын “ө”-тэй илүү төстэй гэх мэтийн жаахан ялгаа бий л дээ. Дээр үед “Үнэн” сонинд Францын ерөнхийлөгчийг Франсуа МиттӨран гэж зөв дуудлагаар нь бичсэн байж билээ. Ямар ч байсан түүний нэр МиттЕЭран ч биш, МиттЁОран ч биш. Орос хэлэнд “Ө” авиа тэмдэглэсэн тэмдэгтгүй нь кирилл монгол бичигт ч тусаж бид ер бусын “еӨр”, 90 гэсэн тооны “еЭр” хоёрыг “ер” гэж адилхан бичдэг. “Ү” тэмдэгтэд ч адил бэрхшээл учирна. Орос бичлэгт “Э” тэмдэгт бараг ашигладаггүй. Үгийн эхэнд л бичигддэг ба бусад тохиолдолд “Э” авиаг “Е”-ээр тэмдэглэдэг. Гадаад үгийг галиглахдаа өргөлттэй “Э” авиаг үгийн дунд “э”-ээр нь тэмдэглэх тохиолдол бий. Үгийн дунд үнэхээр еэвэнгийн Е-ээр хэлэгдэх дуудлага байх аваас урд нь зөөлний тэмдэг жийрэглэж (жишээ нь вьетнам) өгнө. Энэ бол орос дуудлагын болон тэмдэгтийн тогтсон дүрэм. Монгол хэлний дуудлагаар еэвэнгийн “Е”-г “еэ”-гээр л дууддаг. Management гэсэн англи үгийг орос бичлэгээр менежмент гээд биччихээр монгол үсгийн дүрмээр “миэнмиэжмиэнт” гэх маягтай дуудагдах гээд байгаа биз? Одоогийн хүүхэд залуус орос хэл гадарлахаа больсон учир еэвэнгийн “е”-г монгол дүрмээр “еэ”-гээр нь дуудаад хачин авиа гаргах болсон байна билээ. Сонирхуулахад хуучны бичлэгт уйгуржин монгол бичгээр ЛЭнин гэж бичдэг байгаад кирилл үсэг орж ирсний дараа ЛЕнин гэж засварлан бичих болсон юм билээ.
“Х” гэж үсэг учир нь олддоггүй нэг тэмдэгт байна. Монгол бичгээр хоолойны ГА, ХА гээд байгаа нь эм үгт ордог Х, Г-ээс шал өөр дуудлагатай төдийгүй өөр тэмдэгтээр бичигддэг. Кирилл үсгээр нэгтгээд нэг тэмдэгтээр илэрхийлэх болсон.
Тухайлбал англи хэлэнд хоолойны “Х”-г “kh”, нөгөөг нь “h”, германаар болохоор харгалзан “ch”, “h” мэтээр ялгамжилдаг. Яг л манай уйгуржин монгол бичиг шиг. Орос галигаар зөөлөн “h”-г “Г” гэж тэмдэглэх ба тэр нь жинхэнэ “Г”-ээс огт ялгаагүй болчхож байгаа юм. Гитлер биш, Хитлер юм л даа.
Адилхан кирилл үсэгтэй болгар, серб хэлэнд Хитлер л гэх юм билээ. Үүнээс болоод зарим нэр танигдахын аргагүй. Германы найрагч Хайнрих Хайнэг Генрих Гейне болгочихно. Уул нь монгол галигаа дагавал Анхбаяр-Ankhbayr, Энхбаяр-Enhbayar баймаар. Герман хэлний “еi” нийлэмжийг “ай” гэж дууддаг боловч бид оросоор дамжуулаад Эйнштейн, Лейпциг гэж бичээд түрүүгээрээ уншдаг. Далимд хэрэхэд Европ зүгийн загалмайн шашинт хэлнүүдэд хаад, хувраг, гэгээнтэн, бурхдын голдуу латин, герег, хэбрай нэрсийг хоорондоо орчуулж нэрлэн бичдэг. Францын хаан Лүи нарыг герман орос хэлэнд Людовиг гэж орчуулна. Англиар Чарлз, франц болохоороо Шарль, испаниар Карол, герман, оросоор Карл болоод явчих жишээтэй. Загалмайн шашинтай биш бидэнд цаад эхээрээ л бичигдэх ёстой болов уу. Нэр орчуулдаг тэдний уламжлалтай холбоотой ч Михаил Жордон, Майкл Горбачёв гэдэггүй байх аа. Галиглахад маш том төөрөгдөл үүсгэдэг үсэг бол “Н” тэмдэгт юм. Бидний одоо “хамрын Н” ŋ, “хэлний Н” гэж ялгаад байгаа авиа нь уйгуржин монголоор тусдаа тэмдэгттэй ба нэгийг нь “энхлэгтэй Н” гэж нэрэлдэг. Лав л европ зүгийн хэлэнд үүнийг “ng” гэж тэмдэглэх ба оросоор ч “нг” гэж бичнэ. Үүнийг ялгахын тулд бага ангийн орос хэлний багш маань “он” буюу “тэр эр” гэсэн орос үгийг “үүнийг он сарын он биш, ооно шаргачингийн ооно-оор дуудна” гэж зааж өгч байж билээ. Монгол хэлний кирилл бичлэгт үгийн бөгсөнд дуудагдах харийн “Н”-ийн ард “нууц” “Г” авиа байдаг нь дагавар авахаар тодордог. Жишээ нь хун гэсэн үг дагавар авахаар “хунГийн” болно. Гэтэл хүн гэсэн үг “хүний” болдог (баруун монголчууд “күнь”, “онь” гэж хэлээд байдаг нь зөв байгаа биз?). Хамрын болон хэлний “Н”-үүд шал өөр дуудлагатай өөр авианууд юм. Монгол хүн монгол кирилл бичлэгээр үүнийгээ алдалгүй хэлчихдэг боловч гадаад үгийг галиглахаар төөрөгдөл үүсээд явчихдаг. Англи хэлний king (хаан) бол кинГ биш, “кин” юм л даа. Зүй нь үүнийг “г” үсэггүйгээр тэмдэглэх ба хэрэв үгийн эцэст буй Н авиа хэлнийх байх юм бол “хань” гэдэг шиг “зөөлний тэмдэг” хавсаргавал цаад дуудлагатайгаа төстэй болно. Гулгадаг цана, цонхны цан хоёрыг латин галигаар тэмдэглэвэл “tsana”, “tsang” гэнэ гээд ойлгочихвол. Өвөр Монголд “Зочин” гэдэг буудал гаднаа латин галигаар “Zoching” гээд бичсэн байна билээ. Хятад хэлний үгсийг кирилл монгол болгон галиглахад ийм алдаа маш их ажиглагддаг. Хятадын хань үндэстний нэрийг “хан” болгож галиглах нь элбэг үзэгдэнэ, уг нь шал өөрөөр дуудагдаж байгаа биз дээ? Вьетнам зэрэг өмнөд азийн хэлнүүд, мөн африк гаралтай үгэнд “хамрын н”-ээр эхэлсэн үг их таардаг. Нгуен гэсэн вьетнам нэр уул нь нГуен биш Н гэж хамраар дуудагдаад араас нь “г” дуудалгүй “үиэнь” гэж залгах учиртай аж. “Хамрын н”-ээр эхэлнэ гэсэн үг. Уйгуржин монгол бичигт ч агшин гэсэн самгард гаралтай үгийг энхлэгтэй Н-ээр эхлүүлж араас нь “шан” гэж залган бичдэг.
Цаад хэлний дуудлагад нь тохируулж хэл болгонд өөр өөрөөр галигладаг дүрэм ихэнх тогтсон хэлний бичлэгт бий. Жишээ нь хэдийгээр адилхан кирилл үсэгтэй ч гэсэн монгол үгийг орос руу галиглах дүрэм гэж байна. Орос хэлэнд хатуу дуудагддаг “ж” авиа байдаггүй учир Жаргал гэсэн монгол нэрийг Д.Жаргал гэж бичнэ.
Тэдний “ж” тэмдэгт нь “жь” гэх маягтай исгэрч хэлэгддэг учир монголтой төстэй хатуу дуудагддаг John, Jerald гэсэн нэрсийг ДЖон, ДЖеральд гэж галиглах жишээтэй. Франц, орос хэлний зөөлөн “жь”-г англи хэлэнд ийм авиа байдаггүй болохоор “zh” гэж “j” тэмдэгтээс ялгаж (ZHukov) бичдэг. Оросоор монголын Завхан-ыг ДЗавхан гэж бичдэг нь бас хатуу “з” авиагүйгээс болдог биз. Сонирхолтой нь буриад аялга зөөлөн “жь”-тэй учир тэднээр “жаргал” гэж хэлүүлээд үзээрэй. Энэ мэтчилэнгээр хятад, япон, солонгос зэрэг хэлний оросчлох галиг тус бүрдээ өөрийн дүрэмтэй, харамсалтай нь тэр нь монгол аялгад дүйдэггүй. Өвлийн олимп болсон Пёнчан хотыг оросоор Пхеньчхан гэж галигласан нь тэдэндээ л зөв болохоос монголоор ингэж үсэгчилж уншвал хачин сонсогдоно. Манайд солонгос хэл нэлээд танил болсон тул зөв дуудлагаар нь бичсэн байсан, гэхдээ үгийн төгсгөл “хамрын Н” атал бас л “Г” үсэг илүүдүүлээд тавьчихсан нь харагдсан. Орос галигаар Сеул гэж бичдэг байсныг эх дуудлагад нь дөхүүлж Сөүл гэх болсон нь сайшаалтай. Орос Хиросима ч монгол Хирошима болсон. Олон жишээ бий. Төвд хэлний бичлэгт огт дуудагддаггүй олон тэмдэгтийг давхарлаж бичдэг, үүнийгээ тусгай дүрмээр уншина. Яг франц хэл шиг. Энэ нь нийлэмж тэмдгүүдийг нийлүүлж өөр дуудлагаар хэлдэг онцлог байх. Төвд нэрийг англи хэлэнд шууд үсэгчлэн галигладаг бол сонирхолтой нь орос бичлэгт монгол дуудлага баримтлан галигладаг. Харамсалтай нь сүүлийн үед англиар Tenzin Gyatso гэж галигласныг оросууд шууд хуулбарлан Тэнцзин Гьямцхо гэх болж. Уг нь төвд үгийн галиглал нэн эртнээс хэрэглэж эхэлсэн манай дуудлагаар одоогийн далай намын нэр Дэнзэнжамц л даа. Хятад үгийг ч монголчлон галиглах олон жилийн туршлага монголчуудад бий. Аль 700 жилийн өмнө монгол үгийг ч хятад ханзаар галиглаж байсан нь “Нууц товчоо”. Төвдийн нэгэн адил хятадтай олон жилийн харилцаатай байсны учир байх. Харин кирилл үсэг хэрэглэснээс хойш нэлээд замбараагаа алдсан. Үнэндээ “хятад” гэсэн нэг хэл байхгүй. Хоорондоо үл ойлголцох 6-10 өөр хэлийг нийлүүлээд “хятад хэл” гэдэг. Кантон (сүүлийн үед гуандон гэх болж) хэл нь мандарин гэх умард хятад хэлтэй огт ойлголцохгүй. Кантончууд вьетнамчуудтай ойлголцоод байдаг мөртөө умардынхантай огт үгүй. Тийм атал вьетнамыг хятад хэл гэхгүй мөртөө кантоныг хятад гэх. Хятадын олон хэл ханз бичгээрээ холбогддог, уншаад биеэ сайн ойлголцоно.
Авиа тэмдэглэх биш бүдүүн тоймоор хэлэхэд юмсыг дуурайлгаад зурчхаж байгаа юм чинь арга ч үгүй биз. “5” гэсэн тэмдэгтийг хэл болгон өөрөөр дуудах боловч бүгд “тав” гэсэн цифр тоо гэж зөв ойлгодогтой төстэй юм уу даа. Тэгж яривал вьетнамчууд ч үсгээ латин болгохоос өмнө ханз хэрэглэдэг байжээ.
Тэд хятад байж байгаад хятад биш болчихсон ч юм уу, нэг л ойлгомжгүй. Хятад-төвд язгуурын хэлнүүд ижил эгшгийг өөр өөр хөгөөр дуудна. Умардынхан 4 хөгтэй бол өмнөдийнхөн 6-7 хөгтэй гэдэг. Латин үсэгтэй болсон вьетнамчууд тэр олон хөгөө ялгахын тулд эгшиг тэмдэгтийн дээр учиргүй олон янз нэмэлт тэмдэглэгээ хийнэ. Вьетнам хүн гараараа юм бичихийг харвал будаа тоншиж буй тахиа шиг тогшоод л байх нь тэр. Харин бусад газар латинчлахдаа энэ олон тэмдгийг нь тоодоггүй, зүгээр л шууд латин 26 үсэгтээ багтаачихдаг. Бүр Тангийн үеэс умард хятадын хэл нийт Хятадын албан хэл болж эхэлжээ. Ингээд 1979 оноос Хятадын бүх хэлний ханзыг латин галигт оруулах пиньинь хэмээх нэгдсэн галигтай болсон. Үүнийг 2006 онд Тайвань хамгийн сүүлд хүлээн зөвшөөрчээ. Сингапур, Хонконг өмнө нь мөрдөх болсон. Пиньинь албан ёсоор зөвшөөрөгдөхөөс өмнө олон хятад хэлийг галиглахдаа янз янзынхыг нь авдаг байв.
Өрнөдийн орнууд болон Японд кантон хэлээс галигладаг байж. Үүний зарим нь ч одоо хадгалагдсаар. Япон орос хэлээр кантон дуудлагаар Пэкин гэсээр байгаа бол англи хэл 1979 оноос Бэйжин гэж галиглах болсон. Хятад хэлнүүд эгшгийн олон хөгтэйгөөс гадна хэр баргийн хэлэнд үгүй хоорондоо маш төстэй гийгүүлэгч авиануудтай.
Хамгийн наад зах нь “Sh” гэж латинчилдаг “ш”, “X” гэж тэмдэглэдэг “ш”. “с”-ийн дундуурх авиа байна. Үүнээс болоод Хятадын одоогийн даргыг манайхан Ши Жинпин, Си Жинпин гэж гэж бичнэ гэж булаацалдах. Уйгуржин монгол бичгээр “Си” гэж бичих юм. Алийг нь дагах вэ? “Х” нь пиньиниэр ингэж бууж байгаа болохоос хуучин галигаар “Hs” гэж буулгадаг байсан нь хаку хэлнээс авсан хэрэг. Ер нь хятад галигийг харахад пиньиниэс өмнөх дуудлага тэмдэглэсэн галиг янз бүр. Жишээлэхэд хятад хэлэнд “р” авиа байдаг байдаггүй гэсэн маргаанаас болоод эртний нүүдэлчдийн жужуан нарыг Rouran, Juanjuan гэж европ зүгийн хэлэнд янз янзаар галиглаж байна. Хятадын төв хэвлэлийн нэр Жэньминьжибао юу, Renmin Ribao юу? Пиньиньд Ch - ийм “ч” ч бий, Q - ийм “ч” ч бий. Гаднын хүнд ялгагдах аргагүй төстэй өөр өөр гийгүүлэгч авиа аль ч хэлэнд бий. Сонирхуулахад польш хэлэнд монгол хэлний “ж”-тэй төстэй долоон тусдаа “ж” маягийн авиа бий. Өөрсдөө л ялгана уу гэхээс хэр баргийн гадаад хүн барахгүй. Үүнийгээ гайхуулж долоон янзын “ж” орсон өгүүлбэр зохиосноо гадаад хүнээр хэлүүлж таашаал авдаг. Энэ тохиолдолд гадаад хэлээр голдуу бүгдийг нь нийлүүлээд ганц галиг үсгээр л тэмдэглэчихдэг. Дүгнэж хэлэхэд 700 жил хэрэглэсэн уйгуржин бичигт төвд, уйгур, түрэг, хятад, манж зэрэг харилцаатай байсан хэлнүүдийн үг үсгийг монгол дуудлагад хувиргах галигтай байжээ. Харин кирилл үсэгтэй болсноос хойш гадаад үгэнд тохирсон галиг үгүйгээс болоод орос хэлний галигийг шууд хуулбарлан хэрэглэх болсон байна. Гэтэл нэгдүгээрт, орос монгол хэлний авиа дуудлага шал өмнөө, хоёрдугаарт, орос хэл нь гадаад хэл болгонд тохируулсан өөрийнх нь тус тусдаа тогтсон галигтай. Ерэн оноос хойш Монгол Улсын гадаад харилцаа эрс өсөж, оросоос өөр хэл эзэмшсэн маш олон хүнтэй боллоо. Нэг сая орчим хүн англи хэл суралцаж байгаа ба орос хэлтний цоо цөөрч байхад зөвхөн солонгос хэлтэй 100 мянган хүн буй болжээ. Хятадад зөвхөн дээд сургуульд гэхэд 15 мянган манай монгол оюутан суралцаж байна.
Португал, перс, украин, хэбрай зэрэг урьд нь хэлийг нь мэддэг ганц ч хүнгүй байсан бид ийм хэл эзэмшсэн цөөнгүй иргэдтэй болжээ. Урьд нь араб, япон, испани зэрэг дэлхийн том хэл сурсан хэдэн монгол хүн байлаа даа?
Юун түрүүн монгол кирилл үсгийг латинчилсан албан ёсны галигтай болмоор байна. Гар утаснаас эхлээд компьютер, захидал цахилгаанаар латин галигаар бараг хүн болгон бичдэг болсон ч батлагдсан галиг үгүй учир авиаг дур дураараа янз бүрээр тэмдэглэж байна. Нэгдсэн албан ёсны галигтай болчихвол хожим латин үсэгт шилжсэн ч тун амар байх болно. Уг нь энэ бол амархан ажил, Засгийн газраас батлахад л болно. Гэхдээ үүнд хэл шинжээчдийг татан оруулж болохгүй, учир нь тэд дүрэм өөрчлөх гээд өөр юм яриад явчихдаг. Зөвхөн тэмдэгтийг л орлуулж, болбол латин 26 үсэгт багтаах тухай ярьж байгаа болохоор хэл шинжлэлд огт падлийгүй юм. Гүйх нохойд баах нохой саад. Нөгөө талаас гадаад үгийг монгол дуудлагад тохируулан кирилл монгол үсэгт орлуулах зайлшгүй шаардлагатай болж байна. “ПХеньЧХаны өвлийн олимп” гэж яриад явбал шараа биз дээ? Кирилл үсэгтэй орос, серб, болгар хэлний нэгэн адил томоохон хэл болгоны авиа дуудлагыг монгол кирилл үсэгт буулгах тус тусын галигтай болох хэрэгтэй. Анхны оролдлогыг НЭПКО компани 2010 онд Британника арван боть хийхдээ туршсан юм. Кирилл үсэгтэй хэлний үгсийг тэр чигээр нь хуулбарлан бичих боловч латин болон өөр бусад бичигтэй томоохон хэлнүүдийн үгсийг монгол кириллээр галиглах түр дүрэм зохиогоод түүндээ тааруулж бичиглэсэн болно. Англи, франц, испани, герман, хятад, япон, солонгос, төвд, зэрэг хэлний үгсийг монгол кириллээр бичиж буулгах жишиг эхэлж зохиогоод түүндээ тулгуурласан болно. Энэ нь их амар юм билээ, учир нь цаашид орчуулж байгаа олон олон номын гадаад нэр томьёог мөнөөх Британникагийн монгол орчуулгын дагуу галиглах болсон. Гэхдээ монгол кирилл бичигт олон жил олон удаа давтагдан бичиж дассан Гитлер, Шекспир Нью-Йорк гэх мэт гадаад нэрс ба үгсийг гар хүрэлгүй хэвээр бичихээр тогтсон.
Баабар
Мягмар - 07 сарын 07,
2026
