sonin.mn

ЖЕНЕВ, 2026 оны долоодугаар сарын 1 /DW/. Европын цөмийн судалгааны байгууллага (CERN) цэнэгжсэн бөөмсийн хурдасгуур буюу Адроны их хурдасгуурыг шинэчлэн сайжруулахаар зургаадугаар сарын 29-ний даваа гаргаас эхлэн дөрвөн жилийн хугацаанд унтраажээ. 


Ийнхүү шинэчлэн сайжруулсны дараа физикийн суурь хуулиудыг судлах боломж улам өргөжинө гэж эрдэмтэд найдаж байна. Шинэчлэлийн явцад төхөөрөмжийн гэрэлтэх хүчийг нэмэгдүүлэх ажээ.


Ингэснээр секундэд мөргөлдөх бөөмсийн тоог 10 дахин олшруулах бөгөөд энэ нь Орчлон ертөнцийг бүрдүүлдэг чухал хэсэг гэгддэг харанхуй материйг судлах шинэ боломжийг олгох юм. Үүний дараа уг хурдасгуурыг "Өндөр гэрэлтэлттэй Адроны их хурдасгуур" гэж нэрлэх ажээ. Төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр "100 дахин их өгөгдөл" хүлээн авах боломжтой болно гэж төслийн удирдагч Маркус Церлаут үзэж байна.


Тэрбээр хүн төрөлхтний одоогоор тайлбарлаж чадаагүй байгаа физикийн үзэгдлүүдийг судлах "шинэ үе шат" эхэлж байна хэмээн онцолжээ. Үүний зэрэгцээ ийм их хэмжээний өгөгдлийг хадгалах боломжгүй байх тул ямар өгөгдлийг хадгалах эсэх шийдвэрийг хиймэл оюуны тусламжтайгаар бодит цагийн горимд гаргах гэнэ. 


Шинэчлэлийг 1.2 тэрбум швейцар франкийн (1.3 тэрбум орчим евро) өртгөөр хийхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу хурдасгуурыг 2030 онд дахин ажиллуулж эхлэх бөгөөд цаашид дахин 10 орчим жил ашиглана. Альпийн нурууны хад асган дунд байрлах Адроны их хурдасгуур бол CERN-ий хамгийн том төсөл бөгөөд 2008 оны есдүгээр сард ашиглалтад оруулжээ.  




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг