sonin.mn

Францын Лореаль компани ухаалаг савлагааны бүтээлч төвөө анх удаа танилцуулж, Германы Сименс Эрүүл мэндийн технологийн компани Хятадад үйлдвэрлэсэн анхны дээд зэрэглэлийн компьютерт томографийн төхөөрөмжөө дэлгэн үзүүлэн, Америкийн Медтроник компани хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн цогц шийдлээ танилцууллаа. Зургаадугаар сарын 22–26-нд болсон Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих IV удаагийн экспог сурвалжилсан сэтгүүлчийн хамгийн тод сэтгэгдэл нь тоон, ухаалаг технологи үйлдвэрлэлийн бүхий л сүлжээнд шинэ эрч хүч өгч, эдгээр олон улсын шинэчлэлийн үр дүн бодит хэрэглээнд нэвтрэхэд “Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ” гол тулгуур болж байгаа явдал байв.


Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн Хятадын бүсийн ерөнхий менежер Дай Миндэ хэлэхдээ, Хятадын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд энэхүү экспо нь олон улсын компаниудыг Хятадын түншүүдтэй холбосон мэргэжлийн индэр болж чадсан гэж үнэлжээ.


Дэлхийд анх удаа ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаанд төвлөрсөн үндэсний хэмжээний энэхүү үзэсгэлэнд 85 улс орон, бүс нутгийн 1200 гаруй аж ахуйн нэгж оролцсон нь шинэ дээд амжилт тогтоов. Үүнээс гадаадын оролцогчдын эзлэх хувь 36.5 хувьд хүрч, дэлхийн шилдэг 500 компани болон салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд нийт оролцогчдын 65 гаруй хувийг бүрдүүлжээ. Мөн гадаад, дотоодын 115 байгууллага дараагийн удаагийн экспод оролцохоо урьдчилан баталгаажуулсан нь өмнөх оныхоос 12.7 хувиар өссөн үзүүлэлт болж, экспогийн нэр хүнд улам өсөн нэмэгдэж байгааг харууллаа.


Энэ удаагийн экспогийн бас нэг онцлог нь тоон, ухаалаг технологи болон шинэчлэлийн агуулга улам бүр нэмэгдсэн явдал байв. Үзэсгэлэнгийн танхимуудад хүн дүрст роботууд өргөнөөр ашиглагдаж, “Тоон технологийн сүлжээ” үзэсгэлэнг “Тоон, ухаалаг технологийн сүлжээ” болгон өргөжүүлжээ. Мөн анх удаа хиймэл оюун ухааны тусгай үзэсгэлэнгийн хэсгийг байгуулж, шинэчлэлийн сүлжээний үзэсгэлэнг шинэчлэн сайжруулсан нь Хятад улс дэлхийн тоон, ухаалаг үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг зорьж буйг тодорхой харууллаа.




Экспогийн үеэр нийтэлсэн “Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих тайлан”-д дурдсанаар, 2018–2025 оны хооронд дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний хөгжлийн индекс, холболтын индекс, шинэчлэлийн индекс болон тогтвортой байдлын индексүүд тогтмол өссөн байна. Үүнд Хятад улс дэлхийн ханган нийлүүлэлтийн хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг тасралтгүй бий болгож иржээ. Энэ удаагийн экспогийн цар хүрээ, үр дүн нь дэлхийн нөхцөл байдал хэдий ээдрээтэй байсан ч хамтын ажиллагаа улам чухал болохыг, дэлхийн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн шинэчлэл “Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ”-нээс салшгүй холбоотойг дахин нотоллоо.


Экспогийн үеэр олон улсын компаниудын төлөөлөгчид “Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ”-ний давуу талыг өндрөөр үнэлжээ. “Хамгийн өндөр үр ашигтай ханган нийлүүлэлтийн сүлжээ”, “үйлдвэрлэлийн бүрэн тогтолцоотой”, “үйл ажиллагааны найдвартай түшиг” зэрэг үнэлгээ олонтаа сонсогдсон байна.


Америкийн Медтроник компанийн олон улсын ахлах дэд ерөнхийлөгч бөгөөд Хятадын бүсийн ерөнхийлөгч Гү Юйшао хэлэхдээ, Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ уян хатан, түргэн шуурхай ажилладаг бөгөөд зарим Хятадын түншүүд ердөө 24 цагийн дотор шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүний загвар гаргаж чаддаг нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн гэжээ.


Нэг ширхэг уруулын будгаас эхлээд нэг автомашин хүртэл үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлага хоорондоо нягт уялдаатай байдаг. Асар том зах зээл, иж бүрэн бөгөөд тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцоо, тасралтгүй өсөн нэмэгдэж буй шинэчлэлийн чадавхад тулгуурлан “Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ” дэлхий дахинд шинэ боломжуудыг бий болгосоор байна. Ялангуяа хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед Хятад улс шинэчлэлийн сүлжээ болон үйлдвэрлэлийн сүлжээг нягт уялдуулж, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний шинэчлэлийн чухал хөдөлгөгч хүч болж байна.


Германы Сименс Эрүүл мэндийн технологийн компаниийн Хятадын бүсийн ерөнхийлөгч Ван Хао хэлэхдээ, Хятадын шинэчлэлийн чадавх нь компанийн дэлхий дахины судалгаа, хөгжүүлэлтийн бүтцэд гүнзгий нөлөө үзүүлж байгаа бөгөөд олон шинэ бүтээгдэхүүнд Хятадын судалгааны багийн үндсэн технологийг ашиглаж байна гэжээ.


Америкийн Тесла компанийн төлөөлөгч хэлэхдээ, дэлхийд эрэлттэй автомашины загваруудаас эхлээд Шанхай дахь супер үйлдвэр хүртэлх хөгжлийн үндсэн чиглэл нь “Хятадад үйлдвэрлэж, дэлхийтэй холбогдох” үзэл санаа болсон гэж онцоллоо.


Францын Лореаль компанийн Хойд Ази, Хятадын үйл ажиллагаа хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Пьер Марион хэлэхдээ, хиймэл оюун ухааныг Сүжөү дахь үйлдвэр, савлагааны бүтээлч төв болон үйл ажиллагааны төвүүдэд өргөнөөр нэвтрүүлснээр илүү ухаалаг, аюулгүй, байгальд ээлтэй ханган нийлүүлэлтийн сүлжээ бүрдүүлсэн бөгөөд үүнд Хятадын олон компанийн шинэчлэл, технологийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.


Дэлхий дахинд хамгаалалтын бодлого нэмэгдэж, геополитикийн зөрчил хурцдаж буй өнөө үед “Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ” нь дэлхийн ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл болсоор байна.


Никарагуагийн ерөнхийлөгчийн зөвлөх Лауреано Ортега хэлэхдээ, “Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ” хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлж байгаа бөгөөд энэ нь Никарагуа улс энэхүү экспод оролцох гол шалтгаан болсон гэжээ.


Сербийн худалдааны сайд Лазаревич хэлэхдээ, Хятад улс үйлдвэрлэлийн цогц төлөвлөлтийнхөө ачаар дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний бүтээн байгуулалтыг тэргүүлж байгаа бөгөөд энэхүү экспо нь чөлөөт худалдааг хамгаалах, үйлдвэрлэлийн сүлжээний тогтвортой байдлыг бэхжүүлэх, дэлхийн худалдааны тогтвортой хөгжлийг дэмжих нийтлэг хүсэл эрмэлзлийг тодорхой илэрхийлж байна гэжээ.


Өнөөдөр улам олон үндэстэн дамнасан компанийн хувьд “Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ” нь ирээдүйтэй холбогдох хамгийн чухал сонголт болж байна. Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих IV удаагийн экспо амжилттай өндөрлөсөн ч дэлхийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны шинэ түүх үргэлжилсээр байх болно. Инновац, ухаалаг хөгжлийг манлайлагч “Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ” цаашид дэлхийн ханган нийлүүлэлтийн тогтолцоонд улам гүнзгий нэгдэж, дэлхийн аж үйлдвэр, эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү их тогтвортой байдал, тодорхой байдлыг авчран, улс орнуудыг дэлхийтэй холбогдож, ирээдүйгээ хамтдаа бүтээхэд хүчтэй дэмжлэг үзүүлэх болно.