sonin.mn

Бөөн хэрэг манджээ, миний эзгүйд. Манай намын үүрийн гишүүдээс нилээн олон нөхөд маань “Буян”-гийн Жаргалсайханы “Хөрөнгөтний Нам”-ын сонгуулийн сурталчилгааг дэмжээд оролцчихож. Энэ үйл ажиллагааг манай намын үүрийн нэгэн манлайлагч нөхөр толгойлсон гэнэ. Тэрбээр таалал төгссөн тул ар гэрийнхэнийг нь хүндэтгэхийн ялдамд, журмын нөхрийн хувьд нэр усыг нь дурьдалгүй “мань эр” гэж нэрлэе. Би бээр ийм нэгэн таагүй мэдээг Нисэх-Биогийн хооронд давхидаг чиглэлийн таксинаас дөнгөж буугаад хөл тавингуутаа сонсдог юм даа. Хэнээс гээч? Биогийн Засаг даргын тамгийн дарга, МАХН (МАН)-ын “хонхорын” (Биогийнхон тэр нутгаа “хонхор” гэдэг юм) нэг удирдагч Сумъягаас. Таксинаас буугаад бага охиноо хөтлөөд гэр лүүгээ алхаж явтал “Муруй шар” гэж “хонхорынхон” нэрлэдэг 4 давхар орон сууцны байшингийн доод давхарт байх Хорооны Засаг даргын тамгийн газраас гарч явсан Сумъяа гуайтай халз таарав. Тэр бээр доогтой жуумагнан надтай мэнд мэдээд, за Отгоо минь танайхан ч хөгөө чирсэн шүү дээ.


Өчигдөр энд болсон “Буян”-гийн Жаргалсайханы намын сонгуулийн өмнөх сурталчилгааны цуглаанд танай нөгөө “мань эр” залуусаа манлайлаад тэднийг дэмжээд “шаачихсан”. Одоо танай нэр дэвшигчийн санал “Хөрөнгөтний Нам”-д хуваагдаж энэ хонхорт шаансгүй болсон.


Өнгөрсөн. Манай хүн найдвартай гарна. Хэдийгээр би өөр намын хүн ч гэсэн танай хэдийг намаасаа урваж өөр намд зүтгэж байгааг хараад дургүй хүрсэн гэж. Чи намайг мэднэ. Би бол, чиний, намайг дайрч загнадагаар бол “архаг улаан коммунист”. Гэсэн хэдий ч би хэзээ ч намынхаа эсрэг ингэж улаан цайм ажиллахгүй, урвахгүй. Арай ч дээ. Би намаа шүүмжлэх нь шүүмжилдэг. Шүүмжилдэг гээд намайг яадаг ч үгүй. Их л сайндаа, намын үүр, хороодын дарга нар, та амаа татаарай л гэдэг. Би, “за чи битгий хуцаад бай” гэчихдэг юм. Намайг одоо хэн ч засахаасаа өнгөрсөн. Би үхэн үхэтлээ хар залуугаасаа зүтгэсэн энэ “Ху” (МАХН) намаараа дуусна. Миний хувьд, ямар намын хэн байх нь хамаагүй, ямар ч “урвагчдад” үнэн дургүй гээд нэг амьсгаагаар урсгав. Их л зэвүү нь хүрч дээ. Энэ талаар юу ч мэдээгүй, сонссондоо итгэхгүй гайхан харж зогсох намайг тэр өрөвдсөн бололтой инээхээ больж халаасаа ухан тамхиа гарган надад сарвайв. Тэгээд намайг татахгүй гэсний тэмдэг болгож толгойгоо сэгсэрсэнд өөрөө нэгийг амандаа зууж тамхиа асаагаад утааг нь үлээнгээ, за ийм л байна даа гээд яваад өглөө. Би гэнэтийн энэ мэдээг сонссоод Биогийн клубын өмнө яахаа мэдэхгүй хэсэг ангайн зогсож байснаа, охиноо гэр лүүгээ яв гээд өөрөө “Унгар 60”-д амьдардаг, бидний “Цэцгээ эгч” гэж нэрлэдэг Эрдэнэцэцэгийнд орлоо.


Тэрбээр хаалгаа онгойлгон намайг ор гэж гараараа дохиж зам тавингаа, мэндийн зөрөөгүй, үгүй чи чинь, яг хэрэгтэй цагт хаашаа дэмий тэнээд алга болчихдог амьтан бэ? Цаана чинь хачин юм болоод байна. Сонсоо юу? “Мань эр” маань нөгөө талд гарч, залуусыг уриалаад хөгөө ч чирч байна даа.


Авгай чинь хэлэв үү, гээд намайг үг дуугаргахгүй дуржигнуулав. Би гэртээ ч орж амжаагүй явна. Болсон явдлыг Сумьяа гуайгаас л хальт сонсоод танайд шууд ороод ирлээ гэв. Ингээд түүний ярихыг сонсож дуусаад хоюулаа “мань эр”-ийнд очъё гэв. Тэр бээр бухимдангуй, бид энэ хонхорт насаараа цуг амьдарч, нэг үйлдвэрт насаа илээж байгаа гэр бүлийн найзууд гэдгийг чи мэднэ, Би тэрэнтэй одоо дахиж найзлахгүй гэж чангарав.“Буян”-гийн Жаргалсайханы намынхан уржигдар, хагас сайнд гэнэт л сурталчилгаагаа эхэлсэн. Үдээс хойш цагаан хоолойтой машинаар зар тарааж хонхорыг сүлжиж өгсөн. Хажуугаар нь тэд нар, гээд намын гишүүн хэдэн нөхдийг нэр заан хэлж, тэд айл амьтнаар гүйлдэж сургаар бол, залууст нь архи тамхи, бусдад нь гурил будаа тарааж, бас хэдэн төгрөг атгуулсан ч юм уу, амалсан ч юм уу, бүү мэд ээ, бүү мэд. Юм юм л хийсэн шиг байна гэж ууртай хэлэв. Тэгээд тэр өдрийнхөө маргааш нь буюу өчигдөр, бүтэн сайнд, тэдний “десант буусан”. “Хөрөнгөтний Нам”-ынхан хөрөнгө мөнгөтөй юм гэсэндээ аархуу л юм байна билээ. Хөгжмийн хамтлаг ирсэн. (Хaмтлагийн нэрийг хэлж байсан ч би мартжээ). Манай хэд уухайлаад л. Би, бүр гайхшаа бараад “Мань эр”-ээс юу болоод байгааг асуусан чинь, “Парламентад олон намын төлөөлөл орвол улс нийгэм, ард түмэнд ашигтай” ч гэнэ үү, нэг хачин юм хэлсэн. Би ойлгосонгүй. Тэгээд л “мань эр” энд тэнд үсчиж, тэдний намынхантай яриад, зөвлөлдөөд л байсан даа. Надтай дахиж юм яриагүй, зугтаад байсан.


Би ч жоохон харж зогсож байгаад дургүй хүрээд тэднийг орхин явж танайх руу очиж, чамайг эзгүй байгаагийн учрыг мэдэхээр авгайтай чинь баахан буу халж, хов базаж суусан. Чамайг зуслан руу аавындаа очихоор бага охиноо дагуулаад явсныг авгайгаас чинь сонслоо. Чи ч мөн цагаа олж явж дээ гэв.


Цөөнгүй жил аавынх Шаргаморьтын зуслангийн өвөр энгэрт, налуу өндөр газар зусдаг байсан юм. Ээж аав хоёр нас ахиад өгсөж уруудах нь улам хэцүү болж тэр жил зуслангийн амбаараа зөөж ахын хашаанд, нам газар буухаар болж, биднийг дайчлан хоёр гурван өдөржин л нүүдэл суудал болов. Би түүнийгээ намын нөхөддөө эртнээс хэлж чөлөө мэдүүлээд явсан юм. Цэцгээ эгчээс нилээн мэдээлэл аваад тэдний утсаар Сонгуулийн Штаб руу залган намын нөхөдтөйгөө ярьж, юу болоод байгааг товч илтгээд, яаралтай уулзах хэрэгтэй байна. Маргааш очино гэж хэллээ. Ийнхүү бид хоёр ярьж суугаад, эгч бээр бага зэрэг тайвширч, хоюулаа гарч “мань эр”-ийнх рүү явлаа. Очсон чинь байсангүй, эхнэртэйгээ хот руу явчихаж. Оройхон манайд Дашзэвэг гуай “За дарга минь...гэсээр орж ирлээ. Тэр бээр болсон явдлыг өөрийнхөөрөө ярьлаа.

 

Өглөө босоод Цэцгээ эгч, Дашзэвэг гуай хоёртой цуг хот орж намынхантай уулзах гээд явах гэж байтал манай тойрогт нэр дэвшигч Г.Ганхуяг, түүний сонгуулийн менежер Б.Буянмөнх хоёр улаан “Лада”-тай давхиж ирэв.


Галсанпунцагийн Ганхуяг бол улс төрийн уугуул гаралын хувьд 1989 онд Шинэ Дэвшилт Холбоо (ШДХ), улмаар 1990 онд түүнээс төрж гарсан Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН)-ыг тус тус үндэслэн байгуулагчдын нэг. Уг нам нь 1995 онд Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН)-д нэгдэхэд үүссэн “Мүдняк” гэдэг нэг том фракцын удирдагчдын нэг юм. Түүнийг фракцуудын тохиролцоогоор, МҮАН-ын 3 дахь өндөр албан тушаал болох Нийслэлийн Намын Хорооны даргаар сонгожээ. Тэрбээр 1996 оны энэ сонгуульд мөн оны хавар байгуулагдсан “Ардчилсан Холбоо Эвсэл” (АХЭ)-ээс манай тойрогт нэр дэвшсэн юм.

 

Зураг дээр: Баруун гар талаас, МҮАН-ын ХУД-ийн 12-р үүрийн дарга Т.Отгонбаяр, МҮАН-ын Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Намын Хорооны дарга Г.Ганхуяг, ХУД-ийн МҮАН-ын Хорооны дарга Жамьян нар. 1996 оны 5-р сар. Сонгогчидтой хийх уулзалтын үеэр.


Манайхан түүнийг зүгээр л “Хуягаа” гэж товчлон нэрлэнэ. Бид байдлыг дахин ярилцаж, юутай ч ирэх хагас сайнд сонгуулийн сурталчилгаа хийхээр тохирч дор дорноо тодорхой үүрэг хүлээж бэлтгэл ажилдаа даруй шуурхайлан орлоо. Орой Цэцгээ эгчийнд хуралдахаар нам холбооны гишүүддээ зар хүргэхээр боллоо. Тэр бол амаргүй ажил. Одоогийнх шиг гар утас, мэсэж энэ тэр гэж байх биш.


Зуны халуунд хөлсөө дуслуулаад, шөнө орой бол нохой гахай шуугиулаад айл өрхийн хашаа хаалгыг нүдэн явган нүцгэн л таваргана даа. Тэгж явахдаа тэр хоёрын авчирсан ухуулах хуудсуудыг тараах давхар ажилтай. Оройн товлосон цагтаа цуглавал ирэх ёстой гишүүд бараглан ирсэн ч, дэмжигчидийн талын тал хүрэхтэй үгүйтэй. 


Энэ нь олон хүн тэр өөдгүй явдлыг сонсоод нүүр бууруулж эхэлсний шинж. Аргагүй шүү дээ. Өөр намын хүн хүртэл зэвүүцэж байхад. “Мань эр” хотоос ирээгүй бололтой гэж зар хүргэснээ дуулгасан нэгэн хэллээ. Ингээд хуралдан дараагийн ажлаа төлөвлөн хувиарлаж авцгаалаа. Шөнө дөл болж гэрийн бараа харж амсхийн, зурагт харж суутал “Мань эр” жоохон халамцуу, хулгасан байртай орж ирлээ. Тэр жижигхэн газар нэгэн цагт “өст хүнтэйгээ Өлийн даваан дээр таарах” нь гарцаагүй тул, зугтах газаргүй болж, эрх биш үүрийн дарга шүү ухаантай юм болохоор, олны өмнө уулзахаас гэрэвшиж, бас чиг гэж хувийн харилцаа найзархаг байсан тул надтай ганцаарчлан нүүр тулж уулзахаар шийдэн орж иржээ. Би түүнийг мэнд мэдэхэд нь хүйтнээр толгой дохиод түүнд юу ч хэлэлгүйгээр намын бичиг баримтууд бүхий хавтаснуудаа өгөхөөр сарвайтал тэр авсангүй. Би хэллээ, чи л намайг шургасаар байгаад өнгөрсөн хавар, Дүүргийн намын хорооны Жамьян, Жаргалсайхан, Батсүх,Далай гуай нарыг дагуулан ирж, татгалзсаар байтал энэ намын үүрийн даргын үүргийг тэднээр ятгуулсаар байгаад надад хүлээлгэсэн. Үнэн биз?


1990 онд ч чи бас л “Манай үйлдвэрийн ч, хорооны ч дарга нар биднийг тоохгүй ээ. Харин чи бол гадны хүн, сэхээтэн, уран бүтээлч хүн. Чиний нэр хэрэгтэй байна” гэж ятгасаар, бас л татгалзсаар байтал МоАХ-ын СЗ-ийн гишүүдэд шургаж тал талаас шахсаар байгаад зохицуулагч болгосон.


Би ардчилсан хувьсгалын эрх ашгийг бодоод зөвшөөрч байсан. Өнгөрсөн хавар ч мөн тэглээ. Чамд би итгэж, намын дотоод асуудлыг хариуцуулсан. Гэтэл чи юу хийв?Миний тэвчээр дууслаа. Чи энэ намаа ав. Ер нь байнаа, би чамд нэг юм хэлье. Би Монгол улсыг ардчилж яваа улс гэж боддог. Одоо “Ардчилсан Үндсэн Хууль”-тай болсон учир, миний хувьд аль нам нь засаг төр барих, хэн хэн гишүүн сайд дарга болох нь надад сонин биш. Сонгууль будлиантай, хэрүүл уруултай болдог ч, Төрийн нуруу төвшин байдаг учир аль ч нам ялсан ардчилалаас ухрахгүй гэж би итгэж байгаа. Одоо ингээд би улс төрөөс гарч уран бүтээлээ хөөх минь. Ганц итгэж байсан хүн чи итгэл эвдлээ.


Энэ хонхорт МоАХ, МҮАН, АХЭ гэж байна уу, үгүй юу, ардчилал ялах уу үгүй юу, одоо надад падгүй гэж баахан хаазлав. “Мань эр” хулган байснаа, чи хэнд ч битгий хэлээрэй гээд ээрч мууран үнэнээ хэлж эхэллээ. Түүний ярьснаар бол, “мань эр”-ийг “Буян”-гийн Жаргалсайханы “Хөрөнгөтний Нам”-ын “сайн эрс” ирж дарамталсан гэнэ.


Тэд бол хотын хулигаанууд л даа. “Мань эр” хүүхэд насандаа тэдгээрийн нэгэнтэй Биогийн 10 жилд цуг сурч байхдаа түүнийг нөхдүүдтэйгээ бүлэглэн дээрэлхэдэг, өнөөх нь түүнд хонзогнож, эгзэг нь таарвал эвгүй юм хийчих гээд зовоодог гэнэ. Хожим тэд “Хойд хар гэрт” хэсэг цуг байхдаа л түүний нэг айхтар дарамтад орсон бололтой юм. Гэхдээ, яг чухам юугаар нь тэгж барьцаалагдснаа хэлсэнгүй. Асуусан чинь, за чи хөгшнийгөө битгий тэгж зовоо л доо гэх. Би бээр “Мань эр”-ийн нөлөө энэ хонхорт, ялангуяа залууст тодорхой хэмжээгээр байдаг гэдгийг мэдэх учир түүнийг эгнээсээнээ шахаж болохгүй гэдгийг ойлгож байлаа. Дээрхи эвгүй явдлыг зохион байгуулсан түүнийг намаас хөөх, эс тэгвэл би энэ намаас гарна гээд манай зарим нөхөд уурандаа хэлж л байсан.


Би тэдэнд, одоо эвдэрч байдаг цаг биш. Тэгээд ч олон жил та нартай хамт ажиллаж амьдарсан, найзалсан, бидний журмын нөхөр маань, гадны хөндлөнгийн дарамтад орж том алдаа хийлээ. Өөрөө ч дотроо гэмшиж яваа гэдгээ хэллээ. Уучлал гуйлаа. Одоо хэдүүлээ түүнийг нь уучлах хэрэгтэй байна.


Тэгээд ч цаадуул нь, сонгуулийн дараа Биогийг хонхорт жижиг теле студи нээж, антенн босгож өгье гэж амалж. Түүний үгээр бол, тэд “Мань эр”-ийг нам эвслээсээ гар барь гээгүй, зүгээр энэ хамтлагийн тоглолт дээр залуусыг олноор нь оролцоход уриалж туслаарай л гэсэн юм байна. Тэднийгээ халаагаарай гээд гашуун ундаа ч юм уу, мөнгө ч юм уу өгөх нь өгсөн бололтой. Уучилцгаая, Ингэж би тэднийг тайвшруулж байв. Энэ бүхнийг би бээр, нэр дэвшигч Г,Ганхуяг, түүний сонгуулийн менежер Б.Буянмөнх хоёрт ярьж өглөө. “Мань эр”-ийг тал талаас шахаж сонгуулийн гол ачааг түүнд үүрүүлье гэж намын үүр дотроо тохирсныг ч хэллээ. Тэд ч бас үүнийг хамгийн зөв хувилбар байна гэцгээв. Ингээд тэр бүтэн сайндаа сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. “Мань эр” ч биднийг муухай аашлаагүйд баярласан ч биз, бид ч бас өнгөрснийг мартан хамтдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээсэн.


Ийнхүү 1996.06.30-нд сонгууль болдогоороо болж, мэдээжийн хэрэг, саналын тодорхой хэсэг нь “Хөрөнгөтний Нам” руу урсаж, манай нэр дэвшигч Галсанпунцагийн Ганхуяг маань “хонхор”-т годройтосон хэдий ч сонгуулийн 62-р тойрогийн нийт дүнгээрээ ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.


Хоржоонтой нь, манай Биогийн намын үүрийнхнийг “Нэр дэвшигчээ андуураад “Антеннд” саналаа өгдөг” гэдэг онигоо гарсан хөгжилтөй дурсамж үлдэснийг санах хүн байгалийн жамаар даанч их цөөрч дээ. Энийг бичингээ л бодож суухад, 1990,1992 оны УИХ-ын сонгуульд жижиг намууд “биеэ үнэлдэг” явдал байгаагүй дээ. Магадгүй хаа нэгтэй байсан ч юм уу, мэдэхгүй. Харин энэ 1996 оны сонгуулиар, яг манай тойрогт ийм явдал болсныг бол өөрийн биеэр үзэж мэдэрсэн. 1990 оноос хойш манай улс төрчид гадаадын туршлагыг идэвхитэй судлаж, сайн муу юм зөндөө сурч ирсэн “тэргүүн туршлага” нь одоо ч бүр “төгс төгөлдөр” болсон шиг байна. 1996 оны сонгуульд “Ардчилсан Холбоо” Эвсэл УИХ-ын 76 мандатын 50-ийг авч ялалт байгуулсан түүхтэй. Өнөөдөр яг 30 жилийн ойн тохиож байгаа учир үүнийг бичиглэв. Дараагийн нийтлэлийг “Ардчилсан Холбоо Эвсэл”-ийн дарамт” гарчигтай бичиж байна.



Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.06.30